Сэтгүүлч Б.Ууганбаяртай ярилцлаа. Түүний хувьд Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаж байгааг шүүмжлэж суухаасаа илүү засах, залруулах тал дээр бид өөрсдөө ажиллах ёстой гэсэн байр суурьтай нэгэн. Мөн сэтгүүлчийн давтан сургалтын асуудлыг хөндөж ярьдаг юм.
-Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжил зөв замаар явж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжил гэж ярих юм бол хуучин нийгмийн үе болон Ардчилсан нийгмийн үе гэж харж болох байх. Өнгөрсөн цаг үеэ муулж, шинэ зүйлийг хөгжил гэж харах нь буруу гэж боддог. Авах гээхийн ухаанаар асуудалд хандах нь зүйтэй юм. Монголын сэтгүүл зүйн хөгжил шат шатаар л ахиж явна. Өнөөдөр 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хэд хэдэн судалгааны байгууллага гаргажээ. Энэ тоо бол нэг талаасаа хэт олон мэт боловч нөгөө талдаа олон ургалч үзлийг бий болгох эерэг талтай гэж хардаг. Олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг дагаад олон ургалч үзэл байж байгаа.
-Гэхдээ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа ч чанар, хүртээмж гэдэг асуудал байхгүй ш дээ.
-Өнөөдөр олон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа боловсон хүчний дутагдалд оруулж байгаатай санал нийлнэ. Сургууль төгсөөд ирсэн залуу сэтгүүлчийг тухайн байгууллага нь дор хаяж нэг жил сургаж байна. Нөгөө талдаа нэг авсан сэтгүүлчдээ нэмж мэргэшүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллага нь санаачлага муутай. Хүн хүч цөөн гэдэг шалтгаанаар сургах цагийг гаргаж өгдөггүй. Үүнээс улбаалж, бидэн шиг сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар хоцрогдож эхэлдэг. Энэ бүхэн нь эргээд сэтгүүл зүйн нэр хүндтэй шууд холбогдоно. Ингээд харах юм бол Монголын сэтгүүл зүй хөгжил урагшлах замдаа л унаж босоод л явж байна. Алдаа бас оноо байгаа.
-Сэтгүүл зүйн хөгжлийн зам алдаатай гэдэгтэй та санал нийлж байна. Тэр алдааг хэн засах ёстой вэ?
-Сэтгүүл зүй бол энэ салбарт ажиллаж байгаа 4 мянган хүний мэдэх зүйл биш. Энэ бол Монголын бүх хүний мэдэх эрх. Энэ эрхийг хамгаалах үүрэг нь харин тэр ажиллаж байгаа 4 мянган хүнд байна. Тэд л алдаагаа засаж, үүргээ үүрэх хэрэгтэй. Өнөөдөр сэтгүүлчид бусад салбарыг бурууг баримт дээр тулгуурлаж ташуурддаг. Харин өөрсдийнхөө бурууг шүүх тал дээр учир дутагдалтай явж ирлээ. Бид энэ дутагдлаа засахгүй бол Монголын сэтгүүл зүйн нэр хүнд улам л унах эрсдэлтэй байна. Сэтгүүлчийн үг хүчтэй, нөлөөтэй байдаг. Тэр нөлөө, хүчийг замхруулах сонирхол хэсэг бүлэгт байгаа. Өмнө нь ч байсан. Өнөөдөр ч байна. Энэхүү хүсэл сонирхолтой хүмүүс сэтгүүлчийн алдаан дээр л ажиллаж, бидний нэр хүндийг унагаах гэж зүтгэж байна. Үүнийг алхам тутамдаа сэтгүүлчид анхаарч, бусдад боломжийг олгохгүй байх л хэрэгтэй. Эндээс л бидний салбараа хамгаалах, салбарынхаа хөгжлийн урагшлуулах ажил эхлэх учиртай юм. Нийгмийн сүлжээгээр сэтгүүлчдийг муулах, нэр хүндийг нь бууруулах гэсэн санаархал маш их илрэх боллоо. Ийм хэсэг бүлэгт өгөөш өгч, өөрсдийгөө муухай харагдуулахгүй байх нь сэтгүүлч бидний үүрэг гэх үү дээ.
-Таны түрүүний үгэнд сэтгүүлчийн ур чадвар, мэдлэг боловсролын асуудал хөндөгдсөн. Энэ бол мэдээж хэрэг сэтгүүл зүйн хөгжилтэй салшгүй холбоотой.
-Сэтгүүлчид нэг талаасаа мэдээлэл ихтэй. Нөгөө талдаа бас мэдээлэл багатай хүмүүс гэж хэлж болохын. Уншигчид мэдээлэлгүй сэтгүүлч юугаа хүргэдэг юм гэх байх л даа. Монголын хэвлэл мэдээллийн олон байгууллага сэтгүүлчдээ мэргэшүүлж эхэлж байна. Энэ бол маш том давуу тал. Тэр утгаараа яг хариуцсан салбарынхаа мэдээллийг мэддэг. Баримт, фактыг нь уншдаг. Харин бусад мэдээллийг авахдаа сэтгүүлчид хойрго гэхэд болно. Үүний улмаас нэг мэдэхэд өөрсдөө хөгжлөөс хоцорч эхэлдэг. Сэтгүүлч бол өдөр бүр, алхам тутамдаа суралцах шаардлагатай мэргэжил. Уншигч, үзэгч, сонсогч бүр ухаантай. Тэдний мэдлэг, мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж байна. Иймээс тэднээс бид хоцорч болохгүй. Ийм л учраас сэтгүүлчдийг дахин дахин сургалтад хамруулах шаардлагатай юм. Нөгөө талдаа сэтгүүлчдийн баримталж, анхаарч ажиллах нэг сургалт бол ёс зүй. Ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх нь Монголын хөгжлийн том тулгуур гэж бодож байна
-Сэтгүүлчийн ёс зүй гэдэг бол амьсгалах агаар нь байх ёстой. Гэвч ёс зүйгээ умартаж, сэвтээгч нар энэ салбарт их болжээ.
-Бидний мөрдөг болгох ёстой 2 том баримт бичиг бэлэн байна. Нэг нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурлаас батлагдсан “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим” Энэ нь 10 зүйлтэй. 2005 оноос хойш бид мөрдөж байгаа. Нөгөөх нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2014 онд гаргасан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” гээд 9 зүйлтэй дотроо задаргаатай баримт бичиг байна. Энэ 2 бол Монголын сэтгүүлчийн хэмжээ хязгаарын орон зай гэж боддог. Үүнийгээ л мөрдөхөд бид ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх бүрэн боломжтой. Ийм боломж байхад ёс зүйгүй сэтгүүлч гэж бурууг өгч дайрахаасаа илүү засч залруулах л та бидний үүрэг гэж харж байна.
-Гэхдээ л шантаажны сэтгүүл зүй, шантаажны сэтгүүлч гэх шүүмж биднийг дайрч давшилж байна шүү дээ. Бид ч энэ тухай хоорондоо ярьдаг.
-Маш харамсалтай нь ийм яриа бидний салбарын нэр хүндийг л доош нь татаж байна. Шантаажны сэтгүүл зүй байхгүй гэж хэлж болохгүй. Хэсэгхэн хүрээнд, маш цөөхөн хүмүүсийн дунд ийм зүйл байна. Энэ нь эргээд бүхэл бүтэн 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 4 мянган хүнийг бүгд шантаажчин гэж хараах үндэслэл биш л дээ. Бүгд л шударга, ёс зүйтэй байхын төлөө л хичээж ажиллаж байгаа. Ёс зүйгээ умартаж, улс төр, бизнесийн хүрээнийхнийг айлгаж, тав арван төгрөг авах гэж өнөөх шантааж хийж байгаа цөөхөн хүмүүсийн орон зай хумигдах болно. Үүнийг эрүүл, ёс зүйтэй сэтгүүлчид маань л шахаад гаргачих болно гэдэгт итгэлтэй байна.
-Сайтын холбоо, телевизүүдийн холбоо гэдэг нэртэй холбоод бас л мөнгө хөөж, нөгөө талдаа хэвлэлийн худалдаг гэх шүүмжлэлийг та юу гэх үү?
-Өнөөдөр хэвлэл мэдээллийн олон холбоо үйл ажиллагаа явуулж байна. Нэг хэсэг нь бизнесийн зарчим дээр тулгуурлаж нэгддэг. Нөгөө хэсэг нь илүү эрх ашгаа хамгаалах гэж нэгдэж байгаа. Тэдний буруу биш. Хаана ч байдаг л тогтолцоо. Харин нэгдэл нь нэг хэсэг хүнд үйлчлэх үү? Эсвэл нийт салбарын эрх ашигт үйлчлэх үү гэдгийг л холбоод бодож, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Зарим талаараа дээрх холбоод эрх ашгаа хамгаалж, төр засгийн буруу шийдвэрийг залруулах чиглэлд ажиллаж байгааг сайшаадаг.
-Гэхдээ л ихэнх хэвлэл мэдээллийн холбоод бол эзэд, гүйцэтгэх удирдлага дээр түшиглэж байгуулагдсан. Тэдэнд л үйлчилдэг биш гэж үү?
-Бас тэгж өрөөсгөл харж болохгүй байх. Гэхдээ ийм шүүмж байна гэдгийг бас хүлээн авах нь зөв болов уу. Үүний цаана унах унаагүй, цүнхээ бариад мэдээнд гүйж байгаа сэтгүүлч холбооноос дэмжлэг хүсч байгаан байна гэдэг талаас нь харах ёстой. Нөгөө талдаа холбоод илүү эрх ашгаа хамгаалсан, сэтгүүлчээ өндөрт өргөх, нэр хүндийг нь өсгөх ажлыг түлхүү хийх цаг болжээ л гэж бодож байна.
-Эзэд, гүйцэтгэх удирдлагын төвшний нэгдсэн холбоодыг татан буулгаж болно биз дээ. Тэд тийм хэрэгтэй юм гэж үү?
-Тэднийг шууд татан буугд гэж хэлэх нь маш буруу гэж бодож байна. Харин тэдний нэгдлийг ашиглаж, бас тэдний тусламжийг сэтгүүлч бид авах ёстой. Тэд бол том боломж, том нөөц бололцоо. Эзэд, гүйцэтгэх удирдлагын төвшинд тохиролцсон асуудал шийдэгдэх боломжтой. Тухайлбал нэг телевиз гадаадад нэг хоёр жил маш сайн мэргэжилтэн бэлтгэж чадахгүй. Тэгэхээр холбоогоороо дамжуулан нэг хүнийг сургаж, тэр нь ирээд телевизийнхэнд сургалт явуулж болно шүү дээ. Ийм нэгдэл бол эзэд, гүйцэтгэх удирдлагын төвшинд хэрэгжих магадлал маш өндөр юм.
-Заримдаа ч нийгмийн сүлжээнд сэтгүүлч гэж ирээд л муулах хүний тоо нэмэгдээд байх шиг. Яагаад ийм болчхов?
-Нэмэгдэж байна уу. Эсвэл нэмэгдэж байгаа мэт харагдуулж байна уу гэдгийг тунгаах ёстой. Зарим мэдээлэл дээр сэтгүүлчийг харлуулах гэсэн зориуд явуулга явж байна. Энэ нь тэр мэдээллийг сэтгүүлчид анхаарах ёсгүй. Нөгөө талдаа анхаарсан нөхцөлд иргэд итгэхгүй байлгах арга байж магадгүй. Үүний нөгөө талд нь сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний шуугианыг дагаж гүйж болохгүй. Бидний зарим нь нийгмийн сүлжээний шуугианыг дагаж гүйх гээд байна. Үүнийг анхаарах ёстой. Сэтгүүл зүй бол мэргэжлийн мэдээлэл түгээгч. Харин нийгмийн сүлжээ бол нийтийн сэтгэгдэл гэж боддог. Сэтгүүлч нар нийгмийн сүлжээг ажиглах ёстой. Харин түүнд автаж болохгүй. Угтаа бол нийгмийн сүлжээнд бичсэн сэтгэгдлээс илүү сэтгүүлчийн бичсэн нийтлэл, мэдээ нь шийдвэр гаргах төвшний хүмүүсийг цочроодог байх ёстой. Тэгж чадвал сэтгүүлчийн нэр хүнд өсч, бас нөлөө нь нэмэгдэнэ.
-Гэхдээ сүүлдээ ч сэтгүүлч гэж хэлэхээсээ айдаг боллоо. Тэгж хэлэхгүй явах нь амар ч юм шиг.
-Өнөөдөр сэтгүүлчийн нэр хүндийг өндөр өргөж, энэ салбарыг магнай болсон олон ах, эгч нар байна. Бас бидний үеийнхэн ч энэ нэр хүндийг тээж л явна. Мэдээж хэрэг дөнгөж энэ салбарт хөл тавьж байгаа сэтгүүлч ч ялгаагүй. Гол нь дээр хэлсэн маш цөөхөн хүний буруу үйлдэл энэ салбарыг бүхэлд нь харлуулах шалтаг болох ёсгүй. Тэд удахгүй аяндаа арчигдах болно. Өнөөдөр тэдний лай ланчиг нь лизингийн байртай болж, гэр бүлээ тэжээхийн төлөө зүтгэж яваа сэтгүүлч дээр л ирж байна. Үүнийг өөрчлөх үүрэг нь бид бүгдэд байгаа. Бид дуу хоолой нэг, бас дээр хэлсэн ёс зүйн зарчимдаа үнэнч байж, тэр болохгүй нөхдийг салбараасаа түрэх л хэрэгтэй. Нөгөө нэг нь сэтгүүлч бид нийгмийн сүлжээнээс ялгарах хамгийн том баялаг бол баримт юм. Баримттай сэтгүүл зүй байгаа цагт мэдээлэл үнэн бодитой, дээр нь иргэдийн итгэл үнэмшил өндөр байна.
-Баримттай сэтгүүл зүй байгаа. Гэхдээ бас зарим талдаа үүнийгээ сэтгүүлч нар мартчихаад байна. Тэгээд эргээд буруудаж байх шиг.
-Яг үнэн. Баримттай, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар олон. Тэд өнөөдөр илүү чанга дуугарч, илүү далайцтай ажиллах хэрэгтэй. Нөгөө талдаа тэд зөвхөн байгууллага дотроо л анхаарах биш салбартаа анхаарах цаг болсон. Сэтгүүлч бидний нэг том дутагдал нь зөвхөн өмнөх ажлаа л нухаад байдагт оршдог гэж боддог юм. Одоо бид сэтгүүл зүйдээ хайртай л сэрэх цаг болсон. Өөрийнхөө салбарыг анхаарч, алдаагаа засаж, зөв замаараа л явах ёстой. Сэтгүүлч бид бусад салбарын алдааг засаж залруулахын төлөө баримт гаргаж, баримт дээр тулгуурлаж хэлдэг бол одоо өөрийнхөө салбарт үүнийгээ бас хэрэгжүүлж, болохгүйгээ хэлж, засах цаг гэж бодож байна.
-Баримт бас дахин баримт гэж мэддэг сэтгүүлч ховордлоо гэж зарим ахмад буурлууд зандардаг. Үнэн ч юм шиг. Та санал нийлэх үү?
-Энэ хавар Хэвлэлийн Эрх Чөлөө Төв” Төрийн бус байгууллагын сэтгүүлч найз нартайгаа хамтран “Сэтгүүлчийн ёс зүй” хэмээх сургалтын зохион байгуулж үзлээ. Энэ сургалтын нэг онцлог нь уг сургалт нь сэтгүүлч сэтгүүлчдээ сургасан явдал байв. Үнэхээр өгөөжтэй болсон гэж сургалтад оролцсон найз нөхөд, дүү нар маань хэлсэн. Бид ахмад сэтгүүлчдээсээ суралцаж, үеийн найз нөхдөөсөө мэдлэгийг нь хуваалцаж, дүү нараасаа ч бас сурах ёстой. Ингэж явахгүйгээр сэтгүүлч хөгжихгүй. Нөгөө талдаа бид боломжоо ашиглах тал дээр хойрго байна.
-Нээрээ ч бид боломжоо ашиглахгүй, суралцаж хөгжих тал дээр санаачлага бага гэдэгтэй санал нийлнэ шүү.
-Сэтгүүлчдийг сургалтад хамруулая гэж олон байгууллага хүсдэг. Гэвч тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь нэг талаасаа хамруулдаггүй, нөгөө талдаа сэтгүүлч бас сонирхож очдоггүй. Энэ дутагдлаа бид өөрсдөө л засах хэрэгтэй. Бид шүүмжлэхдээ сайн. Харин оролцоод хийхдээ хэр билээ гэдгээ тунгаах нь нэг талаасаа бид салбарынхаа хөгжлийн зөв замд оруулах нэг шат байж мэднэ.
-Сэтгүүл зүйн салбарынхаа хөгжилд оролцож, бодлого хэрэгжүүлнэ гэхээр хандах газар байхгүй ш дээ.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллага байгаа. Энэ байгууллага нэг үеэ бодвол сэтгүүлчдийн үгийг сонсдог, бас анхаардаг болсон гэж бодож байгаа. Одоо цаашид илүү ажиллах ёстой. Тэдний хамгийн гол ажил нь сэтгүүлчдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, сургалт, судалгаа байх ёстой гэж хардаг. Удахгүй энэ байгууллагын ээлжит их хурал болно. Үүнд сэтгүүлчид маань анхаарал хандуулж, өөрт байдаг гомдол, санал шүүмжлэлээ илгээх л хэрэгтэй. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө л дуугарах ёстой.Өөрөө оролцоогүй, өөрөө санаачлага гаргаагүй хэрнээ бусдыг шүүмжлэх нь өрөөсгөл ойлголт юм. Тэр утгаараа сэтгүүлчдээ уг хуралд анхаарал хандуулж, салбарынхаа засаж, залруулах ёстой зүйлээ хэлэлцэх хэрэгтэй л гэж бодож байна.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллагын үр нөлөө, өгөөжийг хүртсэн сэтгүүлчийг би лав сонсоогүй.
-Яг ингэж бодоод л яваад байдаг. Би ч бас л тэгж явж ирсэн. Гэхдээ яагаад бид энэ байгууллагыг өөрсдийнхөө өмнөөс ажиллуулдаг, өөрсдийнхөө төлөө ажил хийлгэдэг болгож болохгүй гэж вэ? Би сүүлийн хэдэн жил боломжийнхоо төвшинд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажил хийсэн гэж бодож байна. Энэ ажлыг нь илүү сайжруулж үргэлжлүүлэх үүрэг нь сэтгүүл зүйн салбарынхан бидэнд л байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна