Монголчуудын уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй монгол наадам-2023” өдөрлөг жил ирэх тусам агуулга, хэлбэрийн хувьд өргөжин тэлсээр өдгөө эхэнд өгүүлсэн зорилгодоо хүрэх тун ч дөхжээ.
Анх нийслэлийн иргэдийн хүрээнд
эхэлсэн өдөрлөгт энэ жил ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Цинхай
мужийн Хөх нуурын Дээд монголчууд хүрэлцэн ирж өөр, өөрсдийн үндэстэн угсаатны
дээл хувцасны онцлогийг толилууллаа. Монгол туургатны олон үндэстэн ястан хуран
цугларсан төв талбай олон соёл, олон өнгөөр чамирхан харагдана.
Найман наснаас эхлээд наян настай
буурал хүртэл түүх соёлоо хүндэтгэж үндэсний дээл хувцсаараа гоёсон харагдана. Талбайн чанх голд ардын бүжиг бүжиглэн олны хайрыг татах
тавхан настай охины “Дээлэнд дуртай болохоор, гоё дээл өмсөж хүүхдүүдэд
харуулах гэж ирсэн” гэх яриа түүх соёлоо таниулахад үндэс угсаа, нас
сүүдэр ямар ч хамааралгүйг харуулах гэлтэй.
Шовгор малгай тэргүүндээ залсан, чамин хийцтай дээлээр гоёсон хэсэг хүмүүс тайзнаас бууж ирмэгцээ аядуу инээлдэн монголжуу яриагаар хоорондоо ярьж байна. Тэд Хөх нуурын Дээд монголчууд байлаа. Хэдэн зуун жил харь үндэсний дунд амьдарсан гэхэд уусаж шингэлгүй, харин ч үндэсний онцлогоо сайтар хадгалсан нь өмссөн дээл хувцаснаас нь л ойлгогдох аж.Монгол ахуйгаар аж төрдөг, монгол хэлээр ярьж бичдэг, төрөл нэгтнүүд маань монголчуудадаа мартагдах шахсан нь тун харамсалтай.
Дээд монголчуудыг хятадууд гэх ташаа ойлгох явдал байдаг. Хятадын газар нутагт он удаан жил амьдарсан учир арга ч үгүй биз. Тэд БНХАУ-ын баруун хойд хязгаар дахь томоохон нутаг дэвсгэр бүхий Хөхнуур, Ганьсү хэмээх хоёр мужид олон үндэстэн, угсаатантай холилдон оршдог байна. Түүхийн сурвалж бичгүүдэд тэднийг монгол хүмүүс гэдгийг батлах баримтууд цөөнгүй бий.
Бид эх нутгаасаа гарч 3 сар харийн орныг зориод ирэхэд эх орон элгэн саднаа хэрхэн санадаг билээ. Тэдний хувьд бүхэл амьдралынхаа туршид төрөл нэгтнээсээ хол харийн оронд амьдарч анх удаа Монголд ирж буй нь энэ гэнэ. “Гоё сайхан Улаанбаатарт ирсэндээ их сэтгэл ханамжтай байна, уламжлалт энэ сайхан монгол хувцсаа олондоо үзүүлье гэж ирсэндээ баяртай байна, гоё байна. Бидэнд ийм сайхан завшаан олгосонд баярласан шүү” хэмээн Монголд ирсэн сэтгэгдлээ нулимстай нүдээр хуваалцах нь л ярьснаас нь илүүг хэлэх ажээ.
Тэрбум хүний дунд өөрсдийн хэл соёл, өв уламжлалаа авч үлдэж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд энэ хүртэл ирж буй тэдний дотор монгол цус гүйж, Монголоо гэсэн сэтгэл буцалж байна. Харин бид элэг нэгтнээ хэр зэрэг мэдэх вэ?
Талбайгаар зорин өнгөрөх үзэгчдээс дээд монголчуудын тухай асуувал тэдний тухай мэдэх нь битгий хэл монгол угсаатан гэдгийг нь мэдэх хүн тун цөөн байлаа. Мэдэх нэг нь Монгол гэдгийг нь мэдэхээс бус тэднийг хаана хэрхэн аж төрдөг, бидэнтэй хэрхэн холбогддог эсэхийг эс мэднэ.
Дээд монголчуудын Ар халхад ирсэн сэтгэгдэл, дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.
Сурвалжилсан: А.Бавууханд
Зургийг: Баяр Балганцэрэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна