"Оюутолгой" төслийн уурхайд Ковид-ийн тохиолдол гарч батлагдсантай холбогдуулан урьдчилан сэргийлах арга хэмжээний хүрээнд Монгол Улс-БНХАУ-ын хил дээрх хязгаарлалтуудыг чангатгаж, зэсийн баяжмалын экспорт түр зогсоод байна.
“Оюу Толгой” компани БНХАУ дахь хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж "Force majeure" давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ хөрөнгө оруулагч "Turquoise Hill Resources” мэдэгджээ.
Энэхүү мэдээллийн дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш 0.12 хувиар буурч, 16.04 ам.доллар болсон байна.
Харин Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 20.27 канад доллар байна.
Монгол Улсын Засгийн газар зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хэвд нь оруулах талаар БНХАУ-ын талтай ажиллаж байгаа гэдгийг өмнө нь мэдээлж байсан юм.
“Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр “Оюу Толгой” төслийн уурхайд Ковид19-ийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус компани шаардлагатай арга хэмжээ авч, 9726 удаагийн PCR шинжилгээ хийжээ. Хариу нь бүгд сөрөг гарсан талаар мэдээллээ. Үйл ажиллагааны хувьд ил уурхай, баяжуулах үйлдвэр, савлах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм байна. Харин шинжилгээ авах үеэр ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс гүний уурхайн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн Улаанбаатараас “Оюу Толгой” төслийн талбай руу зорчих хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа юм байна.
Харин Уул уурхайн сайд Г.Ёндон төслийн талбайд Ковид19-ийн халдварын тохиолдол илэрснээс хойш дахин нэмэгдээгүй нь сайн мэдээ гэж онцоллоо. Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж тэдний зүгээс тавьсан шаардлагын дагуу ажиллаж байгаа гэлээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гашуунсухайт боомт дээр үүсээд байгаа асуудлаар БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй холбогдож нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Элчин сайд цаашид Оюу толгой болон бусад уурхайнуудад гарч болох эрсдэл, Монголын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг хэвэнд нь оруулах асуудлыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ хэмээн тайлбарлажээ.
Оюу толгой компанийн зүгээс ойрын хугацаанд баяжмалын тээврийг сэргээх, бүх ажилчдаа вакцинжуулах, ээлж солих болон Засгийн газраас гаргасан ажлын хэсэгтэй хамтран ажиллана гэдгээ өнгөрсөн долоо хоногт хийсэн цахим уулзалтын үеэр “Оюу толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес салбарын сайдад мэдээлжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 10-нд Засгийн газраас “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн хэлэлцээний талаар авч хэлэлцэнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.
УИХ болон Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг:
- Хөрөнгө оруулагч талтай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийх
-Гэрээнд заасан Оюутолгой ордын үр өгөөж гэх ойлголтыг илүү нарийвчлан зохицуулж тодорхой болгох
- Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ашиг тусыг гадаадын хэт олон субьектэд эдлүүлэхээр байгааг хязгаарлах
-Татварын орчинг илүү нарийвчилж хөрөнгө оруулалтын гэрээнд татвараас зайлсхийх цоорхой байгааг арилгах
-Маргаан гарангуут Монгол улсын хууль шүүхийг алгасан хөрөнгө оруулагч тал шууд Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд ханддаг байдлыг зогсоох
-ТЭЗҮ дэх зардал, түүний хэлбэлзэлд хязгаар тогтоох
-Менежментийн үйлчилгээний төлбөрийг суурь зардалд үндэслэн тогтоож байгааг өөрчлөх
-Монгол улс ногдол ашиг авах хугацааг наашлуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна.
Одоогоор Оюутолгой 648.9 тэрбум төгрөгийн татварын өрөө төлж, гэрээг шинэчлэх Монголын талын саналыг хүлээн авч буулт хийгээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.37
Нүүрс зогсчихоод ачуулсан машин кабиндаа хоол ундны мөнгөгүй 20 хонож байна.
Хариулах