Афганистаны дүрвэгсэд аль улс руу очих вэ?

Өчигдөр 10 цаг 10 минут

Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудад эх орноосоо дүрвэхээс өөр сонголт үлдсэнгүй. Тиймдээ ч онгоцноос унаж үхэх эрсдэлээс үл айн зугтаж байхад нэг хэсэг нь хүүхдээ  ч атугай сайхан амьдруулахын тулд АНУ-ын цэргүүдэд өгч явуулж байгаа зураг сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн сэтгэлийг шаналгаж байна. 

Мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдлаас өнөөдрийн байдлаар 2.2 сая афганистан хүн хөрш орнууд руугаа дүрвэсэн бол 3.5 сая хүн гэрээ орхин Афганистаны хилийн цэг дээр ээлжээ хүлээн зогсож байна. Гэвч газар нутгийн ихэнхийг нь эзэлсэн Талибан бүлэглэлийн зэвсэгт албаныхан афганчуудыг эх орноос нь явуулахыг хүсэхгүй байна. 

Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн  асуудал эрхэлсэн дээд комиссарын хэвлэлийн ажилтан “Афганистанчуудын ихэнх нь эх орноосоо дүрвэж чадахгүй  байна. Тэдэнд ямар аюул тулгарах нь тодорхой бус, аврах гарц алга” гэв.Одоогийн байдлаар 1500 афган хүн Узбекистан руу нэвтрэн хилийн ойролцоо майханд амьдарч байгаа бол үүнээс хэд дахин олон хүн Кабулын олон улсын нисэх буудалд толгой хоргодож байна. НАТО-гийн баасан гарагийн мэдээллээр талибанчуудад эзлэгдсэнээс хойш 18 мянган хүн Афганистанаас онгоцоор ниссэн байна. Гэхдээ үүний хэд нь афган үндэстэн гэдэг нь тодорхой бус  байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн  асуудал эрхэлсэн дээд комиссарын мэдээлснээр талибанчуудад эзлэгдэхээс өмнө мөргөлдөөний улмаас зөвхөн энэ жил 550 мянга гаруй хүн Афганистанаас дүрвэжээ. Ингэснээр гадаад руу дүрвэсэн афган хүний тоо ойролцоогоор 3.5 саяд хүрсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн оны сүүлээр 2.2 сая дүрвэгч хөрш орнуудаасаа орогнол хүссэн юм. Тэдний ихэнх нь энэ жил үер, ган гачигийн улмаас хүнсний дутагдалд ороод байна. 

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор тус улсын хүн амын гуравны нэгээс илүү буюу 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж зургадугаар сард мэдээлж байв. Хөрш орнуудаас Пакистан, Иран улс өнгөрсөн жил хамгийн олон Афганистаны дүрвэгчийг хүлээн авчээ. Тухайлбал, 2020 онд 1.5 сая афган хүн Пакистан руу, 780 мянган афган хүн Иран руу нисчээ. Үүний дараа 180 мянган хүн Герман, 130 мянган афганыг хүлээн авсан Турк улс орж байна. Ийн Афганистаны дүрвэгчдийг хүлээн авдаг улс орны жагсаалтыг BBC цахим онцолсныг орчуулан хүргэж байна.

1.Иран

-Афганистантай хиллэдэг гурван муждаа дүрвэгчдэд зориулсан яаралтай хүлээн авах майхныг байршуулсан байдаг. Одоогийн байдлаар тус улс 3.5 сая Афган хүнийг хүлээн авчээ.  Тэднийг улс орны нөхцөл байдал нь сайжирсны дараа буцаана гэдгээ Ираны Дотоод хэргийн яам мэдэгджээ.

 2.Пакистан

-Пакистаны ерөнхий сайп Имран Хан хэрэв Талибан Афганистанд хяналтаа тогтоовол хилийг нь мэдэлдээ авна гэдгээ долдугаар сард мэдэгдэж байв. Гэвч нэг л нээлттэй хилийн зурвасаар мянга мянган афганистан хүн Пакистан руу нэвтэрч байгааг хэвлэлүүд мэдээллээ.

 3.Тажикистан

-Хэдэн хүн хүлээн авсан  нь тодорхой бус байгаа ч Афганистаны Үндэсний армийн цэргүүд тэргүүтэй хэдэн зуун хүн Тажикистан руу очжээ. Тус улс  Афганистанаас 100 мянган дүрвэгч хүлээн авахаар бэлтгэж байгаагаа долдугаар сард зарлаж байсан билээ.

 4.Узбекистан

-Афганистан-Узбекистаны хил дээр 1500 гаруй афган хүн хуаранд амьдарч  байна. Ингэхдээ албан ёсны визтэй хүмүүсийг хилээр гарахыг талибанчууд зөвшөөрчээ.

 5.Их Британи

-Их Британи улс урт хугацаанд 20 мянган афган иргэн хүлээн авахаар төлөвлөснөө зарласан. Ингэхдээ эхний жил нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, цөөнх бүлэг гэсэн талибанчуудын хяналтад амьдрахад хамгийн аюултай бүлгийн 5000 хүнийг хүлээн авч, суурьших эрх олгох юм.

 6.Америк

-Афганистанд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүмүүс, мөргөлдөөний хохирогчид гээд цагаачлал хэрэгтэй байгаа дүрвэгчид болон цагаачлалын онцгой виз мэдүүлэгчдэд 500 сая ам.доллар зарцуулахаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан.

 7.Канад

-Талибаны аюултай тулгарсан Засгийн газрын ажилчид болон эмэгтэй удирдагчид тэргүүтэй 20 мянган афганыг Канад хүлээн авна.

 8.Австрали

-Афганистанаас дүрвэгчдийг амьдрахад зориулан хүмүүнлэгийн виз олгох хөтөлбөр хэрэгжүүлэн 3000 газар бэлтгэнэ гэж Австрали мэдэгдсэн. Үүнд одоо байгаа виз олгох хөтөлбөр багтжээ.

 9.Герман

-Герман афганистанчуудыг хүлээн авахаа зөвшөөрсөн ч тоог нь хэлсэнгүй. Тус улсын канцлер Ангела Меркел 2015 онд боловсруулсан цагаачдын нээлттэй бодлогынхоо төлөө хурцаар шүүмжлүүлсэн. Тиймээс одоо тус улсын Засгийн газар афганистанчуудыг хөрш орнууддаа аюулгүй амьдрахад нь анхаарлаа хандуулж байгаа гэж мэдэгдэв.

 10.Франц

-Тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европ Афганистаны хууль бус цагаачлалын давалгаанаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Учир нь одоогийн энэ хэцүү нөхцөл байдлын үр дагаврыг Европ дангаараа зогсоож чадахгүй. Гэхдээ Франц улс хамгийн их аюултай нүүр тулсан афганчуудыг хамгаална” гэж мэдэгдсэн. Харин Австри, Швейцар улс афган дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзжээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна