ГХЯ: Дэлхийн бусад орнуудын олон мянган оюутнууд Украинд гацсан

Х.Есү
2022/02/28

Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад саатаад байгаа дэлхийн бусад орны иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. 

БНХАУ

Хятадын 6000 гаруй иргэд Украйнд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Дийлэнх нь оюутнууд. Украйн дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөсөн.

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун 2 дугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украйнаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусч, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна. 

БНЭУ

Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украйнд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украйнтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ 2 дугаар сарын 27-ны өдөр Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжний 219 иргэнийг 2 дугаар сарын 28-ны өдөр авах ажээ.

 АНУ, Их Британи, Япон 

Эдгээр улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украинаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

Африкийн олон мянган оюутнууд Украинд гацжээ

Одоогоор Украинд 4,000 орчим Нигери улсын иргэн суралцаж байна. Тэдний зарим нь Нигерийн Засгийн газраас мэдээлэл дутмаг байгаад бухимдлаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуваалцжээ.

Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй Нигерийн оюутан 23 настай Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна. Бүх хотод тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон. Эгч бид хоёр яахаа мэдэхгүй сандарч байна. Бид аюултай нөхцөл байдалд байна. Нисэх онгоцны буудал хаагдсан тул эндээс явах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Украин өндөр эрсдэлтэй гэж үзэн агаарын орон зай, иргэний нислэг, тэр дундаа Киевийн нисэх онгоцны буудлыг хаажээ.

Харин Пүрэв гарагийн үдэш Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ “Онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа Засгийн газар явахыг хүссэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.

Марокко, Египет улс эртнээс иргэдээ Украинаас явахыг зөвлөсөн

Нигери улс Украин дахь гадаад оюутнуудын тоогоороо 2-т ордог бол хамгийн их оюутантайгаараа Марокко (8,000 оюутантай) дараа Египет 3,500 ордог байна.

Хоёр долоо хоногийн өмнө Мароккогийн Засгийн газар иргэдээ аль болох хурдан Украиныг орхин явахыг уриалсан бол Украин дахь Египетийн нийгэмлэгийн тэргүүн Али Фарук хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Египетийн Элчин сайдын яам оюутнуудыг буцаан авчрах ажлыг зохион байгуулсан” гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.5
    2022/03/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах