Ц.Шинэбаяр: УБЕГ, Хөвсгөл, Баян-Өлгий аймаг "Шударга байдлын үнэлгээ"-гээр хамгийн бага оноо авсан

2022/03/17

“Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас жил бүр гаргадаг авлигын индексээр Монгол Улс 110 дугаар байранд эрэмбэлэгджээ. Харин төрийн байгууллагуудын Шударга байдлын үнэлгээгээр өмнөх оныхоос 1.2 пунктээр буурсан байна. Дээрх судалгаануудын АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

-Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ 72.9 болж өмнөх оны үнэлгээний дүнгээс 1.2 пунктээр буурчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байсан бол? 

-Шударга байдлын үнэлгээ нь төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авилга үүсэх шалтгаа,н нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ 2021 онд 72.9 болж өмнөх үнэлгээний дүнгээс 1.2 пунктээр буурсан нь гадаадын шударга байдлын үнэлгээ 4.7 пунктээр буурсан нь нөлөөлсөн. Харин жил бүрийн судалгааны үр дүнгээс харахад төрийн байгууллагуудын ил тод байдлын үзүүлэлтийн оноо сайжрахгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ үзүүлэлт сайжирвал нэгдсэн дүн ахих боломжтой.

-Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан газруудыг нэрлээч?

-Агентлагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэлгээний төвшин хамгийн доогуур гэж гарч байна. Мөн  Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн доогуур үнэлэгдсэн. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар гэхэд сүүлийн таван удаагийн судалгаагаар хамгийн доогуур үнэлгээтэй гарч, сүүл мушгисан. Орон нутаг, аймгуудаас ирж байгаа өргөдөл, гомдол мэдээллийг аваад үзэхээр Баян-Өлгий аймгаас маш их өргөдөл гомдол ирдэг. Үүнд Баян-Өлгий аймагт анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл Шударга байдлын үнэлгээний дүн бол Засгийн газраас яам агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг үнэлгээний нэг үзүүлэлт болдог.   

-Аль албан тушаалын хүмүүс авлигын гэмт хэрэгт түлхүү холбогдож байна гэсэн судалгаа гарсан бэ?

-Өнгөрсөн онд АТГ-т 3300 өргөдөл гомдол ирсэн. Авлигын гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 80-аад хувь нь төрийн албан хаагчид байна. Үүнээс улс төрийн албан хаагчдын авлигын гэмт хэрэгт түлхүү холбогдсон байгаа юм.

-Энэ бүхний шалтгаан нь юу байсан бол?

-Энэ бүхний шалтгаан нь томилгооны ил тод, шударга байдалтай холбоотой. Ер нь томилгоо тун эргэлзээтэй байдлаар хийгддэг. Уг нь Төрийн албаны тухай хуульд мерит зарчим гэж заасан. Гэтэл мерит зарчмаар бус тохиолдлын шинж чанартай, шал өөр тэр ажлыг мэдэхгүй, мэддэг байлаа ч сэтгэлгүй, хувийн шуналаа дарж чадахгүй хүнийг удирдах албан тушаалд томилсноор ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг. Тиймээс улс төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнууд авлига, албан тушаалын хэрэгт маш ихээр холбогдож, энэ үзүүлэлт буурахгүй байна.

Эх сурвалж: ISEE.mn

Ярилцсан Б.Батчимэг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна