Гар утасны төлбөр төлөөгүй түүхийг ЗЭЭЛИЙН ХАР ЖАГСААЛТАД НЭМЭХГҮЙ байх боломжгүй

С.Гандэлгэр
2021/04/02

Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийт 1.2 сая орчим иргэний, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 12-13 мянган аж ахуй нэгжийн, нийт 10 гаруй сая зээлийн мэдээлэл байна. Чанаргүй зээлийн мэдээллийг хадгалах хугацаа зургаан жил.

Иргэдийн зүгээс гар утас, интернетийн төлбөр төлөөгүй зэрэг шалтгааны улмаас чанаргүй зээлийн ангилалд багтааж буйг эсэргүүцдэг. Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 3.1-т Зээлийн мэдээллийн санд банк, ББСБ, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн зээл төлбөрийн мэдээлэл хамрагдана гэж заасан байгаа. Үүрэн телефоны оператор компаниуд хувийн хэвшилд хамаарагдана. Эдгээр хувийн хэвшлийн ихэнх нь лизингийн үйл ажиллагаа явуулдаг. Дараа төлбөрт дугааруудыг санал болгодог. Энэ болгон нь санхүүгийн харилцаа. Энэ бүх зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх эрхзүйн орчин нь байгаад байна. Үүнд тодорхой хязгаарлалт тогтоох нь хуулийн хувьд боломжгүй.

Зээл төлбөрийн мэдээллийг цуглуулахад иргэдэд дарамт учруулж байгаа учраас болъё гэвэл бид хүссэн хэмжээнд хөгжиж чадахгүй. Камбож улсын жишээ бий. Иргэд, аж ахуй нэгж нь Зээлийн мэдээллийг цуглуулж буйг маш эерэгээр хүлээж  авч байгаа. Учир нь чанартай зээлийн түүхтэй болсноор зээлийн хүүг бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр цаашдын амьдралд эерэгээр нөлөөлөөд байгаа юм. Эдийн засгийн ач холбогдлоороо маш өндөр үүрэгтэй учраас хүссэн бүхэн чанаргүй зээлийн мэдээллээ хасуулъя гээд хандаад байж болохгүй” гэв.

Монголбанкны зээлийн мэдээллийн санг “хар жагсаалт” гэх ойлголт бий. Тэгвэл энэ санд зээлийн үйлчилгээний мэдээлэл, түүнийг хэрхэн төлсөн зэрэг бүх мэдээлэл бүртгэгддэг байна. Зээлийн мэдээллийн санд байгаа 10 сая зээлийн мэдээллийн 9 сая нь эерэг мэдээлэл аж. Эерэг мэдээлэлтэй байснаар дараа дараагийн санхүүгийн бүтээгдэхүүн авахад дөхөмтэй гэдгийг албаныхан онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна