Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үетэй нийцэхгүй, зарим талаар хоцрогдож байгаа учир шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.
Шинэчилсэн найруулгын төсөлд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцохоор тусгажээ.
Мөн ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тодорхой болгосон байна.
Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулжээ.
Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан байна.
Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоо бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.
Түүнчлэн уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулах зэрэг олон заалтыг нэмжээ.
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. 2023 он хүртэл бүх нийтийн эрх зүйн боловсролыг таслалтгүй дээшлүүлэх тогтолцоо бүрдүүлж, бэхжүүлэх чиглэлээр 105 арга хэмжээ хэрэгжүүлэх юм.
Эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалт, туслалцаа, судалгаа хийх нь бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гол арга зам гэж үзэж байна. Хууль зүйн туслалцааны хоёр шатлалтай үйлчилгээг хөгжүүлэх, анхан шатны зөвлөгөө, үйлчилгээг хуульчид, өмгөөлөгчдөөс гадна эрх зүйн хөтөч, клиник сургалтын төвүүдээр үзүүлэхээр хөтөлбөрт тусгажээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгөөс санхүүжүүлэх юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр эрх зүйн боловсролын үндэсний тогтолцоо бүрдэж, мэдээлэл, сургалт, сурталчилгааны нэгдсэн сүлжээ, боловсон хүчин, материаллаг бааз бий болно. Цаашид иргэдийн эрх зүйн боловсролыг тасралтгүй хөгжүүлэх төлөвшүүлэх нөхцөл бүрдэж, хүний эрхийг хамгаалан бэхжүүлэхтэй холбоотой хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд бодитой ахиц, дэвшил гарна гэж Засгийн газар үзлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна