Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон төлөөллүүдийн нэг “Bloomberg” телевиз өнгөрсөн оны 12-р сард нэгэн судалгаа гаргажээ. Тухайн судалгаанд нийтийн тээвэртээ хамгийн олон цахилгаан автобус ашигладаг улсуудыг тодруулсан байна. Энэхүү судалгааг манай өмнөд хөрш хол тасархай тэргүүлжээ.
Судалгаагаар Хятад улс 2011-2016 оны хооронд 227434 цахилгаан автобусыг нийтийн тээвэртээ шинээр ашигласан гэнэ. Анх 2011 онд Хятад улс 1136 цахилгаан автобус нийтийн тээвэртээ хэрэглэж эхэлсэн бол 2016 онд энэ тоо 137 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Энэ тоо сүүлийн 2 жилийн хугацаанд өсөж байгаа юм.
Манай өмнөд хөрш 2020 он гэхэд улс орон даяараа 800 мянган цахилгаан авто машин цэнэглэх станц байгуулах зорилтыг тавин ажиллаж байгаа юм. Эдгээр цахилгаан станц ашиглалтанд орвол цахилгаан автобуснаас гадна цахилгаанаар явдаг такси, хувийн унааны тоо өсөх юм. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах хятадын засгийн газрын бодлогын нэгээхэн хэсэг нь амжилттай хэрэгжиж эхэлнэ.
Манай улсын хувьд утаа, агаарын бохирдол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд маш том асуудал, сэдэв болоод байгаа. Айл өрхийн нүүрсний утаанаас гадна автомашины утаа агаарын бохирдлын дийлэнх хувийг эзлэж байна. Нийслэл хотын нийтийн тээвэрт явж байгаа нэг автобус жилдээ дундажаар 45 сая төгрөгний шатахуун хэрэглэдэг. Мөн агаарт 1 тонн гаруй хорт бодис ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Харин нэг цахилгаан автобус жилд 6 сая 600 мянган төгрөгний үнэ бүхий цахилгаан хэрэглэх юм. Ингэснээр нийтийн тээврийн төсөвт ойролцоогоор 38 сая төгрөг хэмнэж, агаарт ялгаруулах хорт бодисийн хэмжээг бууруулах боломжтой билээ. Иймээс манай улс ойрын жилүүдэд нийтийн тээврийн салбараа цахилгаан автобусаар солих ажлыг эхлүүлэх нь зөв болов уу.
Сэтгэгдэл бичигдээгүй байна