Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саигтай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд Б.Батцэцэг Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж, улмаар манай орны хүүхэд багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.
АНЭУ-ын Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг онцлов. Сайд нар ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор ярилцав.
Эх сурвалж: Монцамэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна