“TMK Energy” компанийн Гурвантэс дэх ордоос анхны нүүрсний метан хий гарлаа

Х.Батсайхан
2023/07/26

Австралийн “TMK Energy” компани Монгол дахь Гурвантэс XXXV CSG төслийн “Азтай үнэг-1” туршилтын цоонгоос нүүрсний метан хий гаргаж, шатааж эхэлснээ зарлажээ. Метан хийн эхний урсгал гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд уг талбайд цаашид хайгуулын ажил эрчимжүүлэх шийдвэр гаргахад хангалттай хүрэлцэхүйц мэдээлэл өгсөн гэдгийг компаниас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.

“TMK Energy” нь Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн 67 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 33 хувийг “Talon Energy” компани эзэмшдэг аж.

Компанийн захирал Брендан Статс "Хийн урсгал гурван цаг гаруй үргэлжилсэн нь ордод хийн нөөц байгааг харуулж байгаа бөгөөд бид судалгаагаа цаашид үргэлжлүүлж, хийг тогтвортой эдийн засгийн ашигтай үйлдвэрлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна" гэж ярьжээ.

Эрчим хүчний ирээдүйтэй эх үүсвэрт тооцогдож буй метан хий нь нүүрсэнд агуулагдаж байдаг. Монгол орон нүүрсний арвин баялаг нөөцтэй. Метан хийг ашиглахгүй бол агаарт дэгдээд дэлхийг дулааруулж буй гол хүчин зүйл болдог онцлогтой.

Манай улс нүүрсний хэрэглээгээ багасгаж, байгальд ээлтэй хийн түлшинд шилжихийг зорьж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь энэ юм.

Говийн сумууд БНХАУ-аас эрчим хүч импортолдог. Тэгэхээр үүнийг зогсоож, оронд нь хийн түлшээр ажилладаг жижиг оврын генераторуудаар эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой.

Цаашид метан хийн нөөц их тогтоогдвол Улаанбаатар хотын утааг арилгахын тулд цахилгаан станцуудаа хийн түлшээр ажилладаг болгох, дулаанаа хийн түлшээр шийдэх боломж бүрдэх юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2023/07/26

    сайхан л мэдээ байна амьжилт хүсэе

    Хариулах
    • 66.181.184.32
      2023/07/26

      Харин тийи нөгөө авилгал хээл хахууль шуналтнуудын гараар орчихвол сүйрнэ.