Цахим татварын систем https://e-tax.mta.mn/portal -ийн МИНИЙ МЭДЭЭЛЭЛ дэд цэсийг татвар төлөгч татварын албан дээрх өөрийн бүртгэлтэй мэдээллийг харах, хянах, шаардлагатай мэдээллийг баяжуулах зорилгоор ашиглах боломжтой боллоо. Ашиглахын тулд та ETAX систем рүү нэвтэрч ороод дэлгэцийн баруун дээд буланд байрлах регистрийн дугаар дээр дарж цэсийг сонгоно.
1.Ерөнхий мэдээлэл
Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийг дараах бүтцээр харуулах бөгөөд алдаатай мэдээлэл байвал татвар төлөгч ӨОУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдээллийг засварлуулах бөгөөд Татварын удирдлагын нэгдсэн систем автоматаар мэдээллийн өөрчлөлтийг татаж шинэчилнэ.
2.Татварын төрөл
Татварын албан дээрх бүртгэлтэй татварын төрлүүдийг харуулна. Төрлийн бүртгэлийг түүх байдлаар харуулна. Татварын төрлөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж төрлөөр бүртгэсэн тухай цахим шуудан, мессеж өгсөн дариуд шалгах, хянах байдлаар ашиглана. Бүртгэлээс хасагдсан дариу “Бүртгэлээс хасагдсан огноо” бөглөгдөж төлөв өөрчлөгдөнө.
3.Үйл ажиллагааны чиглэл
Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлийг татаж харуулах ба үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах буюу үйл ажиллагааны чиглэл нэмэх, хасах болон үндсэн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх бүрт хуулийн этгээлийн бүртгэлд мэдээллээ өөрчлүүлснээр автомат татна. ETAX систем дээр мэдээлэл өөрчлөх боломжгүй.
4.Үүсгэн байгуулагч
Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн үүсгэн байгуулагчийн мэдээллийг татаж харуулах ба алдаатай мэдээлэл бол хуулийн этгээлийн бүртгэлд мэдээллээ өөрчлүүлснээр автомат татна. ETAX систем дээр мэдээлэл өөрчлөх боломжгүй.
5.Дансны мэдээлэл
Татвар төлөгч хуулийн этгээд дээр бүртгэлтэй дансны мэдээллийг үнэн зөвөөр бүртгэх үүргийн дагуу данс шинээр нээх, дансыг хаах бүрт энэхүү хэсгээр бүртгэлийг шинэчилж сүүлийн мэдээллийг татварын албанд хүргэнэ. Татварын алба энд бүртгэгдсэн дансны мэдээллээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх болно. Цаашид энэхүү бүртгэл банкуудтай шууд мэдээлэл солилцдог болон сайжрах юм. Ингэснээр татвар төлөгч банкинд шинээр ланс нээх болон хаах үед автомат татагдаж татвар төлөгчөөр бүртгэл хийлгэх шаардлагагүй болно.
6.Харилцан хамаарал бүхий этгээдийн бүртгэл
Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтэрснээр нэгдсэн өгөгдлийн сантай болох бөгөөд өгөгдлийн сангаас тухайн татвар төлөгчтэй хамааралтай хуулийн этгээд, иргэний мэдээллийг шууд татвар төлөгчид харуулж, хянуулна.
7.Хаягийн мэдээлэл
Татвар төлөгчийн хаягийн мэдээллийг эхний удаадаа УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллээс татаж харуулах бөгөөд татвар төлөгч хаягийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрт ETAX систем дээр бүртгэж баяжилт хийх шаардлагатай. Мөн “Үндсэн эсэх” баганын утга нь “ТИЙМ” сонголт бүхий хаяг татвар төлөгч дээр заавал байх бөгөөд энэхүү хаягаар татварын албанаас татвар төлөгчид хүргэх аливаа мэдээлэл системээс автоматаар монгол шууданд хүргэгдэж татвар төлөгчийн гар дээр очих юм. Иймд “Үндсэн эсэх” сонголт нь “ТИЙМ” байх хаягийг үнэн зөв бүртгэхийг татварын албанаас шаардана.
8.Холбоо барих мэдээлэл
Татвар төлөгчтэй холбоотой бүх холбоо барих мэдээллийг бүртгэж, баяжуулах үүрэг хүлээнэ. Мөн холбоо барих мэдээлэл бүртгэх явцад “Мэдээлэл авах эсэх” сонголтыг хийлгэх ба зөвхөн ганц цахим шуудангийн хаяг, утасны дугаар “ТИЙМ” сонголттой байна. Энэхүү “Мэдээлэл авах эсэх” сонголт “ТИЙМ” утгатай цахим шуудангийн хаяг, утасны дугаараар тухайн татвар төлөгч дээр татварын албанаас аливаа ажиллагаа хийгдэх үед цахим шуудан, мессеж автоматаар хүргэгдэх юм.
Жишээлбэл: Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох, тайлангийн төлөв өөрчлөгдөх, татвар төлөлт хийх гэх мэт. Иймээс энэхүү холбоо барих мэдээллийг байнгын шинэчилж мэдээлэл хүлээн авах боломжит холбоо барих мэдээллийг тохируулах шаардлагатай. Тохиргоог өөрчилсөн цаг хугацаанаас эхлэн мэдээлэл авах шинэ цахим шуудан болон утасны дугаар луу мэдээлэл хүргэгдээд явах болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна