Дэлхийн том хотууд дараагийн 10 жилд түлшээр явдаг нийтийн тээврээс татгалзаж, цахилгаан эко автобусаар иргэдэд үйлчилж, бүс нутгаа бохирдолгүй болгохоор зорьж ажиллаж байгаа билээ. Ингэснээр цахилгаан автобус, цахилгаан суудлын тэрэг үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өсөж, нэр хүнд өссөөр байгаа билээ. Америкийн томоохон цахилгаан авто машины компани болох Протерра ч бусдаас хол хоцрохгүй байхыг уриа болгон ажиллаж байгаа бөгөөд хамгийн шилдэг бүтээлүүдийг гаргахаар сүүлийн 10 жил ажиллаж байгаа юм. Тэд өнгөрсөн жил дэлхийн дээд амжилтыг тогтоож, Catalyst E2 Max цахилгаан автобусаар 1760 км туулсан амжилтыг үзүүлсэн юм. Энэ нь дахин цэнэглэхээс өмнө цахилгаан тээврийн хэрэгслээр хамгийн хол зам туулсан дээд амжилт юм.
Catalyst E2 загварын зай хураагуур 660 кВт багтаамжтай бөгөөд энэ нь зах зээл дээр байгаа ижил төрлийн тээврийн хэрэгслээс хэд дахин илүү багтаамжтай. Жишээлбэл Tesla-ийн Model S-ийн 75 кВт зай хураагуураас бараг ес дахин их байгаа билээ. Catalyst E2 загварын туулсан зай хэдий зорчигчгүй, зогсолтгүйгээр явсан зай бөгөөд өнгөрсөн оны 11-р сард албан ёсоор нийтийн хэрэглээнд гарснаар загварын туулах зайг 424 км хэмээн тодорхойлсон юм. Энэ нь энэхүү автобус бүтэн өдрийн туршид явах тохиолдолд 2 удаа цэнэглэх хэрэгтэй гэсэн үг юм.
Catalyst E2 загвар маш их эрэлттэй байгаа бөгөөд оны эхэнд Лос Анжелес хот 25 ширхэгийг захиалсан бол ирэх онд ахин ийм хэмжээгээр авахаар болжээ. Мөн Эдминтон хот 2020 онд 25, Торонто ирэх жил 10 авах захиалга ирүүлжээ. Энэ онд Вашингтонд 15, Нью-Йоркод 5, Грийнсбород 4, Сан Хосед 8 Catalyst E2 автобус нийтийн тээвэрт явж эхэлжээ. Протерра компани энэ жилээс эхлэн шинэ загвар болох Е2600 загварыг туршилтанд оруулж байгаа бөгөөд энэ нь Catalyst E2 загвараас 2 дахин илүү хүчин чадалтай юм байна. Америкийн том хотууд 2025 он гэхэд түлш хэрэглэдэг нийтийн тээврийг халж, цахилгаан автобус хэрэглэхээр болоод байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна