Эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэй инженерүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ

2022/10/10

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ‘’Эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэй инженерүүдийг чадавхжуулах” сургалтыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл болон Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын эрчим хүчний салбарын жендерийн нөхцөл байдлын үнэлгээг хийж,  салбарын эмэгтэй болон эрэгтэй ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн оролцоо, мэргэжлийн манлайлал  зэрэг бусад холбогдох судалгаануудыг хийж байна.

Тус ажлын хүрээнд Эрчим хүчний яам болон салбарын  16 байгууллагын 120 эмэгтэй инженер техникийн ажилтан /ИТА/-уудын ур чадварыг сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг мэргэшсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Үйл ажиллагааг нээж Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Энэхүү сургалтад түлхүү алслагдсан аймаг сумдад ажиллаж байгаа ИТА-нуудыг хамруулахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийг 3 түвшинд  боловсруулсан ба анхан шатны сургалтад 50, дунд шатны сургалтад 40, ахисан түвшний сургалтад 30 инженер тус тус  хамрагдаж байна” гэлээ.

Хөтөлбөрт  эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомж тэдгээртэй холбогдон гарсанэрх зүйн актууд, түүний  хэрэгжилт, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, ойрын болон хэтийн төлөв, Эрчим хүчний батарей хуримтлуурын систем, түүний төрөл, ажиллагааны зарчим, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, цахилгааны инженерийн мэргэшлийн онолууд, хувь хүний хөгжил ба манлайлал болон Эрчим хүчний салбарын жендерийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх хичээлийн агуулгуудыг багтаажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна