ОУВС-гийн “даалгавар” биелүүлэхэд гурван хоног үлдлээ

2019/03/28
Эдийн засгийн бүх үзүүлэлт унаж модоо барихгүйн тулд манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсон. Тус сангийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сард энэ хөтөлбөрийг баталснаар манай улсад хүлээх тодорхой үүргүүд бий болсон юм. Төсвийн зарлагаа танах, татвараа нэмэх гэх мэт.

Үүнээс үүдэн олон ч эсэргүүцэлтэй тулж, Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрийн ширээнд дахин суух хүртэл үйл явдал болсон. Тухайлбал, шатахууны онцгой албан татвараас үүдэн импортлогчид иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууныг 1630 төгрөгөөс 1700 төгрөг давтал нь өсгөж, хязгаарлалт хийснээр татвараа тэглүүлсэн. Ингээд ОУВС-гийн даалгасан нэг үүргээ биелүүлэлгүй, амлалтаасаа буцсан. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг, юанийн своп хэлцлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгодог. Хоёр жилийн хугацаанд манай улсад тус хөтөлбөрийн хүрээнд 970 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээс өнгөрсөн оны хөрөнгө оруулалт тасраад буй. Үүнийг манай улс үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой гэж тайлбарладаг. Тэгвэл дээрх хүлээсэн бас нэгэн үүргээ биелүүлэх хугацаа дуусахад гурван хоног үлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөцөө энэ сарын 31 гэхэд 3.7 сая ам.доллар болгохыг даалгасан. Гэвч өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валютын нөөц 3.6 сая ам.доллар байгаа. Энэхүү нөөцийг зээл тусламж, хөрөнгө оруулалт, экспортын орлого, алт тушаалт гэсэн дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлдэг. Харин нэгдүгээр сард хугацаа нь дуусаж таван хувьд хүрсэн АМНАТ-тай холбоотойгоор Төв банкин дахь алт тушаалт 81 хувиар буурснаас үүдэн ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна