Исламын шашны хавчлага мөрдлөг болон гэр бүлийн хүчирхийллээс зугтан эх орноо орхисон Саудын Арабын 18 настай охин Бангкокийн нисэх онгоцны буудалд саатаж, гуравдагч орноос орогнол хүссэн нь энэ долоо хоногийн олон улсын анхаарлыг татсан гол мэдээллүүдийн нэг болоод байв. Мягмар гаригт түүнд НҮБ-ээс дүрвэгчийн статус олгожээ.
Аль-Күнүн Саудын Арабаас Австрали руу нисэх зорилготой байсан ч эхлээд Тайланд руу очихоор шийджээ. Гэвч Бангкокийн нисэх онгоцны буудал дээр ирээд виз хүсэх өргөдөл гаргах үед нь түүнийг бичиг баримтын зөрчилтэй гэж үзэн эцэг эхийнх нь амьдардаг Кувейт улс руу буцаахаар шийдвэрлэсэн байна. Тиймээс Кувейт руу явах дараагийн нислэг хүртэл нисэх буудлын транзит зочид буудалд байрлуулж байсан ч тэрбээр явахаас татгалзан, өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжиж, эсэргүүцэл үзүүлсэн гэнэ.
Рахаф Мухаммед Мутлак ал-Күнүн Даваа гаригт өөрийн Твиттер хуудсандаа дүрвэгчийн статус олж авах хүсэлтэй байгаа, мөн исламын шашнаас болон өөрийг нь байнга хүчирхийлэн, тамладаг гэр бүлээсээ зугтахад нь туслах ямар ч орон руу явахад бэлэн байгаагаа бичиж байв. Тэрбээр гэрээсээ зугтахын өмнө үсээ дур мэдэн тайрснаас болж хагас жилийн турш гэртээ түгжигдэн, хорионд байсан талаараа мөн ярьжээ.
Түүний нөхцөл байдлыг харгалзан үзээд Тайландын эрх баригчид тав хоног Бангкокт орогнох зөвшөөрлийг олгосон бөгөөд энэ хугацаанд НҮБ-ийн төлөөлөгчид түүнтэй ирж уулзсаны эцэст дүрвэгчийн статус олгохоор болсон байна. Рахаф Мухаммед Мутлак ал-Күнүнийг эх орондоо буцаж очвол амь насанд нь аюул учирна хэмээн үзсэн тул ийм шийдвэр гаргажээ. Учир нь Саудын Арабын хуулийн дагуу исламын шашнаас урвасан тохиолдолд цаазаар авах ялтай байдаг аж.
Түүнийг Австрали улс хүлээн авах боломжтой эсэхийг НҮБ-аас асуусан бөгөөд Австралийн дотоод хэргийн яамнаас “удахгүй хариу өгнө” гэв.
Аль-Күнүний аав, ах хоёр нь Тайландад ирсэн ч тэрбээр уулзахаас татгалзсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна