М.Анхцэцэг: Эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэггүй юмаа гэхэд өсвөр насны охидынхоо эрхийг хамгаалмаар байна

Т.Отгонсувд
Өчигдөр 16 цаг 04 минут

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шавилхан биендээ багтамгүй их хүч тэвчээртэй, монгол түмний хайртай хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомийн аварга МУГТ М.Анхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2022 оны Спортын салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсан юм.

No description available.

Сайн байна уу. Юун түрүүнд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мөн Нийслэлийн спортын салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсанд баяр хүргье.

-Баярлалаа. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. Монголынхоо бүх сайхан ээжүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье.

Таны хувьд  гуравдугаар сарын найман гэдэг өдөр ямар утга учиртай, хэр ач холбогдол өгдөг баяр вэ?

-Ер нь бол мартын найман гэхээр монголчууд нийтээрээ ээжүүдээ, эхнэрүүдээ, охидуудаа баярлуулдаг. Манай аав жоохон байхад мартын наймнаар бид нарт хоол хийж өгөөд л, эрхлээд л байж байх ёстой юм шиг тэгж өсгөсөн.

Одоо харин одоо том болоод нийгэмд эзлэх байр суурьтай болоод ирэхээр энэ өдрийг яг жинхэнэ утгаар нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм шүү гэж бодогдох болсон. Зөвхөн мартын найманд эрхээ эдлээд бусад өдөр нь эрх нь зөрчигдөх биш, эрх зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдэд  байдаг шүү тэр эмэгтэйчүүдэд хүрч ажиллаасай гэж сануулж  энэ өдөр байгаа ч юм шиг санагддаг болсон.

Тэгэхээр бүх эмэгтэйчүүд аз жаргалтай, эрүүл энх, эрхээ мэддэг бас үүргээ мэддэг нийгэмд оролцох оролцоо нь өндөр байгаасай гэж хүсэж байна. 

Та энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Бүтэн сайн өдөр биш л бол бэлтгэлтэй байдаг /инээв/. Бэлтгэл өглөө эрт байх юм бол манай багш, багийн хөвгүүд цэцэг, бэлэг бэлэглэдэг. Бас ханиасаа бэлэг авна . Ээж, эмээ нар гээд ойр дотныхоо бүх хайртай эмэгтэй хүмүүсдээ баярын мэнд хүргэдэг. Чадах нэгэнтэй нь баярыг нь хуваалцаж өнгөрүүлдэг.

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Таны хамгийн мартагдашгүй мартын найман хэзээ байсан бэ?

-Хүүхэд байхад л өнгөрүүлж байсан гурван сарын наймны өдрүүд мартагддаггүй. Аав маань жил болгон ээж, гурван охиноо баярлуулдаг байсан. Дараа нь бид хэд эмээгийндээ ах дүү хамаатан саднаараа цуглаж олуулаа бужигналдаж өнгөрүүлдэг болсон.

Өнөөдөр Монголд эмэгтэйчүүдийн эрх бүрэн хамгаалагдаж чадаж байна уу?

-Ер нь бол бүх тал дээр дутагдалтай байгаа юм шиг санагддаг. Нийгэмд эзлэх байр суурь, удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо гэх мэт. Одоо жишээлбэл, манай спортын салбарт ч гэсэн яг удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүд цөөхөн, яг мэргэжлийн спортын өндөр зэрэглэлийн тамирчин байж байгаад удирдах албан тушаалд очсон хүн бараг байхгүй, ховор гэдэг ч юм уу.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидуудын хүчирхийлэл асар өндөр хэмжээнд байгаа. Одоо хүртэл цэгцэрч шийдэгдээгүй, тоо нь багасаагүй тэгээд бүр балчир 10-12 настай хүүхдүүд хүртэл энэ дунд байж байгаа.

Бусад салбарынхаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэггүй юмаа гэхэд ядаж өсвөр насны охидынхоо эрхийг нь бид хамгаалмаар байна. Өнөөдөр хамгийн чухал тулгамдаж байгаа асуудал бол өсвөр насны охидуудын эрхийг юун түрүүнд хамгаалж сурмаар байна гэж бодож байна.  

No description available.

Энэ асуудлыг шийдэхийн тулд та болон бусад хүмүүс хувь хувьдаа юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Хамгийн чухал нэг юм бол ээжүүдийн оролцоо байхгүй юу.  Хөвгүүдээ араатан болгож битгий өсгөөсэй л гэж боддог. Энэ бол гэр бүл төлөвлөлт шүү дээ. Яг уг үндсээр нь аваад үзвэл хүний хүмүүжлийн 70-80 хувь нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байдаг гэж би ойлгодог. Багадаа эцэг эхийн салалт сарнилт, гэр бүлийн хүчихийлэл харж өсчихсөн хүүхэд том болоод хүчирхийлэгч болно. Тэгэхээр бүгдээрээ гэр бүлийн төлөвлөлтөө зөв хийгээсэй. Тэгэх юм бол аз жаргалтай хосуудын дундаас аз жаргалтай хүүхэд ирээдүйд аз жаргалтай монгол улсын иргэн, гэр бүл гарах болно. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол гэр бүл төлөвлөлт юм шиг санагддаг.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Төгсгөлд нь та үзэгчиддээ хандаад баярын мэндчилгээ дэвшүүлвэл?

-Эмэгтэйчүүдийн эрх гэж байдаг шүү, охидуудын эрх гэж байдаг шүү гэж  хүн болгонд сануулдаг өдөр гэж бодож байна. Огт байхгүй байсан бол тэгээд л өнгөрч байгаа шүү дээ. Бас өсвөр насны охидуудтай ээж аавууд маань охидуудтайгаа ярилцаж, энэ бүхнийг ойлгуулж өгөөрэй. Гэр бүлийн хаалттай харилцаанаас үүдээд эцэг эхдээ хэлж чадахгүй, юу болоод байгаагаа ойлгохгүй хохирч байгаа асар олон эмэгтэйчүүд байдаг байх гэж боддог.

Бүх сайхан эмэгтэйчүүд, ээжүүд, охидууддаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.242
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах