ЯРИЛЦЛАГА: "Тариаланчдын ажилд төр битгий оролцоосой"

2021/08/09

Энэ жил тариаланчдын хувьд бороо хур нь тэгширсэн ээлтэй сайхан үе тохиож буй. Ган ганчиг, үер зэрэг байгалийн сөрөг үзэгдэл багатай байсан нь тариаланчдийн нурууг тэнийлгэж, ургац арвинтай байхад ихээхэн нөлөө үзүүлжээ.

Манай сурвалжлах баг тариаланчдын амьдрал, ажлын явцтай танилцахаар Төв аймгийн Батсүмбэр сумыг зорьсон юм.

Тус сумын хувьд хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ хоёрт, газар нутгийн хэмжээгээр 13-т ордог аж. Нутаг дэвсгэрийн нэлээдгүй хувь нь уул, ой модоор бүрхэгдсэн эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой тул энэ чиглэлээр ажилладаг олон хүн сууршиж, тариалан эрхлэх болсон байна.

Батсүмбэр сум жилд дунджаар 370 орчим га талбайд төмс, 59  га талбайд хүнсний ногоо, 530 орчим га талбайд тэжээлийн ургамал тариалдаг тухай статистик мэдээлэл бий.

Бид тус суманд газар тариалан тэр дундаа сонгино голчлон тариалдаг Л.Наянбаатартай уулзаж, ярилцсан юм. Түүний хувьд Увс аймгийн уугуул хэдий ч Батсүмбэрт газар тариалан эрхлээд даруй таван жилийг үджээ. 

Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач?

- Намайг Лодонгийн Наянбаатар гэдэг 48 настай. Би Увс аймгийн уугуул хүн. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Нутгаасаа гараад хориод жил болж байна. Төв аймгийн Батсүмбэр суманд хүнсний ногоо, тэр дундаа сонгиноор дагнан сүүлийн таван жил тариалан эрхэлж байна.

Яагаад сонгино дагнан тариалах болов, үрээ хаанаас авдаг вэ?

-Тарьж буй сонгино маань ихэвчлэн булцруут сонгино буюу төл сонгиноор тарьдаг. Төл сонгино гэдэг нь үрийн сонгино гэсэн үг. Үрээ энэ жил өөрсдөө  гаднаас оруулж ирэн тарьж байгаа. Өмнөх жилүүдэд үрийн худалдааны компаниудаас авдаг байсан. 

Манай улсын нийт хүнсний ногоо тариалж байгаа тэр тусмаа сонгино тариалаад дотоодын зах зээл руу нийлүүлдэг хувь хүн, албан байгууллага маш цөөхөн байдаг. Хувь нь маш бага буюу арван долоо, наймхан хувьтай. Тэр зах зээлийн орон зайг анх харж сонгины тариалалтаа эхлүүлж байсан. Энэ жил 15 га газарт сонгино тарьж байгаа. Бусад талбай нь сэлгээний талбай. Энэ жил тарьсан талбай дээрээ дараа жил дахин тарихгүй.

-Сонгино хэр арчилгаа шаарддаг вэ, тариаланч хүний арга ухаанаасаа хуваалцаач? Дуслын системнийхээ ач холбогдлоос дурдвал?

-Нэг мөрөнд дөрвөн эгнээ тарьдаг. Нэг мөр 320 метр.1 метр газарт 48 ширхэг ургадаг. Нийт 300 км газарт гараар сонгино тариалсан байгаа. Улаанбаатараас Элсэн тасархай орох зайнд хүмүүс гараараа, өвдгөн дээрээ суугаад сонгино суулгадаг гэсэн үг юм. 

Эдийн засгийн үр ашгийг нь тооцож, өндөр ашигтай гэж үзээд нэг мөрийг 60 мянган төгрөгөөр суулгуулдаг. Мөн ил тарьсан сонгино байгаль орчин, талбай ашиглалт зэрэгт маш их нөлөөтэй байдаг. Дуслын системээр тарьдаг сонгино хоорондоо 8 см зайтай байдаг. 

Дуслын системийн нүхэндээ тааруулаад ингэж тариалдаг. Мөн дуслын системээр сонгино тариалахдаа заавал гялгар (пилонк) уутаар бүтээнэ. Учир нь гялгар уут өөрөө чийгээ хадгалдаг, хөрсөө халааж өгдөг нэг ёсондоо био хүлэмж буюу байгалийн мини хүлэмж гэсэн үг юм. 

Энэ аргаар сонгиноо тариалсан учраас манайх  8 сарын 1 гээд эрт ургацаа хурааж байна. Энэ арга маш олон талын ашигтай. Хаврын хүйтрэл, зуны мөндөр, байгалийн аюулт үзэгдэл буюу ган зэрэг тохиолдоход ямар нэгэн эрсдэлд орохгүй ургаж л байдаг.

 Яагаад гэхээр ухаалаг усалгааны системтэй. 15га газрыг хүн гараар услана гэвэл дийлэхгүй. Ил тарьсан талбай яагаачгүй байхад дуслын услын системтэй талбайн ургац маш сайн ургадаг. Дуслын усалгааны систем бол дэлхийд шалгарсан нэг номерийн тариалалтын систем.

-Хэдэн худагтай вэ, яагаад уг газарт газар тариалангаа эрхлэх болов?

- Хоёр худагтай. Нэг сонгины мөрийг гурван цаг усалдаг. Тэгэхээр услахын тулд яадаг вэ гэхээр саяны нэг нүхээр гурван цагт хоёр литр ус сонгины бутруу өөрөө урсаж байдаг. Манайх тог цахилгаан холбогдсон. Улаанбаатартай ойрхон буюу 60 км  байдаг.

Хэчнээн хүнийг цалинжуулж, ажиллуулж байна?

-Ийм бага хэмжээний газарт маш өндөр ашиг шимтэй, эдийн засгийн үр ашиг нь өндөр ургац тариалахад хамгийн их гардаг зардал нь ажиллах хүчний зардал байдаг. Ажиллах хүчний зардал гэхээр цалин хөлс орно. 

Мэдээж Хөдөө аж ахуйд бэлтгэгдсэн мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчин байхгүй. Энд тэндхийн туслах ажилтан л олддог. Тэд нарыгаа өөрсдийн олон жил тарьсан туршлагаараа зааж, зөвлөн сургаж аваад тодорхой хэмжээний цалингаар цалинжуулдаг. 

Манайх хавар дөрөвдүгээр сарын 25 гэж хүнээ цуглуулж эхэлдэг. Нийтдээ хамгийн бага үедээ 25 хүн, хамгийн оргил үе болох хаврын тариалалтын үеэр 50 гаруй хүнийг өдөр тутмын ажлын байраар хангадаг. 

Манай нэг хүний сарын цалин дунджаар 1сая 500 мянгаас эхэлдэг. Ер нь бол хийснээрээ байдаг. Тийм учраас манай ажилчдад сарын 4 сая төгрөг авах үе ч бий. Хүмүүс ажлын нөхцөл их шаарддаг болчихсон. Тариан талбайд ажиллана гэдэг нь "camping" зохион байгуулалттай байна гэсэн үг. 

Ажилчдаа тариан талбайд ажиллуулахын тулд бүх зүйлээс нь салгаж авчирч байгаа. Тэр хүмүүсийн удаан ажиллуулахын тулд амьдрах нөхцөлийг нь сайн хангаж өгөх ёстой. 

Жишээлбэл: халуун устай, өдрийн гурван хоолтой, амралттай, хувцас угаалгатай, ажлынхаа байр руу ирж очих унаа машин тэргээр үйлчилдэг гэх мэт. Энэ жишигт хүрч нөхцөлөө сайн хангаж өгөхгүй бол Хөдөө аж ахуйд ирж ажиллах хүн олддоггүй.

Сонгины дээд ишийг нугалсан харагдаж байна?

-Сонгины ишийг нугалах нэг давуу тал нь дээд ногоон масс ургах, дээшээ томрохоос сэргийлдэг. Зөвхөн доод тал буюу булцруу нь томорч өгдөг. 

Мөн дээр нь цэцэг ургавал хугалдаг. Яагаад вэ гэхээр цэцгээ тэжээгээд булцруугаа томруулахгүй байх сул талтай. Манай сонгино ямар ч элдэв химийн бордоогүй, янз бүрийн хүнсний нэмэгдэлгүй цэвэр байгальд ургуулсан жинхэнэ органик бүтээгдэхүүн.

Сонгиноо хаашаа түгээдэг вэ? Гэрээтэй түншүүд байдаг уу?

-Улаанбаатар луу түгээлтээ хийдэг. Хайр зарлаад л манайх авмаар байна, ингэмээр гээд яриад л байдаг.

Энэ жилийн ургацаа үнэлж үзэв үү? Таамаг бий юу?

-Энэ жилийн ургацаа хамгийн доод үнээр нь бодоход нэг тэрбум төгрөг болно. Надаас ирж зөвлөгөө авдаг, үрээ авдаг, надаар талбайгаа үзүүлж зөвлөгөө авдаг зөндөө  хүмүүс байдаг. Хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүний үнэ нь өндөр биш байдаг. Ногоо маань хангалттай үнэтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай тийм үнэтэй байх юм бол Монголын хөрсөн дээр хаана ч, ямар ч газар юу ч тариалж болохоор байна. Эрүүл, залуу хөрстэй газар.

Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд тулгардаг асуудлууд бий юу, төрөөс дэмждэг үү?

- Ямар ч дэмжлэг байхгүй. Битгий л төр оролцоосой гэдэг гэж боддог болсон. (инээв) Төр оролцохоор заавал нэг асуудлууд гарч ирдэг. Гарааны ижил нөхцөл гэдэг юм байхгүй. Энэ жил гэхэд ковид гараад сонгино сармисны хэрэглээ дэлхий нийтэд ихэссэн.

 Тийм болохоор манайх Европоос үр оруулаад ирсэн чинь ХХААЯ тендэр зарлаад л өөрсдөө үр оруулж ирээд үнийн 70 хувь хөнгөлөөд сонгины үрийн үнийг унагааж бид нарт хохирол учруулсан.  Бид нар бизнесийн зээл, өөрсдийн олон жил хуримтлуулсан жоохон мөнгөөрөө бизнесээ эхлүүлж байсан. Манайх улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төмс хүнсний ногооныхоо импортын нийлүүлэлтийг багасгах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. Танд цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье.

Сурвалжилсан: А.Мөнхнаран, Б.Мягмарболор



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.150
    2021/08/12

    amjilt husiy

    Хариулах
  • 66.181.161.83
    2021/08/12

    Амжилт хүсье

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/08/10

    Дотоодын хүнсний ногооны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд гаднаас импортоор оруулж ирж байгаа ногоон дээр улирлын чанартай татвар нэмэгдүүлэх арга байдаг. Тэгвэл дотоодын ногоочдын бүтээгдэхүүн эдийн засгийн үр өгөөж ихтэй байдаг гэсэн

    Хариулах
  • 142.93.150.228
    2021/08/09

    Ok

    Хариулах
  • 203.23.49.199
    2021/08/09

    Амжилт хүсье.

    Хариулах
  • 66.181.165.213
    2021/08/09

    ажилсаг мундаг гэр бүлд аз жаргал хүсье

    Хариулах
  • 203.91.115.50
    2021/08/09

    Үнэхээр хувийн бизнест төр оролцвол л бүтэлгүйтүүлдэг ш дээ. Үнэнийг хэлжээ

    Хариулах