АНУ-д хурдны зам дээр бэлэн мөнгө цацагдсанаас замбараагүй байдал үүсжээ


Баасан гарагт АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсгийн хурдны зам дээр их хэмжээний бэлэн мөнгө цацагджээ.

Сан Диего хотоос Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацын оффис руу бэлэн мөнгө хүргэхээр тээвэрлэж байсан хуягт автомашины арын хаалга санамсаргүй дэлгэгдсэнээс ийм хэрэг гарсан байна.

Энэ үеэр хэд хэдэн боодол задарч, зам дээр $1 болон $20-ын дэвсгэртүүд цацагджээ.

Тухайн үед зам дээр зорчиж байсан автомашинууд зогсож, хүмүүс бэлэн мөнгийг цуглуулан гүйлдэж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд тарсан байна.

Энэ үеэр хоёр хүнийг баривчилснаа Калифорнийн Авто замын Эргүүлийн алба мэдээлжээ.

Мөн цацагдсан дэвсгэртүүдээс авсан хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай анхааруулж, буцааж өгөхийг Холбооны Мөрдөх Товчоо уриалсан байна. Хэр хэмжээний мөнгө цацагдсаныг эрх баригчид нууцалж байгаа юм.

Баасан гарагийн үдээс хойш арав гаруй хүн цуглуулсан мөнгөө сайн дураар буцааж өгснийг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.