Лхагва гарагт Японы баруун эргийн Оки арал дээр БНАСАУ-ын дөрвөн иргэн завиар хүрч очсон тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв. Эдгээр иргэдийг тус улсын холбогдох албаныхан хамгаалалтандаа аваад байгаа аж.
БНАСАУ-ын дөрвөн иргэн холбогдох албаны хүмүүст өөрсдийн нэр, төрсөн он, сар, өдөр болон 9.3 метр урт, 2.4 метр өргөн модон завиныхаа талаар хэлсэн гэж цагдаагийн газраас мэдээллээ.
Япон тэнгис дэх Оки арлын Окиношима тосгоны оршин суугч 83 настай эмэгтэй Такеко Мураками анх тэднийг олж харсан бөгөөд орон нутгийн цагдаагийн газарт дуудлага өгчээ.
Мөн тэрбээр далайд даарч, ядарч ирсэн эрчүүдэд цагаан будаагаар хийсэн хүнсний зүйлээр тусалсан байна.
“Би тэдний хэлийг ойлгохгүй байсан ч тэднээс огт айгаагүй. Тэдний нэг нь толгой бөхийж надад талархсан, тэгээд би тэдэнд гадуур хүрмээ тайлж өгсөн” гэж тэрбээр хэлжээ.
Албаны хүмүүс таамаглаж байгаагаар тус завины хөдөлгүүрт доголдол гарсны улмаас урсгал даган хөвж ирсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна