"Ард санхүүгийн нэгдэл” -ийн бүтээгдэхүүн болох “Ард койн”-ны ханш ханш огцом өссөнтэй холбоотойгоор иргэд койн худалдан авч, одоогоор нэг сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаагаа зарласан. Гэвч зарим эдийн засагч, судлаач нар олон нийтэд, тэр дундаа залууст эрсдэлээ тооцохыг сануулсаар байгаа юм.
Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат Биткоин, Ардкоины талаарх өөрийн ойлголт мэдээллээ хуваалцсаныг хүргэж байна.
Тэрбээр "Сүүлийн үед Ард коин, Бит коин, Pi гээд л бужигнацгааж байна. Ойр тойрны хүмүүс асуугаад байгаа учир аль болох энгийн үгээр, өөрийн ойлголтоор бичье. Буруу зөрүү зүйл байвал залруулж өгнө бизээ.
Биткоин бол дижитал эрин үеийн “коммодити”, Ард койн бол мөн шинэ үеийн “хувьцаа”. Харин Pi бол яаж ч харсан криптовалютын дүр эсгэсэн пирамид (сүлжээ) харагдаад байгаа юм.
Байгаа мөнгөө хүн банкинд хадгалж, хүүгээр нь арвижуулаад явж болно. Найдвартай боловч, өгөөж нь харьцангуй бага. Алт гэх мэт коммодити хэлбэрээр байршуулж, эргэлдүүлж бас болно. Мэдээж үнэ өсөх, буурах эрсдэлтэй.
Хэрэвзээ бизнесийн санаа байгаад, ахиухан өсгөх боломж харагдвал өөрөө бизнес хийж, түүндээ хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ хүн бүр авьяаслаг бизнесмэн, менежер болоод төрчихдөггүй. Бас бизнес эхлүүлэхэд мөнгө нь арай хүрэлцэхгүй байж болно. Ийм тохиолдолд өөр хэн нэг авьяаслаг менежерийн бизнесийг дэмжиж, тийш хөрөнгө оруулалт хийх хувилбар бий. Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа худалдан авах. Энд дурьдсан бүгд хуримтлуулсан мөнгөө байршуулах, арвижуулах уламжлалт аргууд юм.
Харин дижитал эрин үед хөрөнгө оруулалт хийх шинэ арга хувилбарууд гарч ирлээ. Жишээ нь хэн нэг нь өөрийнхөө бизнес идейг төсөл болгон бичээд, дэлхийн хаанаас ч санхүүжилт татах боломжтой. Краудфайнанс. Тэр дундаа криптовалют нь ийм төрлийн хөрөнгө оруулалтыг маш хялбархан болгож өгч байна. “Ард койн”-ы тухайд бол олон улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулъя гэсэн бизнес төсөл, койн нь урамшууллын оноо. Төслөө white paper гэдэг баримт бичигт тусгаж өгдөг. Түүнийг нь ирээдүйтэй гэж харсан хүн хормын дотор худалдан авах боломжтой. Мөн зарах ч боломжтой. Хувьцаа шиг.
Бирж дээр уламжлалт компанийн хувьцаа бол худалдан авах, зарах нь арай түвэгтэй. Төрийн зохицуулалттай учраас тэр. Хүн төрөлхтний өмнөх алдаа онооноос суралцаж, хөрөнгө оруулагч нарыг хамгаалах зорилгоор санхүүгийн зах зээл дээр бий болсон тогтолцоо юм л даа. Хэн дуртай нь бирж дээр компанийхаа хувьцааг гаргаад байж чаддаггүйг бүгд мэднэ.
Олон шаардлага хангах ёстой. Санхүүгийн болон үйл ажиллагааныхаа тайланг ном ёсоор байнга гаргана, компанийн засаглал нь нээлттэй, зөв байх ёстой гэх мэт. Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хууль гээд олон хууль журмын дагуу ажиллах шаардлага гарна.
Гэтэл криптовалютын тухайд бол өөр. Шинэ токен гаргалаа гээд түүнийг худалдан авч байгаа хүмүүсийг хамгаалах зохицуулалт байхгүй. Энэ л өнөөдөр эрсдлээ тооцох, хаширлах гол шалтгаан мөн. Санхүүгийн зохицуулах хорооноос ч тийм анхааруулга гарсан байсан нь зүйн хэрэг. Гэхдээ дүрэм журам гарч ирэхийг хүлээгээд байвал бид бас дэлхийн хөгжлөөс хоцрогдоно. Юутай ч эхлүүлэх хэрэгтэй. Алдаж онож байж урагшилдаг хорвоо. Өөрийнхөө хамаг байдгийг бариад туух биш, алдсан ч бүр баларчихгүй байхаар эрсдлээ тооцож хэмжээгээ мэдэж байршуулах нь зүйтэй. Ер нь ч нэг биш, олон төрлийн санхүүгийн хэрэгсэлд портфолио хувааж эрсдлээ тарааж байршуулах ёстой гэдэг бичигдээгүй дүрэм бий.
Хувьцаа ч тэр, койн ч тэр, тухайн бизнес схемийг санал болгож байгаа хүнд, түүний багт итгэх үү, үгүй юу, өөрөө түүнийг зөв таньж чадах “билгийн нүдтэй” юу үгүй юу. Амьдрал баян учраас бизнес мөрөөдөл нь биелэхгүй байхыг ч үгүйсгэхгүй.
High risk, high return зарчим буюу томоохон өгөөж олж авъя гэвэл эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийнэ, харин өгөөж нь яах вэ, найдвартай л байдал чухал гэвэл банкинд хадгалах, Засгийн газрын бонд авах гэх мэт аргуудыг сонгоно.
Ард санхүүгийн өөрийнх нь баланс, ассетыг хэд нугалсан хувьцааны үнэ болчихлоо гэж анхааруулах хүмүүс бас байна. Нэг талаасаа зөв. Тогтсон бизнесийн тухайд бол хувьцааных нь үнэ тухайн компанийн цэвэр ашиг, cash-flow-н төлөвлөгөө, төсөөлөлтэй уялддаг.
Харин ирээдүй рүү чиглэсэн бизнес төслийн тухайд түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа менежер, түүний багт итгэх үү, үгүй юу гэдэг асуудал. Дээр хэлсэнчлэн, өөрт байгаа хуримтлалын мөнгөнөөс нэг хэсгийг бизнесийн шинэ санал, түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа багт найдаж оруулах эсэх асуудал юм. Нөгөө талаас бизнес санаагаа хэрэгжүүлэх гэж буй авьяаслаг менежер өөрт олдсон жаахан мөнгөөр хөдлөх үү, олон мянган хүнээс цугларсан том мөнгөөр хөдлөх үү. Хөрөнгө оруулагч нар тийм хүнийг дэмжих үү үгүй юу" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна