Ахмад настан банкнаас авсан зээлээ барагдуулаагүй байхдаа нас барсан бол төрөөс чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьжээ

2022/01/18

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өчигдөр (2022.01.17) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна.

Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих түвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтолцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна гэж хууль хууль санаачлагч танилцуулав.

Мөн Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банканд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгзл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.

Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.231
    2022/01/30

    тэгвэл үхэхээр улс төлнө гээд овоо оцойтол зээл аваад үхэе дээ ийм элийрсэн юм хийхээ болимоор юм даа

    Хариулах
  • 192.82.71.15
    2022/01/29

    Туваан гишүүнд баярлаж байна шүү сайхан хууль санаачилжээ хөөрхий хөгшид амар амгалан нойрсохнээ

    Хариулах
  • 66.181.181.177
    2022/01/19

    төрийн мөнгө гэж хэний мөнгө юм бэ яахаараа хүний өмнөөс өрийг нь бусад нь төлж өгөх ёстой юм бэ банк зээл өгөхдөө эрсдлийн үнэлгээ хийдэг биз дээ мөн эрсдлийн сан гэж байдаг биз дээ иймэрхүү эрсдлүүдийг хаахгүй юм бол тэр сангаар яам юм бэ яахаараа төр банкуудын эрсдлийг дааж 100 хувийн баталгаа өгч байгаа юм бэ

    Хариулах
  • 43.242.243.138
    2022/01/19

    АН хоорондоо учраа олж чадахгүй болохоороо хэдэн гишүүд нь ард түмэнд таалагдах гэж дор дороо ямарч утгагүй хууль санаачилж, ганцаарчилсан тоглолт хийж байна.

    Хариулах
    • 103.26.194.139
      2022/01/19

      Яг үнэн

  • 122.201.31.204
    2022/01/18

    ЗЭЭЛ АВХУУЛДАГ ХҮҮХДҮҮД НЬ ЭЦЭГ ЭХЭЭ ХУРДАН ҮХЭЭСЭЙ ЗЭЭЛ ТЭГЛЭНЭ ГЭХ ЮМ БН Л ДАА

    Хариулах
  • 139.5.219.15
    2022/01/18

    Хөгшин хонины насгүй болсон хөгшчүүд бүтэлгүй хүүхдүүдийнхээ шахаанд орж үхэцгээх нь дээ.

    Хариулах