-Альцгеймер нь эдгэдэггүй өвчин хэдий ч, урт удаан аяллын үеэр ээжийнх нь биеийн байдал мэдэгдэхүйц сайжирч эхэлсэн гэж хүү нь ярьжээ-
Мэри О'Салли гэдэг Ирланд эмэгтэй дөрвөн жилийн өмнө Альцгеймерийн өвчтэй гэж оношлогджээ. Италид амьдардаг түүний хүү Шон ээжтэйгээ ойр ойрхон уулзахын тулд хоёр хотод амьдрах шаардлагатай болсон гэж “Daily Mail”-ийн нийтлэлд бичжээ. 2018 онд Мэригийн бие их дордсон тул хамаатан садан нь түүнийг асрамжийн газарт шилжүүлэх тухай ярьж эхэлсэн байна. Харин хүү нь ээжийнх нь хувьд энэ тийм сайн сонголт биш гэж бодож байлаа. Учир нь гэр бүлээсээ холдвол ээж нь улам дордож магадгүй. Тэрбээр асрагч хөлсөлж, Ромоос Дублин руу байнга нисч байсан боловч ээжийгээ энэ өвчнөөс аварч чадаагүй юм. Өвөл болоход Шон ээжийгээ дулаан оронд хэдэн сар болгохоор авч явав. Гэвч тэдний аялал үргэлжилсээр, тэд дэлхийн хагасыг хамтдаа туулжээ. Ээж нь нүдэн дээр нь аз жаргалтай болж байгааг хараад Шон буцаж зүрхэлсэнгүй. Түүний хэлснээр, ээж нь аяллын үеэр урьдынх шигээ ярьж, явж эхэлжээ. Хүүгийнхээ ачаар тэр анх Өмнөд Африкийн элсэн дээр алхаж, Италийн уулсыг байлдан дагуулж, Балбад болсон будагны наадамд хүртэл оролцжээ. Балбад будагны баяраар хүмүүс Мэри рүү солонгын долоон өнгийн будаг цацахад тэр яг л хүүхэд шиг баярлан инээж байлаа. “Балбад ээж минь эргээд хэвэндээ орсон юм шиг санагдаж байсан. Тэр их алхаж, их ярьж, бүр шинэ үгс хүртэл сурсан” гэж Шон хэлсэн байна.
Мэдрэлийн эмч нар Шонд хэлэхдээ “Альцгеймерийн өвчин даамжрах тусам өөдрөг сэтгэлтэй хүмүүс илүү аз жаргалтай болдог” гэжээ. Яг л тэдний хэлснээр Мэри илүү залуужиж, гэрэлтэж эхэлсэн байна. Шон ээжийгээ Балбаас Ромд гэртээ авчрахад, ээж нь өмнө нь ирж байсан газраа таниж байв. 2018 оны тавдугаар сард Мэригийн бие огцом муудав. Гэсэн хэдий ч хүү нь түүнд Өмнөд Африкийн байгалийн сайхныг үзүүлэхээр Кейптаун авч явчээ. Тэрээр элсэн дээр хөл нүцгэн явж, хүүхдүүдтэй тоглон аз жаргалтай байлаа.
Африкт амьсгалын замын өвчний халдвар авсан нь зүгээр болохгүй байсаар 2019 оны тавдугаар сард Мэри нас баржээ. Амьдралыхаа сүүлийн өдрүүдэд тэр хүүгээ “ааваа” гэж дуудах болсон байна. Мэри үнэхээр бяцхан хүүхэд шиг болсон байлаа. Хэдэн цагаар ч хамаагүй хүүхэлдэйгээр тоглодог, толин дээрх нарны тусгалыг хараад баясан инээдэг болсон байв.
Шон хэсэг хугацаанд хувийн амьдралаасаа татгалзан, найз бүсгүйгээсээ салан, ээжийгээ асарч байлаа. Удаан хугацаанд өөрөө эзгүй байсан болохоор түүний аялал жуулчлалын бизнес зогсоход хүрэв. Гэхдээ тэр юунд ч харамсдаггүй. Эдгээр сүүлийн жилүүдэд тэр ээжийхээ хажууд байж, өдөр бүр ээжийгээ аз жаргалтай болгож байлаа. “Хариу нэхэхгүй хайр гэдэг ховор зүйл. Гэхдээ ээж минь намайг насан туршдаа тэгж хайрласан. Би үүнийг нь зүгээр л буцааж өгсөн юм” гэж Шон хэлжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.23
Uhaantai mundag hvv turvvljee
Хариулах122.201.23.84
Ийм ухаантай, ухамсартай болгож хүүгээ хүмүүжлэх хэрэгтэй юм байна даа!!!
Хариулах66.181.184.69
яасан сайхан түүх вэ. САЙН хүү байна
Хариулах