Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргөх товыг тогтооно


УИХ-ын Тамгын газраас өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганыг хуралдуулахаар товлосноо зарлаллаа. Төрийн байгуулалтын байнгын хороог 12.00, УИХ-ын чуулганыг 14.00 цагаас хуралдуулахаар товложээ. Эдгээр хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай суудлыг хэлэлцэх юм. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.3-т "Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасан байдаг юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан шийдвэрийг УИХ дараах дэгээр хэлэлцэх хуулийн зохицуулалттай.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

95 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх

95.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргана.

95.2.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг дараах журмаар гаргана:

95.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;

95.2.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;

95.2.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах;

95.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргах.

95.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

Ийнхүү УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталснаас хойш 30 хоногийн дотор тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна