Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод энэ сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.
Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм гэдгийг хэллээ.
Мөн төсөл санаачлагч гишүүдийн нэг-Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм гэсэн нэмэлт тайлбар өгөв. Түүнчлэн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн юм.
Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.
Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн гэр бүл, үр хүүхдэд улсаас зохих нөхөх олговор олгох талаар Улс Их Хурал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаатгах ажлыг эцэс болгохоор шийдвэрлэлээ. Цаашид хэлмэгдүүлэлтийн аливаа хэлбэрийг дахин гаргуулахгүй байхад төрөөс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод төсөл санаачлагч гишүүд болон Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна