СУРВАЛЖИЛГА: "Эцэг эхчүүд байгаа бүхнээ хүүхдийнхээ сургалтын төлбөрт шавхаад төлж байна"

Zuv.mn
2023/08/25

Их, дээд сургуулиудын хичээл эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Тэгвэл их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэр их нэмэгдэж, оюутнууд, тэдний ар гэрт хүндрэл учруулж буй эсэх талаар сурвалжиллаа.

Улсын Их Хурлын Хаврын чуулганаар "Боловсролын ерөнхий хууль" шинэчлэгдэн батлагдсан. Ингэхдээ "Дээд боловсролын тухай хууль"-д мөн  нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хүрээнд тус  хуулийн 27.1.4-т сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох гэж заасан. Энэ нь цаашдаа их дээд сургуулиудын төлбөрийг төрөөс тогтоож, өөрчлөлт оруулахгүй бөгөөд тухайн сургууль өөрсдийн хөтөлбөр, чанартаа тааруулан, төрөөс хараат бусаар төлбөрөө шинэчлэн батална гэсэн үг юм. Тэгвэл энэхүү хуулийн дагуу зарим их,  дээд сургууль сургалтын төлбөрөө хэрхэн шинэчлэн баталсан талаарх мэдээллийг хүргэж байна.

2021-2022 он болон 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, түүнийг харьцуулсан мэдээлэл:

Их дээд сургуулиуд

2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр /1кредит/

2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

/1кредит/

1.

МУИС

98.600₮-аас

119.000-123.000₮

2.

ШУТИС

138.000₮-аас

143.000₮-аас

3.

МУБИС

78.000-94.000₮

93.600-112.800₮

4.

АШУҮИС

117.000₮-аас

130.000₮-аас

5.

СУИС

96.400₮

96.400₮

6.

СЭЗИС

185.000₮-аас

203.000₮-аас

7.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

100.000₮-аас

110.000₮-аас

8.

ОУУБИС

90.000₮-аас

100.000₮-аас

Тэгвэл оюутнууд сургалтын төлбөр нь нэмэгдэж байгаа асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

"Сургалтын төлбөр нэмэгдсэн нь хүн бүрт, айл болгонд маш хүнд ачаа болж байна"

-МУИС-ийн оюутан н. Амин-Эрдэнэ:

2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий суурийн хичээлүүд нэг кредит нь 98.600 төгрөг байсан бол энэ жил ерөнхий суурийн нэг кредит хичээл 123.300 төгрөг, мэргэжлийн болон мэргэжлийн суурийн хичээлүүд 119.000 төгрөг болж нэмэгдсэн. Өнгөрсөн жил 37 кредит хичээл үзэхэд 3.650.000 орчим болж байсан бол энэ жилийн тухайд 4.440.000 орчим төгрөг болж нэмэгдсэн. Сургалтын төлбөр нэмэгдсэн нь хүн бүрт, айл болгонд маш хүнд ачаа болж байна. Оюутнууд хичээлийн хажуугаар ажил хийхээс өөр сонголтгүй болж, зуны амралтаараа хийсэн ажлын цалингаараа төлбөрөө төлөхөд, эхний улирлын төлбөрөө л төлж хүрдэг байх жишээтэй.

"Миний үед ийм байгаа сургалтын төлбөр дүү нарын маань үед ямар байх талаар санаа зовж байна"

-ШУТИС-ийн оюутан н. Инжин:

2022-2023 оны хичээлийн жилд нэг кредит хичээл 138.000 байсан бол энэ жил 146.000 төгрөг болж нэмэгдсэн. 20 кредитээр тооцоод хичээл сонгоход 5.800.000 төгрөг орчим болж байсан. Энэ жил 42 кредит хичээлээр тооцоход 6.200.000 төгрөг, нэг улирлаар бодоход 3.081.000 орчим болж байна. Карентиний үед 98.000 төгрөг хавьцаа байсан сургалтын төлбөр намайг элсэх үед огцом нэмэгдсэн. "АШУҮИС" зэрэг сургуулийг өндөр төлбөртэй гэж ярьдаг бол манай сургууль чимээгүй байж байгаад төлбөрөө нэмчихдэг, өндөр төлбөртэй болчихсон. Миний дүн сайн ч сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-19 өөс шалтгаалан олимпиадуудад оролцож чадаагүй тул тэтгэлэгт хамрагдаагүй. Тиймээс сургалтын төлбөрийг ээж, аав маань төлдөг. Би ажил хийж, ээж аавынхаа ачаанаас аль болох хөнгөлөхийг хичээдэг. Миний үед ийм байгаа сургалтын төлбөр дүү нарын маань үед ямар байх талаар санаа зовж байна. Би л сурах учраас сургалтын төлбөрөө яаж ийж байгаад төлөх ч энэ нь надад болон ард байгаа ар гэрийнхэний маань нуруунд хүнд ачаа болж байна.

-СЭЗИС-ийн оюутан н. Халиун:

Манай сургууль зөвхөн шинэ элсэгчдийн төлбөрийг л нэмдэг байсан. Энэ жил "А" байр нурсантай холбоотойгоор бүх курсийн төлбөр арван хувиар нэмэгдсэн. 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредит хичээлийн төлбөр 185.000 төгрөг байсан бол энэ жил 203.000 төгрөг болж нэмэгдсэн.

-ШИХИХУТУГ их сургуулийн оюутан н. Бат-Эрдэнэ:

Эхний жилийн сургалтын төлбөр 4.200.000 төгрөг байсан. Хоёрдугаар курст ороод, мэргэжлийн хичээлүүд орж эхэлсэн учраас 4.600.000 төгрөг болсон бол энэ жилийн сургалтын төлбөрийн мэдээлэл хараахан гараагүй байна. Манай сургууль кредитийн системээр биш курс, курсээрээ төлбөрөө тооцон төлдөг онцлогтой. Сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байна. Намайг анх нэгдүгээр курст орж байхад, дөрвөн курс дөрвүүлээ ижилхэн байсан бол, хоёрдугаар курст ороход, дөрвөн курс дөрвүүлээ нэмэгдсэн. Энэ жил ч мөн адил дөрвөн курсийн төлбөр нэмэгдэнэ гэсэн ам дамжсан яриа сонсогдож байна.

Эцэг эхчүүд байгаа бүхнээ хүүхдийнхээ сургалтын төлбөрт шавхаад өгдөг

-ШУТИС-ийн оюутан н. Сарангэрэл:

Би тэтгэлэгээр сурдаг болохоор сургалтын төлбөртөө санаа зовдоггүй ч анх  2022-2023 оны хичээлийн жилд нэг кредит хичээлийн төлбөр 138.000 төгрөг байсан. Одоо 143.000 төгрөг болсон байна. Нэг улирлын 21 кредит хичээлээр л тооцоход гурван сая төгрөг, нэг жилийн төлбөр зургаан сая гараад явчихна. Тэгэхээр эцэг эхчүүд энд тэндээс зээл авна, байгаа бүхнээ хүүхдийнхээ сургалтын төлбөрт шавхаад өгчихдөг. Ер нь л бол хэцүү, аль аль талдаа л хүндрэлтэй байдаг.

Өнгөрсөн жил сургалтын төлбөр нэмэгдсэн. Энэ жил нэмэхгүй гэж бодож байсан ч нэмчихлээ...

-Этүгэн их сургуулийн оюутан н. Жавзандулам:

2022-2023 оны хичээлийн жилд Эм зүйн нэгдүгээр анги гэж явж байсан болохоор 3.800.000 төгрөгийн төлбөртэй байсан. Энэ жилийн хувьд 4.100.000 төгрөг болж нэмэгдсэн. Би сургалтын албанаас асуухад сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөр нэмэгдсэн гэж хэлсэн. Энэ сарын 21-ны өдөр ирэхэд сургалтын алба хуралдаж байна гэж хэлсэн. Тэр хурлаас төлбөр нэмэгдэх шийдвэр гарсан байх.  Оюутнуудад төлбөр яагаад нэмэгдсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Өмнө жил төлбөр нэмэгдсэн учраас энэ жил дахин нэмэгдэхгүй байх гэж бодож байсан ч, нэмэгдсэн байсан.

-МУБИС-ийн оюутан н. Мөнхтуул:

МУБИС-ийн элсэлт бүртгэлийн хэлтсээс анх сургуульд зуучлахдаа: "2.800.000 төгрөгтэй байхад чиний эхний жилийн төлбөр болчихно оо"  гэж хэлсэн. Гэвч хотод ирэхэд нэг улирлын төлбөр маань л 2.200.000 төгрөг орчим байсан. Би тэр хүний хэлсэн мөнгийг л бэлдээд ирсэн тул, дараа улиралд дахиад 2.200.000 төгрөг бэлдэх гэдэг хэцүү санагдаж байна. Мөн "Эрхийн бичиг нь ирчихсэн юм чинь шууд хичээлдээ орох боломжтой" гэж хэлсэн боловч энд ирээд маш олон бичиг баримт хөөцөлдөж байна. Анхнаасаа мэдээллээ үнэн зөв өгөөгүйгээс ийн хохирч байна. Тиймээс мэдээллээ үнэн зөв өгдөг байгаасай гэж хүсэж байна.

Төлбөр нэмэгдээгүй. СУИС-ийн бүх мэргэжил өндөр төлбөртэй гэдэг буруу ойлголттой явдаг санагдсан

-СУИС-ийн оюутан н. Мичидмаа:

2022-2023 оны хичээлийн жилд нэг кредит хичээлийн төлбөр 96.400 төгрөг байсан. Энэ жил ч мөн адил нэг кредит хичээлийн төлбөр 96.400 төгрөг буюу нэг жилээр тооцоход 3.500.000 төгрөг болж байна. Төлбөрийн хувьд нэмэгдсэн зүйл байхгүй. Хосолсон мэргэжлийн ангиудын төлбөр илүү өндөр байдгийг хүмүүс бүх мэргэжил нь ийм өндөр төлбөртэй байдаг хэмээн буруу ойлголттой явдаг санагдсан.

-АШУҮИС-ийн оюутан н. Эмүжин:

2022-2023 оны хичээлийн жилд нэг кредитийн төлбөр 117.000 төгрөг байсан бол энэ жилийн хувьд нэг кредит хичээл 130.000 орчим төгрөг болж нэмэгдсэн. Жил ирэх тусам сургалтын төлбөр нэмэгддэг. Сургалтын төлбөр нэмэгдэх, бүх төлбөрөө төлж байж хичээл сонголтоо хийдэг нь оюутнууд болоод тэдний ар гэрийнхэнд хүндрэлтэй байдаг. Мөн сургалтын төлбөр яагаад нэмэгдэж буй талаар тодорхой мэдээлэл өгдөггүйд сэтгэл дундуур байдаг.

Их, дээд сургуулиудын удирдах зөвлөлөөс оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэж буй асуудлаар тодруулахад:

"Сургалтын төлбөрийн өсөлтийг сургалтын хөтөлбөр чанар болон оюутныг хөгжүүлэх олон талт хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын орчинг сайжруулах хөрөнгө оруулалтад зарцуулна" гэсэн тайлбар мэдээллийг өгч байсан юм.

Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэх хэрэгтэй, тэр хэрээр багш нарын чадвар, чадавхи, боловсролын чанар нэмэгдэж, чанартай боловсрол олгох нөхцөл бүрдэх тал байдаг гэж сургуулийн удирдлага болон багш нар ярьдаг. Тэгвэл "Боловсролын ерөнхий хууль" шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор энэхүү боломж нээгдсэн. Нөгөө талаас сургалтын төлбөр нэмэгдэж байгаа нь эдийн засгийн хямралийн үед  oюутнууд, тэдний ар гэрийн нуруун дээрх ачааг илүү нэмэгдүүлж байна хэмээн ярьж байлаа. 

                                                                                                                                                                                М. СИЙЛЭН



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.169
    2023/08/25

    Hemnelttei baiy. Heregtei Gsnee l avay. Uzeg tsaas. Huuchin heregslee Zarah udurlug zohioy. Saihn shu

    Хариулах
  • 66.181.191.42
    2023/08/25

    Монголд эмнэлэг эрүүл мэнд боловсрол гэж шунал нь шүгэлсэн бирдүүдийн мөнгө хийдэг газар болжээ

    Хариулах
  • 103.57.94.23
    2023/08/25

    Oyutnuud ih bayan shuu mongo shawhana gj bhgui

    Хариулах