“Агаар нэг” хакатон 2023-ын бүртгэл үргэлжилж байна

2023/01/31

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” Дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сан, Пипл ин Нийд (ПИН) ОУТББ хамтран, Жэрэс ОУТББ, Тогтвортой Санхүүгийн Холбоо, Breathe Mongolia-Clean Air Coalition болон Монгол Улсын Их Сургуулийн хамт “Агаар нэг” хакатоныг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг шалгаруулах зорилготой юм. Шалгарсан технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг  жижиг хэмжээний туршилтын төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг “Агаар Нэг” хакатон олгоно.

 

“Агаар нэг” хакатонд дараах чиглэлээр оролцож, дэвшилтэт арга, технологи, бүтээгдэхүүнийг  зохион бүтээх, нэвтрүүлэх, нутагшуулах санаагаа танилцуулж, хэрхэн хэрэгжүүлэх бизнесийн загвар, гарцыг санал болгоно. Үүнд:

 

  1. Монгол гэр, хувийн буюу амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах шийдэл: Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй материал ашигласан дулаалгын шийдэл (халаалтыг давхар шийдвэрлэсэн бол давуу тал болно).
  2. Монгол гэр, хувийн буюу амины орон сууцны халаалтын систем: Байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулсан, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем (нүүрс ашигласан технологийн шийдлийг тооцохгүй)-ийг өрхийн түвшинд нэвтрүүлэх, дэвшилтэт арга, технологийн шийдэл.
  3. Цахилгаан, дулаан хангамжийн төвлөрсөн бус систем: Төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй хэрэглэгчид, ялангуяа хот, суурин газрын алслагдсан дүүрэг, хэсэгт оршин суудаг өрх, нийгмийн үйлчилгээний (сургууль цэцэрлэг, эмнэлэг гэх мэт) барилгын цахилгаан, дулааныг сэргээгдэх эрчим хүч эсвэл  төвлөрсөн сүлжээ болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон эх үүсвэр ашиглан шийдвэрлэх дэвшилтэт арга, технологи. Үүний үр дүнд агаарын бохирдол ялангуяа нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарал буурсан байх.

 

Оролцогч дээрх 3 чиглэлээр цогц шийдэл санал болгож болно.  Хакатонд ААН, нөхөрлөл, хувь хүмүүс баг бүрдүүлж оролцох боломжтой.

 

Шалгарсан арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүнийг туршин хэрэгжүүлсний үр дүнд бизнесийн загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийх, ногоон зээл авах боломж бүрдэнэ.   

 

ХУГАЦАА:

 

Бүртгэл: 2023 оны 1-р сарын 20-ны өдрөөс  2-р сарын 05 хүртэл .

Багуудад мэдээлэл өгөх уулзалт: 2-р сарын 03.

Эхний шатны шалгаруулалт: 2-р сарын 07-13.

Эцсийн шатны шалгаруулалтын үйл ажиллагаа: 2-р сарын 14.

 

2023 оны 3-р сарын 2-3-нд  “Цэвэр агаар” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр шалгарсан технологийн шийдэл,  бүтээгдэхүүн, багцыг танилцуулна.

 

 

 

 

Нэмэлт мэдээлэл:

 

Хакатоны удирдамж:  http://bitly.ws/zoW6  

Оролцогчдын бөглөх анкет: https://forms.gle/jf1A751n9qKRjbnS7

Арга хэмжээний мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл https://fb.me/e/3521IxLOK Фэйсбүүк эвент рүү орж, "Going" дарж авах боломжтой.

 

ХОЛБОО БАРИХ:

 

  1. Ц.Үүрцайх, БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

                r.uurtsaikh@gmail.com

  1. Д. Ариунзаяа, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, НҮБ-ын Хүүхдийн Сан

adavaa@unicef.org

  1. П. Тина, Нөлөөлөл, мэдээлэл харилцааны мэрэгжилтэн, Пипл ин Нийд ОУТББ

tina.puntsag@peopleinneed.net.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.15
    2023/02/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах