Дэлхийн хөлбөмбөгийн супер оддын нэг, Аргентиний шигшээ баг, Францын " Пари Сен Жермен" клубын тоглогч Лионель Месси Америкийн MLS (Major League Soccer)-ийн "Интер Майами" багт тоглох болсон нь спортын ертөнцийнхий анхаарлын төвд байсаар байна.
Дэлхийн аварга болоод хагас жил болж буй Лионель Месси "Интер Майами" клубтэй нэгдсэний дараа сүүлийн нэг өдрийн дотор багийнх нь инстаграм хуудсыг 4.5 сая хүн шинээр дагажээ.
"Интер Майами" багийн ерөнхийлөгч бөгөөд тус клубийн хамтран эзэмшигч Хорхе Мас "Гэрээгээр Лео жилд 50-60 сая ам.долларын орлого олох болно. Би гурван жилийн хугацааг Мессиг багтаа авчрах талаар зарцуулсан. Нэг жил хагас нь түүнтэй маш ойр өнгөрчээ. Д.Бекхэм Леотой зөвхөн хөлбөмбөгийн асуудлаар л ярьдаг байсан. Учир нь тэр өөрөө тоглогч байсан. Бид Барселона, Майами, Росарио, Доха хотуудад уулзаж энэ талаар ярилцсан. Би Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүхэлдээ Аргентиний тоглолтыг үзэж өнгөрүүлсэн. "Apple"-тэй хийсэн гэрээ хэлэлцээрийн хувьд маш чухал байсан" гэж Мас "El País"-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Л.Мессигийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээнд “Түүнд Саудын Арабын баг 1.5 тэрбум ам.долларын гэрээ санал болгосон юм. Гэтэл тус гэрээнээс татгалзаж Америкийн Интер Майами багтай гэрээ байгуулсан. Мэдээж хэрэг "Интер Майами" баг түүнд арабуудын амласан шиг тийм их хэмжээний мөнгө амлаж чадахгүй ч, тэд "Apple", "Adidas" болон MLS буюу Америкийн хөлбөмбөгийн лигийн төлөөллүүдтэй уулзаж нэгэн тохиролцоонд хүрсэн байна. Apple компани нь MLS лигийн тоглолтуудын телевизийн дамжуулах эрхийг 2.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан байжээ. Интер Майамигийнхан Apple-ийнхнийг ятгаж тэднийг уг шууд дамжуулалтаас олсон орлогоосоо тодорхой хувийг Мессид өгч байхаар тохиролцсон байна. Мөн Adidas брэндийнхнийг зөвхөн Мессигийн нэртэй хувцасны борлуулалтаас гадна MLS-тэй холбоотой бүх хувцас, хэрэгслийн борлуулалтаас олсон орлогоосоо Мессид өгч байхаар болж.
Мөн түүнчлэн Месси өөрийн хөлбөмбөгийн тоглогчийн карьераа дууссаны дараа тус Интер Майами клубын хувийг эзэмшихээр тохирчээ. Энэ утгаараа дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр мөнгөн дүнтэй гэрээ болж байгаа юм. Гэхдээ энэ наймаанаас зөвхөн Месси биш бүгд хожилтой гарч байгаа талаар спортын ертөнц шуугиж эхэллээ. Apple компанийн телевизийн шууд дамжуулалтаас олох орлого, Adidas фирмийн борлуулалтын орлого нь хэд дахин өсөхөөр таамаг гарч, Интер Майамигийн нэг тоглолтын билетийн үнэ нь 29 ам.доллар байснаа 435 ам.доллар болж өссөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.128
Ronaldo Ih dagagchtai. Hol bombog iim fan ih gdeg shig.
Хариулах