Казуо Ишигуро: Би өөрийн амжилтыг бичсэн номынхоо тоогоор хэмждэггүй

2018/02/09

Нобелийн шагналт зохиолч, өсвөр насны уншигчдийн шүтээн болсон Казуо Ишигурогийн The Talks сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

- Ноён Ишигуро, та урд нь өөрийнхөө номыг хуучин номын дэлгүүрүүдээс олж байв уу? Хэрвээ тийм бол танд тэр үед ямар санагдаж байсан бэ?

- Тийм ээ, тохиолдож байсан. Тиймэрхүү зүйл надад гунигтай, хэцүү санагддаг. Намайг шууд утгаараа гоочилж, шүүмжилж байна гэсэн үг шүү дээ! /инээв/ Гэхдээ хэрвээ миний ном тэнд байхгүй бол би бас л гунигладаг. Учир нь хэн ч миний номыг бусадтай солилцож уншихыг хүсэхгүй байна гэсэн үг шүү дээ. 

- Зохиолч хүнд эмзэг, мэдрэмтгий байдлаа орхиж, ичих нүүрэндээ илгэ наах үе хэрэгтэй байдаг гэж та боддог уу?

- Тийм шүү, жишээлбэл би дуусгаагүй номоо эхнэртээ үзүүлдэггүй. Учир нь би түүнтэй анх танилцахдаа зохиолч болохыг мөрөөддөг, их сургуулиа ч төгсөөгүй бацаан байсан юм. Би эхнэрийнхээ нүдэнд одоо ч тэр үеийнх шигээ харагддаг байх нь шүү дээ. 2004 онд ''Газар доорх аварга'' нэртэй номоо бичиж эхлээд удаагүй байхдаа эхнэртээ уншуулахад тэр намайг шоолж инээсэн. Түүнд миний зохиол хогийн санагдсан гэсэн. Гэхдээ надад эхнэрийн шүүмжгүйгээр зохиол бичнэ гэдэг байж боломгүй санагддаг.

Image result for KAZUO ISHIGURO AND WIFE

- Таныг Зохиолчийн шагнал авснаас хойш эхнэр тань шүүмжлэхээ больсон уу?

- Түүнд миний шагнал нэг их нөлөөлөөгүй, намайг шүүмжилсээр л байгаа. Бид ер нь үргэлж л маргалдаж байдаг юм. Миний бичсэн зохиол, бусад зохиолчдийн бүтээл, үзсэн кино, жүжиг гээд бүхий л зүйл дээр бид санал зөрж маргадаг. 1980 оноос хойш 38 жилийн турш маргалдаж байна. Би түүнтэй зарим зүйл дээр санал нийлж, зарим зүйл дээр санал зөрдөг. Тэр өөрийн үзэл бодолдоо хүчтэй зогсож чаддаг бүсгүй учир би түүнийг хүндэлдэг.

- Та эхнэрийнхээ шүүмжлэлээс болж зорилгодоо бууж өгч байв уу?

- Үгүй ээ, миний эхнэр ''Чи энийг зөв хийгээгүй байна, чи төлөвлөсөн зүйлдээ хүрч чадаагүй байна'' гэж шүүмжилдэг болохоос хэзээ ч ''Чиний зорилго ''тэнэг'' байна'' гэж хэлж байгаагүй. 

- 14 жилийн өмнө бичиж эхэлсэн ''Газар доорх аварга'' ном уншигчдийн хүртээл болох гэж ингэтлээ удсаны шалтгаан юу вэ?

- Би бичсэн номоо ''хаячихдаг'' юм. Хэдэн жил орхичхоод эргэж бичдэг. ''Намайг хэзээ ч битгий явуул'' номоо л гэхэд гурван удаа орхиж байж бичсэн юм шүү. Би бичсэн зүйлээ, олсон санаагаа нэг тийш нь болгочхоод 2-3 жилийн дараа эргээд ирэхэд миний төсөөлөл баяжиж, илүү сайн зүйл бичих үндэс суурьтай болсон байдаг.

Image result for THE BURIED GIANT 

- Номоо бичиж дуусгах үеийн мэдрэмж ямар байдаг вэ? Бидэнтэй хуваалцаач.

- Инээдэмтэй сонсогдож магадгүй ч би хэзээ ч бичсэн зүйлээ яг таг дууссан гэж бодож байгаагүй. Хөл бөмбөгийн тэмцээн дууслаа гэхэд шүгэл дуугарч, тамирчид нэг бол ялж, эсвэл ялагдсан байдаг шүү дээ. Харин зохиолч хүний хувьд шүгэл дуугарч бүх юм дуусах үе ирдэггүй. Үргэлж бичсэн зүйлээ шинэчлэх, үргэлжлүүлэх хүсэл төрж байдаг. Ном хэвлэгдэж, худалдаанд гарсан ч гэсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонсож, засаж өөрчилмөөр санагдах үе бий.

Image result for NEVER LET ME GO

- Та 35 жилийн турш утга зохиолын салбарт зүтгэхдээ найман ном л гаргасан. Танд илүү ихийг бичих ёстой гэсэн дарамт мэдрэгддэг үү?

- Миний амьдралдаа мөрддөг нэг зарчим гэвэл би өөрийнхөө амьдрал, амжилтыг бичсэн номынхоо тоогоор хэмждэггүй. Хүний бүтээлч байдал, авьяас билгийг яаруулж болохгүй. Би дэлхийн утга зохиолд чанартай цөөн тооны ном бичиж, хувь нэмэр оруулна гэж боддог. Нэгэнт байдаг л зохиолуудтай адил ном бичиж, тэр уул овоо шиг номууд дээр давхарлаад яах вэ. Би хэрэгтэй гэвэл нэг номыг бүхий л насаараа бичиж чадна. Өөрийгөө яаруулах хүсэл надад байхгүй.

- Та зохиол бичихдээ эхлээд орчныг нь төсөөлдөг үү, эсвэл үйл явдлыг төсөөлдөг үү?

- Би эхлээд үйл явдлуудыг зохиодог. Гэхдээ дараа нь миний зохиосон түүх хаана, хэдэн оны үед болж өнгөрөх талаар зохиох гэж нэлээд төвөгтэй ажил тулгардаг. Миний зохиолуудад хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг учир хөгжмийг ч мөн сонгох хэрэг гарна. Хүний дурсамж тэр үед сонсож байсан хөгжмийг сонсох үед шууд л сэргэдэг. Тиймээс би хүмүүст төрүүлэхийг, ойлгуулахыг хүсэж буй мэдрэмжээ хөгжмөөр дамжуулж илэрхийлж буй мэт ойлгомжтой дүрслэн бичих эрмэлзэлтэй.


- Хөгжмөөс авдаг мэдрэмжийг цаасан дээр бичигдсэн үг болгон ''орчуулах'' хэцүү байдаг уу? Та хэрхэн орчуулдаг аргаасаа хуваалцаач?

- Зохиолчид үгийг багаж болгон ашигладаг  учир логик сэтгэлгээ сайн хөгжсөн байдаг. Харин хөгжимчин, хөгжмийн зохиолч, зураач нар юмсыг хязгааргүйгээр сэтгэж, логик аргыг тэр бүр ашигладаггүй. Тиймээс би зөвхөн логик талыг барьсан зохиолч байхаасаа илүүтэйгээр хөгжимчин хүн шиг хязгааргүй сэтгэж, уншигчдад шинэ зүйлийг мэдрүүлэхийг хүсдэг.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна