Бидэнд содон баримт: Энэтхэгийн "Кастын тогтолцоо"-ны тухай цочирдом үнэн

Х.Батсайхан
2023/08/04

Энэтхэг улсын нийгэм кастын тогтолцоотой байдгийг уншигчдын зарим нь мэдэх биз ээ.  Энэхүү давхаргууд нь олон жилийн турш бэхэжсэн тул энэтхэгчүүдийн ой тойнд бат сууж, орчин үеийн Энэтхэгт ч эвдэгдэхээргүй суурьшжээ. Каст гэдэг нь нийгмийн давхраа. Энэтхэгийн нийгэм нь дөрвөн давхаргад хуваагддаг. Эдгээр дөрвөн давхаргад хамрагддаггүй хамгийн ядуу хэсэг нь далитууд. Хүн амын 20 орчим хувийг эзэлдэг. Дээд давхаргынхныхаа хар ажлыг хийж, үйлчилж амь зууна. Цалин нь амь зогоох төдий. Хийх ажил нь төрөхөөсөө тодорхой байдаг тул хийдгээ хийж, авахаа аваад л амьдарна. Жорлон ухдаг хүний гэр бүлд төрсөн бол бүх л насаараа зөвхөн тэр ажлаа л хийнэ, өөр ямар ч ажил хийхийг нийгэм нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Нийгмийн доод хэсэгт үүрд хадагдсан эдгээр золгүйчүүдийг далитууд гэж нэрлэдэг. 1.3 тэрбум хүнтэй Энэтхэг улсад 235 сая ядуу хүн байдаг нь энэхүү далитууд юм.

1920, 1930-аад оны үед далитууд эрхийнхээ төлөө тэмцэж, зарим нэг дэвшлийг гаргаж чадсан. Өнөөдөр нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон ч ялгаварлан гадуурхалт байсаар. Эрх баригчид энэ байдлыг улам өөгшүүлж буй. Бусдыг нийгмийн байдал, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэргийг “Scheduled Caste and Scheduled Tribe” гэх хуулиар зохицуулдаг. Гэтэл Энэтхэгийн Дээд шүүх нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шууд баривчлах тухай заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаснаас өнгөрсөн сард Энэтхэг даяар эсэргүүцлийн хөдлөлгөөн өрнөж, 10 гаруй хүний амь нас үрэгдсэн билээ. Далитуудын амьдрал, орчны талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна. 

Мумбай бол Энэтхэгийн засаг захиргаа, эдийн засаг том төв, Болливудын эх нутаг. Баян тансаг, АНУ-аар бол Лос Анжелес. Гэхдээ арай илүү гүнзгий өнгийгөөд үзвэл, хотын гял цал төвөөс бохир заваан ядуусын хороолол хүртэл маш ойрхон зай бий. Ер нь том хот л шударга бус, бузар булайн хоргодох газар болж байдаг гэдгийг эндхийн амьдрал утгаар нь батлах мэт.

Дхарави бол бидний хэлдгээр ядуусын хороолол. Нийгэмдээ шаарлагдсан, хамгийн доод давхаргынхны хоргодох газар юм. Үүнд ямар ч хэтрүүлэг байхгүй гэдгийг дахин хэлье. Энд хоёр хавтгай дөрвөлжин км талбайд сая орчим далитууд амьдарч, дээр хэлсэнчлэн нийгмийн дээд давхаргынханд үйлчлэх үүргээ гүйцэтгэнэ. Хувцас угааж, арьс элдэж, хог ялгаж, үйлдвэрт ажиллана.

Мумбайн нэг дүүрэг, засаг захиргааны нэгж гэж тооцогдох бөгөөд хүн ам нь 1986 онд 500 гаруй мянга байсан ч 30 жилийн дотор хоёр дахин нэмэгдээд байна. Ердөө 215 га талбай эзлэн орших энэ ядуусын хороололд жилдээ 650 сая ам.долларын худалдаа хийгддэг байна. Хөлсний байрны түрээс сард дөрвөн ам.доллар байдаг нь дэлхихйд хамгийн хямдхан үзүүлэлт. Олны сайн мэдэх Ядуусын хорооллын саятан киноны зургийг энд авчээ. Кино бол Мумбайчуудын хувьд шашны дараа орох “шашин” юм. Гэхдээ үзвэр үйлчилгээ нь хүртэл давхраагаараа хуваагдана. Жишээ нь, Айшвария Рай, Амир Хан Садикх Хан гэх мэт топ оддын тоглосон киног энгийн театрт үзэхэд 200-220 рупий байдаг бол ядуусын кино театрт 30-40 рупий байдаг. Гарч байгаа кино нь чанарын хувьд өөр. 

Дхаравиг гаднынхан хог шороо намаг балчгаар хучигдсан хүн амьдрахын аргагүй өмхий самхай газар гэж төсөөлдөг. Гэсэн ч орчин нь л тийм болохоос хүн байгаа хойно энд хэрэгцээндээ тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээ гээд хэрэгтэй зүйл цөм бий. Бохир заваан биеийн хүчний ажлаас гадна оёдлын, арьсан эдлэлийн гэх мэт хэдэн мянган жижиг үйлдвэрлэл явагддаг аж.

Эндхийн айлууд дунджаар 4-6 хүүхэдтэй. Хүүхдүүд 10-12 наснаасаа эцэг эхдээ туслан ажил хөдөлмөр эрхэлнэ. Энэтхэгийн Ерөнхий боловсролын тогтолцоо 12 жил байдаг. Дхаравид мэдээж ийм боломж байхгүй ч боловсрол нь амьдралаа дээшлүүлэх боломж гэдгийг хүн бүр мэддэг. Алсын хараатай зарим эцэг эхчүүд хүнд хүчир хөдөлмөрөөрөө олсон жаахан мөнгөө үр хүүхдийнхээ боловсролд зарцуулахыг эрмэлздэг байна. Гэсэн ч өнөөгийн нийгэмд энэ нь бүтэшгүй мөрөөдөл хэвээр л байна. Төр засгаас ямар нэг өөрчлөлт хийхгүй л бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Гэтэл энэ нь нийгмийн дээд давхаргынхны хүсэл зоригоос хамаарах учир биелэхэд хэцүү.

Дхаравигийн амьдралын нөхцөл үнэхээр хүнд. 10-15 ам.метр байранд 6-10 ам бүлээрээ сууна. Цэвэр усны шугамтай ч өдөрт 2-3 цаг л ус ирж, бусад цагт байнга тасраастай. Энэ үеийг ашиглан саванд ус тосч авдаг байна. Хэдэн арван айлын дунд ганц бие засах газартай. Эндхийн орчин суугчдын хамгийн хүнд үе нь борооны улирал бөгөөд тэр үед гудамж шалбаагаар дүүрч, нэгдүгээр давхрын орон сууцнууд усанд автдаг ажээ.

Дхаравид хэдэн жил амьдарсан нэгэн зохиолч эндхийн бодит байдлын талаар “Шантарам” гэдэг ном бичин хэвлүүлжээ. Түүнд “Дхаравид бие засах газар хүрэлцдэггүй учраас ил задгай бие засах явдал түгээмэл. Ариутгал гэж байхгүй. Тиймээс гэдэсний халдварт өвчнөөр хүн байнга нас барна. Даавуу буддаг, хуванцар боловсруулдаг олон үйлдвэрээр орж үзсэн. Бүгдийг хараар хийх боловч бээлий огт хэрэглэдэггүй. Химийн хорт бодис хэрэглэдэг үйлдвэрийн ажилчид зориулалтын маск зүүдэггүй. Байнга утаатай. Би тэнд хэдэн жил болохдоо хөгшин хүн бараг хараагүй. Хүнд хүчир хөдөлмөр, орхин нөхцөлөөсөө болоод эрэгтэй хүн урт насалдаггүй” хэмээн бичжээ.  

 

Энэтхэгийн каст

1.    Брахманууд

Энэтхэгийн нийгмийн хамгийн дээд хэсэг. Эрдэмтэн, багш, төрийн албан хаагч гээд хамгийн чухал байр суурин дээр энэ кастынхан байдаг. Феодализмын үед шүүгч, хууль цаазны албыг залгуулах нь их байсан. XX зуунд Энэтхэгийн зарим мужид төрийн албаны 75 хувийг брахманууд бүрдүүлж байжээ. Нийт хүн амын 2-5 хувийг эзэлнэ. Брахманыг хөнөөлөө гэхэд бусад давхаргын хүн хөнөөснөөс илүү хүнд шийтгэл ногдуулдаг байв.

2.    Кшатри

Брахманы дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг давхарга. Энэ давхаргынхан голцуу цэргийнхэн бөгөөд дайн байлдааны цагт сүр хүч, нөлөөгөөрөө брахмануудыг даван нийгмээ оройлдог байна. Дайчны сэтгэлзүй, тэсвэр тэвчээр, шулуун шударга, өөртөө итгэлтэй байдал энэ давхаргынхны онцлог байх ёстой гэж үздэг. Энхийн цагт нийгэмд эзлэх байр суурь нь буурах ч хууль сахиулах байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт удирдах албан тушаал хашна. Өмнө нь бусдаас бага татвар төлж, илүү хөнгөн амьдрах эрх эдэлдэг байжээ. Брахманууд зөвлөж чадахаас зохион байгшуулж чадахгүй, кшатри энэ тал дээр илүү гэж эх сурвалжид бичсэн байна.

3.    Ваишья

Хүнээр төсөөлбөл брахманууд толгой, кшатри цээж, харин ваишья нь гэдэс хавьцаа байдаг яг дундаж давхарга юм. Энэ давхаргынхан эрх чөлөөтэй. Хүссэн ажлаа эрхэлж, амжилтад хүрч болно.

4.    Шудра

Эзэндээ ажиллаж, цалингаа зохих ёсоор авдаг ажилчид энэ давхаргыг бүрдүүлнэ. Үнэнч шударга зан, хичээнгүй байдал энэ давхаргынхны туйлын зорилго байх ёстой гэж сургадаг.

Уншигчдад ойлголт өгөхийн тулд эхлээд чөлөөт нэвтэрхий толиос Энэтхэгийн овог аймгууд ямар ажил мэргэжлээр дагнадгийг шүүрдэн жагсаав.  

Авана-Пенжабын араб гаралтай, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн каст.

Агарвал-Хойд Энэтхэгийн худалдаачдын каст. Энэ кастыг бүрдүүлэгчдийн олонх нь жайнууд.

Агхорипантх-Хамгийн ядуу хүмүүс. Амьтны сэг зэмээр хооллодог гэж баталдаг.

Араин-Цэцэрлэгчид

Арора-Худалдаачид

Багди-Завьчид, загасчид

Байраг-Ядуу санваартнууд

Банспхор-Хулс модоор эдлэл урлагчид

Бархай-Мужаан

Беллара-Сагс хийгчид /Өмнөд Энэтхэгт/

Бханги-Хог түүгчид

Бхиспи-Ус зөөгчид

Бхуинхар-Газрын эзэд

Гадария-Хоньчид

Идига-Дарс үйлдвэрлэгчид

Хаджжам-Үсчид

Шанан, шанар-Наргил модны жимсний шүүс үйлдвэрлэгчид  

 Мэргэжил-Овог

Үсчин /хаджджам, най, нхави, напит гм/

Мужаан /бархай, кхати, сутар гм/

Цэцэрлэгч /араин, качхи, мали гм/

Загасчин, завьчин /бхой, багди, джалия, кайбартха, коли, маллахи гм/

 

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.152
    2023/08/04

    манайх энэ систем рүү орж байгаам шиг ээ. Халамжийг хавтгайруулж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа шдээ. дээшээ гарахгүй гэдэгтэйгээ эвлэрчихсэн, улсаас өгч байгаад нь сэтгэл ханачихаад халтайгаад явж байгаа хүмүүс зөндөө байгаа биз дээ. ажил хийж мэдэхгүй, хийхийг ч хүсэхгүй болчихсонь хэцүү юмаа даа .

    Хариулах
  • 77.205.117.69
    2023/08/04

    Enetxeg ulsiin zasag tur xun am olontoi boloxoor xumuusee ogt toodoggui yum baina gej oilgoson

    Хариулах
    • 202.9.46.73
      2023/08/04

      Тэжээж дийлэшгүй маш олон хүн амтай. Энэ их хүн ам хөрс агаарыг их бохирдуулж байна. Болдогсон бол хүн амынхан талыг нь устгах юмсан.

  • 202.126.88.71
    2023/08/04

    Enetheg chuud saihan Amidrch bolnoo. Nom unshij modoo tarij busdad ulger jishee bolj tusla.

    Хариулах
  • 202.9.46.24
    2023/08/04

    Энэтхэг улс хүн ам зүйгээ бууруул төрөлтөө багасга.

    Хариулах