Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч Баттулга, цэргийн социализмаа яаж байгуулах юм бол?!

2018/01/17
Баттулга, Хойд Солонгосоос цэргийн социализм байгуулах санааг олж ирсэн. Одоо манай намын үзэл баримтлалд тусгуулахаар ажиллаж байгаа. Үзэл баримтлалын нэмэлт өөрчлөлтийн төсөлд "...зэвсэгт хүчнийг...улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцуулна." гэсэн томъёоллоор оруулахаар бэлдсэн байгаа! Тэгэхээр, манай суралцах туршлага болохоор байгаа Хойд Солонгосын эдийн засаг яаж ажилладаг болохыг эхлээд товчхон дурдъя.

90-ээд онд социалист орнуудын эдийн засаг дампуурахад Хойд Солонгосын эдийн засаг мөн адилхан дампуурсан.Магадгүй,нийтийг хамарсан өлсгөлөнтэй залгасныг бодоход бусдаас ч илүү аймшигтай дампуурсан байх. Дампуурал нь ийм онцгой байсны нэг шалтгаан бол социалист орнууд дотроо хүртэл хамгийн хаалттай эдийн засагтай байсных.

Санхүү нь хомсдож хөрөнгө оруулах эх үүсвэр бараг тэглэсэн.Тийм учраас эдийн засгийг албадлагын хөдөлмөрөөр хүчилж явуулахаас өөр сонголт үлдээгүй.Ямартаа ч цэргийн бүтээн байгуулалт руу бүрэн шилжсэн.

Өнөөдөр Хойд Солонгос 2 сая байнгын цэрэгтэй.Цэргийн албыг, эрэгтэй хүн 13 жил, эмэгтэй хүн 8 жил хаана. Түр цэргийн албыг 8 сая хүн хааж байна. Энэ их цэргийг 2500 орчим генерал удирдана.

Ийм армиар "бүтээн байгуулалт" хийж буй. Цэргийн ажлын хөлсийг нь данс нээн бичилт хийж байгаад халагдахад нь өгдөг. Хөдөлмөрийн орлого нь цэрэг халагдах хүртэл худалдан авах үйл ажиллагаанд буюу эдийн засгийн эргэлтэд ордоггүй гэсэн үг.

Хар захын ханшаар бодвол төрийн албан хаагчид сарын 5 орчим долларын цалинтай. Харин генералууд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь маш баян.

Тийм хүмүүс орой бааранд, нэг бүр нь 5 долларын үнэ бүхий лаазтай шар айргийг овоолоод сууж байх юм гэнэ билээ.

Барилга байшин барьж байгааг нь харахад техник, машин механизм бараг ашиглахгүй, хүн хүчийг дайчилж субботник маягаар хийнэ. Байшинг, шоргоолж үүрээ босгож байгаатай адил босгоно. Цэргүүд нь манлайлаад энгийн иргэд туслах байдлаар, бөөнөөрөө овооролдон бужигнаад босгоно. 60 давхар байшинг ч тэгж босгоно.

Өнөөдөр Хойд Солонгос албадлагын хөдөлмөрийн хүчээр арайхийн оршин тогтнож байна.Гэхдээ тэд ганцаараа биш. Венесуэль араас нь явах гэж байна.

Цэргийн хурандаа Уго Чавес мөнөөх дэлхий даяар дампуурчхаад байгаа социализмыг Венесуэльдээ байгуулахаар шийдсэн. Одоо Мадуро үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа. 

Тэд, хамгийн их газрын тостой орны нэг гэдэгтээ эрдээд бензинийг үнэгүй болгов. Газрын тосны болоод стратегийн гэгдэх том компаниудыг төрд хурааж аваад, генералуудыг захирлаар нь тавьсан. 

Энэ мэт хувийн болон нийтийн өмчийг хураасаар,сүүлийн үед жижиглэн худалдаа эрхэлдэг дэлгүүр, сүлжээний эздэд бараагаа зарах үнийг нь тогтоон тулгаад, эс биелүүлбэлшоронд хорьж, өмчийг нь шууд хураан авч цэргийнхний мэдэлд өгдөг болсон. Цэргийнхэн, багахан шалтаг гарахад л өмч хөрөнгийг нь хурааж авдаг ёс тогтсон. Мадуро ч өөрөө генералуудынхаа гарт бүрэн орсон гэнэ!

Мэдээж лангуун дээр бараа байхгүй болсон.Наад захын хоол хүнс олж авах гэж хөрш орнуудын хил нээгдэхэд хэдэн арван мянгаараа дайрч орж байна. Дээрэм тонуул тасрахаа больсон. Инфляц замаа алдсан.Өнгөрсөн жил 3200 хувьтай байсан бол энэ жил 14000 хувьтай болох төлөвтэй. Инфляцаар тогтохгүй, иргэний дайн болох магадлал маш өндөр болсныг шинжээчид хэлж байгаа.

Социалист эдийн засаг зайлшгүй сүйрэлд хүрдэг нь онол болоод туршлагаар бүрэн нотлогдсон.Коммунист удирдлагатай Хятад, Вьетнамын удирдагч нар хүртэл зах зээлийн эдийн засгийн төлөө тууштай байгаа.

Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Ерөнхийлөгч маань "цэргийн социализм" байгуулна гээд байгаа нь бүр гайхаш тасармаар юм. Яагаад ингэх болов? Яаж хэрэгжүүлэх юм бол?

500 мянган залуучуудыг (энэ тоог Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан твиттердсэн ) цэрэгт татах юм гэнэ.Эрэгтэй,эмэгтэй ялгалгүй цэргийн алба хаадаг байна. Цэргийн албаны хугацаа 3 жил болох юм. Аргагүй,нэг жилд хийгдэх бүтээн байгуулалт гэж байхгүй шүү дээ.

Ийм их нүсэр армитай улс дэлхийд, их гүрнүүд болон Хойд солонгос мэтийг эс тооцвол маш цөөн.Манай түүхэнд огт байгаагүй.

500 мянган залуусыг байрлуулж хооллож,унтуулах ёстой.Дор хаяж 200 мянга нь охид байж таарна. Хоол унд, ариун цэврийн хэрэгсэл,бүсгүйчүүдэд зориулсан тусгай байр гээд замаа алдсан их зүйлээр хангана.

Тэгэхээр цэргийн ангиудын казарм, хуаранг бүгдийг шинэчилж таарна.Одоо байгаа нь 60 жил гар хүрээгүй хуучин байр.Бас шинийг барина.Төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын зам, талбар дагуу цэргийн хотхон, хөдөлмөрийн хуаран босгоно.

Энэ их хөрөнгө оруулалт,урсгал зардлын мөнгө хаана байгаа юм бэ? Японы эдийн засаг ч бараг дийлэхгүй их хөрөнгө!

Баттулга бизнес эрхэлж байсан хүн учраас аргатай , мөнгө оллоо гэж бодъё! 

Тэгтэл залуус маань цэргийн "цалин" голоод Солонгос явна гэвэл яах вэ? Гадаад явах эрхийг нь хаах хууль гаргах уу?Цагдаа, цэргүүдийг дайчлан албадан авчрах уу? Охидыгоо орилуулаад чирээд ачих уу? Цэргээс оргон зайлсан гээд залуусаа яллавал зөндөө шорон барих хэрэгтэй болно.Ахиад бөөн хөрөнгө!

Бүтээн байгуулалтын цэрэгт ажлын байраа алдсан мянга мянган хүмүүс яах билээ? Бид ажил хийе гэвэл заавал цэрэгт явж мөрдэс зүү гэх үү? Би эхнэр хүүхдийнхээ хамт хоночхоод өдөртөө гэрээсээ ажилдаа явна гэвэл бас заавал хуаранд байлгана гэх юм уу?

Бизнесгүй болсон зам, барилга, уул уурхайн компаниудад хаанаас ажил олж өгөх вэ? Тэд дампуурчихвал татвар төлөх этгээдгүй болж төсвийн хомсдолд орно шүү дээ!

Уул уурхай, төмөр зам, даацын зам зэрэг үлэмж их хэмжээний бүтээн байгуулалтыг генералууд гардаж хариуцах нь байна. 

Мадурогийн туршлагыг нутагшуулж стратегийн ордууд болон бүтээн байгуулалтыг цэргийн эрхтнүүдэд өгөх бололтой юм . Баахан генерал захиралтай лүнзгэр том төрийн өмчийн компаниуд гарах нь ээ? Эх орноо батлан хамгаалах ёстой генералууд маань наймаа ярьж явах нь ээ дээ?

Төрөөс төрсөн тэрбумтнуудаа яая гэж байхад армиас төрсөн тэрбумтан генералуудтай болно.Генералууд бизнесээ булаацалдаад хоорондоо тэмцэлдээд унавал яах юм бэ? Венесүэльд яг тийм аюул нүүрлээд байгаа.

Генералууд бизнесийнхээ эрх ашгийг хамгаалаад төрийг самраад байдаг болбол мөн аюулаа ?! УИХ-ын гишүүд бизнесээ булаацалдаад төрөө хангалтай самарч байгаа л даа. Гэтэл бас цэргийн эрхтнүүд нэмэгдэх болж байна. Төсвөө батлуулах гэж лоббидоод, хайгуулаар олдсон ордуудын төлөө өрсөлдөөд болохгүй бол "цэрэглэн мордох" гээд байвал яах юм болж байна?!

Хоёр хөрш маань 500 мянган цэрэгтэй бас нэг Хойд Солонгос мэт "тэсрэх бөмбөг" шиг улсыг дундаа бөөцийлөөд байх юм уу? Үгүй л болов уу!

Энэ мэт урган гарах олон асуултыг хариулах гэж оролдох бүрийд стратегийн бүтээн байгуулалтад цэргийг оролцуулах нэрийдлээр цэргийн социализм байгуулах санаа Ким Чен Ун болон Мадуро шиг эрх мэдэл,эд баялагт шунасан хүний авантюризм л юм.

Баттулга хар ухаан сайтай хүн. Зандаахүүгийн Энхболд Зөвлөлт Холбоот Улс болон Америкийн Нэгдсэн Улсыг аль алинд нь дээд сургууль дүүргэсэн, боловсролтой нэгэн.

З.Энхболд Зөвлөлтөд сурч байхад, Байгал-Амарын төмөр зам нэртэй, эрин зууны бүтээн байгуулалт гэж өргөмжлөгдсөн төсөл хэрэгжиж байсан.Төслийн зорилго нь

Орос орны европын хэсгийг Алс Дорнодтой холбох иж бүрэн дэд бүтцийг барих явдал.

Тэр үед Зөвлөлт нь дарангуйлан захирах ёс бүхий дэглэмтэй орон байлаа. БАМ-ын бүтээн байгуулалтад цэргийн хүчийг санааныхаа зоргоор дайчлах эрх улсын удирдагч нарт нь байсан.Анх ингэж бодож байсан гэдэг.

Гэтэл,анхааралтай судлаад үзэхэд олон сая өрх айл,залуу гэр бүл ажлын байраа алдаж төлбөрийн чадваргүй болсноор эрэлтын хомсдолд орсон үйлдвэрүүд дампуурч улсын эдийн засаг хямрах аюултай байж ! Асар том дэд бүтцийг дагаад хот тосгон байгуулагдах бус, дан цэргийн хуаран болчих гээд байж ! Бас зэвсэгт хүчин нь тэр чигтээ байлдааны үүрэг гүйцэтгэх чадваргүй барилгын цэрэг болчих тул армийн удирдлагууд нь дүргүйцээд байж ! Ийнхүү олон ноцтой сөрөг үр дагавар хойно хойноосоо ярайжээ. Тэгээд , цэргийн бүтээн байгуулалт гэдэг санааг "хол чулуудсан" юм.

Дөвчин коммунистуудын аварга гүрэн, стратегийн төслөө цэргээр хийлгэж зүрхлээгүйг З.Энхболд мэдмээр сэн.

Миний мэдэхийн Х.Баттулга,З.Энхболд хоёр тэнэг хүмүүс биш.Харин улс төрд их уран мэхтэй болох нь улам бүр тодорч харагдаад байх болсон. Цэргийн социализм байгуулах "тунхаглал" ямар зорилготой,ямар уран мэх юм бол? 

Нийгэм утга учраа алдах үед, хийтэй үг яриа, фантаз, миф л олон түмнийг дагуулах увдистай болдог.Ийм байдлыг Муссолини, Гитлер нар тун чадварлаг ашигласан юм даг.

Одоо манай нийгэмд, улстөрчдийн "поп урлаг"-аас болоод утга учиртай гэхээр юм масс дунд тун бага үлдсэн.Үүнийг бид "онлайн монгол"-оос олоод харчихаж болно.

Нийгмийн абсурд байдлыг харсан манай хоёр, зориуд олон түмнийфантазийг нь өрдөх "уран мэхийг уралдуулж" байгаа юм болов уу? Тэгээд явж явж дарангуйлал тогтоох гээд байгаа юм болов уу?

Ямар ч байсан энэ асуултын хариуг үр хүүхдээ эрх чөлөөтэй амьдруулахыг хүсдэг хүн бүр тунгаан бодвол сайн сан. Нэн ялангуяа ардчиллын "сүүлчийн могикан"-ууд бүр их хичээх хэрэгтэй!

Э.Бат-Үүл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна