Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Ёкозүна Кисеносато зодог тайлах шийдвэрээ гаргажээ. Гэмтэл бэртлийн улмаас аварга цолонд хүрснээсээ хойш тун тааруу барилдаж байсан Япон аварга 3 дахь өдрийн барилдааны дараа зодог тайлахаар болсон байна. Хацү башёгийн 3 дахь өдөр Кисеносато аварга Точиоозанд унасан юм.
Хүчтэй озеки байсан түүний хувьд 2017 онд тун гайхалтай байж, 1 болон 3-р сарын тэмцээнд түрүүлсэн. Хацү башед түрүүлснээр аварга цолонд хүрсэн ч, 3-р сарын тэмцээний сүүлээр гэмтэл авсан нь өнөөдрийн энэхүү шийдвэрийг гаргах том хүчин зүйл болсон юм.
2002 оны 5-р сарын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сумод барилдсан Кисеносато аварга өнөөг хүртэл 1295 барилдааныг хийж, 800 даваа аваад байлаа. Ёкозүна цолонд хүрэхээсээ өмнө Кисеносато ганцхан өдрийн барилдаан өнжсөн гэсэн нэгэн дээд үзүүлэлт эзэмшиж байсан ч, аварга цол авсны дараагаар 97 удаа өнжсөн тааруу үзүүлэлтийн эзэн болжээ.
Аварга цолтой болсны дараа Кисеносато 5 башёг дундаас нь орхиж, 4 тэмцээн өнжсөн байна. 2018 оны 9-р сард 10 даваа 5 унаатай тэмцээнээ дуусгаж, хөгжөөн дэмжигч нараа баярлуулсан юм. Гэсэн ч 11-р сарын башёд тааруу барилдаж, тэмцээний дундаас нь ахин гарсан билээ. Улмаар хүлээлт дүүрэн эргэн ирсэн ч, эхний 3 өдрийн барилдаандаа дараалан унаж, ийнхүү зодог тайлахаар болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна