Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

2018/01/14
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
 
Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, мөн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 
​Үндэсний бөхийн барилдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр "Монгол бөхийнхөө өргөөнд хуран цугласан бөх сонирхогчид, уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүд, Монголын нийт ард түмэндээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баяр. Өвөг дээдсээс өвлөсөн түүх, соёлын өвөрмөц байдлаа бид хадгалан буйн бахархал. Дэлхийн улс орнуудтай хөл нийлэн, мөр зэрэгцэн алхаж яваагийн омогшил. Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь мөн болохын баталгаа юм.
 
Энэ түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа монголчууд та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Уламжлал ёсоор зохион байгуулж байгаа Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 26 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээснийг мэдэгдье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай" гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна