УИХ-ын дарга М.Энхболд өдөр тутмын сонин болон зарим цахим хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Мэгдэгдэлд, "Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.
Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.
Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.
Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.
Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье" гэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна