Шантаршгүй шар хантаазтангууд 9 дэх долоо хоногтоо жагсав

2019/01/14
Франц улсад шар хантаазтнууд жагсаж эхэлснээс хойш есөн долоо хоног өнгөрсөн ч тэд тэмцлээ зогсоосонгүй. 7 хоног бүрийн бямба гарагт болдог жагсаалд Франц орон даяар 84,000 иргэн оролцож 200 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаагийн офицерууд нулимс асгаруулагч хий, даралтат ус шүршжээ. Нийслэл Парис хотод 8,000 иргэн жагсаалд нэгдсэн ба 100 гаруй хүн саатуулагдсан байна.


 
Нийслэл хотоос гадна улсын төв ба зүүн, өмнөд нутгийн хотуудад шар хантаазтнууд ес дэх долоо хоногтоо жагссан юм. Тэдний тэмцэл шатахууны үнийн татварыг эсэргүүцсэнээр эхэлсэн ч бараг арваад долоо хоногийн дараа нийгмийн бүх давхаргад тулгамдаад буй асуудлыг шүүмжилснээр үргэлжилж өнгө төрхөө өөрчилжээ.


 
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон улс орон даяар эв нэгдэлтэй байхыг уриалж шатахууны татварыг нэмэхгүй гэдгээ амласан ч жагсагчид өөр зүйл шаардаж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт улс орон даяар нээлттэй хэлэлцүүлэг явуулахаа мэдэгджээ.
 
Ерөнхийлөгчийн нээлттэй хэлэлцүүлэг интернэт, телевизийн сувгуудаар шууд явах ба татвар, ногоон эрчим хүч, бүтцийн шинэчлэл, иргэншил гэсэн дөрвөн үндсэн сэдвээр явагдах юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна