Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа
Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт,хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа. Хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа.
Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.
Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа.
Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж бэлэн байдлыг хангах, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг тусгажээ.
Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо.
Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэлээ.
"Шил" ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.
Товч мэдээ
· Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
· Улаанбаатар хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан “Олон улсы автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.38
Зөвшөөрөлгүй газарт буусан айл өрх.болон хууль зөрчин зөвшөөрөл өгсөн шийдвэр гаргагчидад хуулийн дагуу арга хэмжээ авах нь түмэн зөв. Гэвч амар тайван 20-30жил амьдарч байсан орчинд нь улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт нэрээр зам гүүрийн ажил хийхдээ үер усны суваг шуудууг нь таглаж бөглөж.үерийн суваг шуудууны урсац.гольдролыг өөрчлөн.айл өрх.хашаа гудамж руу чиглүүлэх.тухайн орчинд амьдардаг иргэдээс асуулгүй тооцоо судалгаа муутай үер усны урсац нэвтрүүлэх багтаамжгүй гүүр тавьснаас болж урд ямарч асуудалгүй амьдарч байсан айл өрхүүд зам гүүр баригдсанаас хойш байнга үер усанд өртөж асар их хохирол амсаж.амьдрах орчин нь эрс муудаж аюултай нөхцөл байдал үүсээд байна. Жич : Зам гүүр баригдсанаас хойш байнга үер усанд автан зарим айлуудын жорлон муу ус 3-4 удаа усар дүүрч эрэглэн нурж унаж дахин ухах.гэр хашаа байнга үер туулах.гүүрний ус нэвтрүүлэх суваг тунель хэт нарийн болж ус нь хахаж багтахгүй улмаас ойрын айлуудын хашаанд 05-1.8 метр өндөр ус түрж орж машин живүүлэх болоод бусад маш хохирол учруулжээ. Энэ асуудлыг яаж шийдэж иргэдэд учирсан хохирлыг хэн барагдуулах. амьдрах орчин нөхцлийг нь яаж аюулгүй болгох вэ. Орчинд хууль ёсны дагуу амьдарч байсан өрх.иргэдийн буруу огтхон ч биш.бүтээн байгуулалт нэрээр бий болгосон зам гүүрийн байгууламжаас үүдсэн хүчин зүйл.
Хариулах