Б.Болор-Эрдэнэ: Ноднин нутгаасаа гараад 1100 километр явж байж өвстэй залгасан


Залуу малчдын төлөөлөл болсон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин Ш.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бие даан мал маллаж эхлээд 10 гаруй жил болж байгаа ч "Аймгийн аварга малчин", "Алтан төлийн эзэн"-ээр шалгарсан амжилтын эзэн. Түүний ярилцлагыг уншаад та бүхэн малчин хүний аж байдал, жаргал зовлонгийн талаар бага ч атугай мэдэрнэ гэж бодож байна.

-Хоёулаа ярилцлагаа мал аж ахуй эрхлэхийн хүндрэл, бэрхшээлтэй талаас эхэлнэ ээ. Сүүлийн жилүүдэд ган, зудын давтамж нэмэгдэж мал маллан амьдрахад амаргүй болж байх шиг байна. Өвлийг өнтэй, хаврыг эрсдэл багатай даван туулахын тулд та хэрхэн хичээж байна?

-Манайх 2017 онд Бумбахай, Угалзын нурууны ар руу буюу отрын бүс нутагтаа адуугаа оруулж сайхан өвөлжүүлсэн. Баянхонгороос ч олон оторчид орж ирсэн. Отрынхон ихээр орж ирэхээр цөлжилт болдог, элсний нүүдэл нэмэгддэг. Бороо орохгүй бол нөхөн сэргээнэ гэж байдаггүй юм билээ. Модлог олон наст ургамлууд сүйдэж гэмтсэн. Хол газраас өлсөж ирсэн мал тааралдсанаа иддэг, олон наст ургамлыг сүйтгэдэг.

Манай сумын Хонгорын нуруу, Цагаан хамрын отрын бүс нутагт гаднын сумдуудаас ирсэн хүмүүс дур мэдэн бууцгааж, байр барьж, отрын бүс гэхэд хэцүү болсон. Хавар үгүй юмаа гэхэд зун намар нь ирээд нутаглачихдаг болохоор өвөлд  отроор орох гэхээр юу ч байхгүй болчихсон байдаг. Үүнээс гадна машин олшроод энд тэнд зам их гаргаж байна. Машин газрын хөрсийг эвдэж, өвсийг ургаа биш болгодог. Мал үндэс дээр нь гишгэлгүй явчихдаг бол машин гишгээд явчихдаг. Нутаглахгүй байгаад байхаар байгаль цаанаасаа сэргэдэг юм байна л даа. Харин энэ жил давгүй байна. Цаг агаар сайхан байх юм бол отор нүүдэл багатай, мал гайгүй болох болов уу гэсэн таамагтай байгаа.

-2020-2021 оны өвөл, хавар зарим аймаг, суманд амаргүй болж өнгөрсөн. Энэ үед танайх отроор явсан уу?

-Би нэлээн олон отрын бүс нутгаар явж байсан. Шилийн зоо, Улаан-Ухаа, Мандахын зүүн тал, Сайхандулааны хойд тал руу нутагласан. Тийшээ бэлчээрийн зохицуулалт, менежментийг сайн хийдэг. Аль ч аймгийн оторчдыг хүлээгээд авах боломжтой. Зундаа бороо хур ч их ордог юм билээ дээ. Бид тэнд нутаглаад сайхан өвөлжиж, хаваржаад ирсэн. Бас үүнээс цаашаа Долоотын говь, Өргөний хөндий, Дэлгэрэхийн зүүн тал, Малах, Цэнхэрмандалын урд талаар нэлээн л явж байлаа. Зүүн талын отрын бүс Хэрлэнбаян-Улаан бол манай эндэхтэй зүйрлэмээргүй байдаг шүү дээ. Өвс ургамал нь өндөр, газар нутаг нь талбай томтой. Манай эндэхийн отрын бүс цөөхөн мал, цөөхөн өрх хүлээж авах боломжтой.

-Өвөлжилт хүндэрсэн тэр жил (2020-2021) төрийн зүгээс малын хүчит тэжээлийн тусламж үзүүлсэн. Энэ нь та бүхэнд дэмжлэг болж чадсан уу?

-Цаг хүндрээд отор хийгээд явж байхад энэ тэжээлийг бидэнд өгсөн. Энэ бол малчдын амьдрал, амьжиргааг дэмжиж, мал аж ахуйгаа нь авч үлдэхэд маш том дэмжлэг болсон. Цаг үеэ олсон зүйл гэдэг тийм чухал байдаг юм билээ.


-Малчдад хамгийн чухал зүйлийн нэг бол бэлчээр байдаг. Бэлчээрээ дагаж отор нүүдэл хийхээс өөр аргагүй. Тэгэхээр отор нүүдэл гэж юу болохыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Одооны буюу орчин үеийн отор өөр болчихоод байна. Түрүү үед малаа таргалуулах зорилгоор намрын дэлгэр сайхан цагт оторлох гэж ярьдаг байсан. Одоо малаа онд оруулах гэж, амьдрал амьжиргаагаа авч үлдэх гэж оторлодог болчихсон. Малаа шалаанзад ачаад явдаг болсон учир аль ч аймаг, хаа ч хүрэх боломжтой. Түрүү үед тэмээ мориороо тууж, хөлөөрөө явдаг байсан бол одоо машин явж болох ямар л газар байна, тэнд хүрдэг болсон.  

-Мэдээж өвлийн хүйтэнд хэдэн малаа аваад хүний нутаг руу явна гэдэг яаж ч бодсон амар биш гэж бодогдож байна?

-Бид олон аймаг сумаар дамжин отор хийгээд сурчихсан учраас бэрхшээлтэй асуудлыг нь мэддэг болчихсон. Өөрсдөө гайгүй байвал нутгаа тавьж өгөх хэмжээнд боловсорсон хүмүүс шүү дээ. Зовлонг нь ойлгоно. Отор хийнэ гэдэг тийм амар аятайхан ажил биш. Зардал их гардаг. Холхон отроор явах нь нэлээн чадвартай хүний л хийх ажил. 

-Малчид оторт явахад гарах зардал, хүндрэлтэй тал, эрсдэл нь юу байдаг вэ. Мөн нийгмийн асуудалд хэрхэн нөлөөлж байна?

-Нэг шалаанзад 200-400 мал ордог. Бензин түлшний үнэ нэмэгдсэн энэ үед нэг шалаанзанд 5 сая төгрөг зарцуулж, 10 шалаанз хөдөлгөе гэж тооцвол хэд болох билээ. Очоод хүмүүсийн ая тал засаж, худаг усыг нь гуйж байж малаа усална. Энэ мэтчилэн тоочоод байвал зөндөө л асуудал байна. Хүүхдийн хувьд бас хэцүү. Ноднин эхнэр бид хоёр, гурван хүүхдээ өвөө эмээ дээр нь орхиод л явсан. Хамт байж сурсан юм болохоор байдгаараа байж л байсан. Хаа хаанаа гүрийж байгаад л ирнэ шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь юм хугацаатай. Дэлгэр сайхан цаг ирнэ гэж тооцоолж л бид зүтгэсэн болохоос дараа жил ийм байна гэж бодож явахгүй. Сайхан цаг ирнэ гэж л мөрөөдөж явсан. 

-Хамгийн холдоо хаа хүрч байв?

-Дорноговийн наад тал Дундговийн заагаар очсон. Ерөнхийдөө тараад л явчихсан даа. Газар, газар л нутаглахгүй бол нэг газар бөөгнөрүүлэхэд хэцүү. Онд орохдоо муу. Хүнд сэргэлэн чанар, ухаан хэрэгтэй юм билээ. Айл болгонд хэдэн мал тавиад яваад байсан нь оносон. Нэг айлд 200 мал, дахиад нэг таньдаг айлдаа гуйж байгаад 200 мал тавиад зун эргүүлээд цуглуулахад 10 хувь нь хорогдчихсон байдаг. Нэг айлд бөөнөөр нь үлдээвэл ихэнхийг нь тавиад туучихсан байх магадлал өндөр учраас ийш тийш нь их тараасан. Гэхдээ сайн яваад ирсээн.

-Мал сүрэг тухайн нутаг орондоо дасан зохицсон байдаг. Тэр утгаараа отроор явах нутгийг сонгох нь ч бас учиртай байх?

-Хангайнхан говь руу ирэхэд хэцүү л байдаг байх. Говийнхон хангайд очоод хүйтэн сэрүүн байгаад байхаар аятайхан байдаггүй л юм. Хамгийн гол нь ямар мал маллаж байгаагаасаа хамаараад хаана идээшиж, дасан зохицохыг бодож отор хийхгүй бол манайх Хөвсгөлд очоод хэдэн тэмээгээ хариулна гэж худлаа. Тэмээтэй хүн говь л бараадна. Монголын 33 говь байдаг. Тийм учраас газрын зурган дээрээс харж байгаад л явдаг. Хаана нь говь байна, тийшээ яаж хүрэх үү гэдгийг орчин үеийн дэвшилтэт технологи, GPS, интернет, гар утас ашиглаад тодорхойлж болж байна. Малчид бид чинь технологийн дэвшлийг аж амьдралдаа ашиглаад сурчихсан шдээ.

-Говийн өвс, ургамлыг шим сайтай гэж ярьдаг. Үнэхээр тийм байдаг уу?

-Говийн өвс ургамал бага, тачирхан мөртлөө шим тэжээл сайтай байдаг. Мал нь ч энэ бэлчээртээ дасан зохицсон байдаг. Говийн мал говьдоо л чанартай байна уу гэхээс өөр газар очоод чанартай байж чаддаггүй. Хангайн мал хангайдаа л чанартай байдаг. Говийн мал зуны дулаан цагт хангайд очоод ч таргалдаггүй. Халуун нарандаа шарагдаад, өвс хоол олдохгүй шахуу байвал таргалаад байж байдаг онцлогтой.

-Отор нүүдэл хийхэд хэчнээн хугацаа зарцуулах уу?

-Жил тойроод л явна шүү дээ. Ноднин эндээс гараад хамгийн цаад тал нь 1100 километр явсан. Сүхбаатарын Баяндэлгэр орж байж л өвсөнд хүрсэн. Эндээс Улаанбаатар орох энүүхэнд л байлаа. Улаанбаатарт очоод сайхан өвөлжинө гэвэл явчихаар л байсан. Зарим малчид бүр хилийн торонд тулчихаад ирсэн. Тэгэхээр бид буцаад Баян-Өлгий рүү отор хийсэн ч чадна л гэсэн үг. Чадвартай л гэсэн үг. Хаана, яаж отор хийх багцаа мэддэг болчихсон. Харин дөнгөж мал дээр гарч байгаа хүмүүст эрсдэл бий л дээ.

-Өнгөрсөн жилийн тухайд хэрхэн өвөлжсөн бэ. Отроор явсан уу?

-Өнгөрсөн өвөл ерөнхийдөө нутагтаа, олон жил тэмцэж яваад ирсний дараах амралтын байдалтай байсан. Малчин бүр тэгсэн байх. Царай зүснээс нь харахад  өөр байгаа биз дээ. Цагийн хүнд үе малчин хүний царайнаас андашгүй харагддаг. Мал маллана гэдэг хэцүү шүү дээ. Тийм аятайхан ажил биш. Хотын та нар шиг ширээний ард суугаад хийж байгаа ажил биш шүү. Жилийн дөрвөн улиралд л гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг. Тэнгэр, цаг муудвал “бүүр” хөдөө явдаг.

-Мал аж ахуйн үйлдвэрлэл нь цаг агаараас шууд хамааралтай. 2021-2022 оны өвөл өнтэй сайхан байсан ч үүнээс өмнөх жилүүдэд ган, зудын давтамж их байлаа. Тиймээс төр засаг, аймаг орон нутгийн зүгээс зудын эрсдэлийг бууруулж, малчид өөрийн нутаг орондоо ая тухтай өвөлжиж, хаваржих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг"-ийг байгуулж байна. Энэ хэр зөв зүйтэй арга хэмжээ гэж та бодож байна?

-Зөв ашиглаж чадвал зөв арга хэмжээ гэж боддог. Цаг хэцүү үед гаднын аймаг руу орохгүй, өөрийнхөө аймагт л малаа өвөлжүүлэх зорилгоор отрын бүс нутаг гэж байгуулдаг. Гэхдээ одоогийн нөхцөлд цаг муудахаар тал талаас нь айлууд ирж нутагласаар байгаад отрын бүс нутаг дундаа шахуу л өвстэй үлдэж байна.  Тэгэхээр манай энд яалт ч үгүй отрын нөөц нутгийн талбай багадаад байна гэсэн үг. Том байх тусам илүү олон өрх, олон мал оторлож болно гэж ойлгож байгаа.

-Манай орны бэлчээрийн даац хэтэрсэн учраас малын тооноос илүү чанарыг чухалчлах шаардлага үүссэн. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Малын гаралтай бүтээгдэхүүн хямд байгаа учир малчид олон малтай байхаас өөрцгүй. Цөөн тооны мал амьдралд хүрэлцэхгүй. Бид малын хөлийн татвар төлж байж мал маллаж байгаа. Малчид энэ чигээрээ цөөхөн малтай байвал амьдрахад хэцүү. Бидэнд сар бүрийн тогтмол орлого гэж байдаггүй. Жил тойроод л ямааны ноолуур, тэмээний ноосноос орлогоо олдог. Энэ нь хаанаа ч хүрэлцмээргүй болчихсон.

 

-Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Танд ямар санал байна?  

-Манай улсад гахай, шувууны мах үнэтэй мөртлөө малын мах хямдхан байдаг. Хятадад эсрэгээрээ байдаг шүү дээ. Тэгэхээр Монголд байгаа гахай, шувууны аж ахуйг дэмжих хэрэгтэй. Монголд малын мах хамгийн хямд байна. Тэр дундаа ямаа тэмээний махыг хүн авдаггүй шахуу. Биднээс махыг хямдхан авдаг ч зохицуулалт байхгүйгээс хотод лангуун дээр гарахаараа үнэтэй болчихдог. Гэхдээ ченжүүдийг үнэгүйдүүлж болохгүй л дээ. Тэд малыг янзална, төхөөрнө гээд хөдөлмөр хийж байгаа. Тэгэхээр хамгийн гол асуудал нь олон дамжлагатайгаас л үүдэж байна.

Мал зүв зүгээр л байж байгаад өсөөд мах, мөнгө болчихдог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш хариулга, маллагаа шаарддаг. Мөнгө зарцуулж байж ус ууж байх жишээний. Ус бол дандаа мөнгөөр гардаг. Манайх нэг өдөрт доод тал нь 1.9 литр, дээд тал нь 5 литр бензин зарцуулж байж малаа усалдаг. Нэг өдөрт дунджаар 15-20 мянган төгрөгийн бензин зарцуулж байж малаа усалж байна гэсэн үг. Үүнийг сар жилээр тооцоод үзэхээр хэд болох уу. Энэ мэтчилэн зардал, хөдөлмөр зарцуулж байж л мал болдог. Тэгээд отор хийгээд явах бол өөрийнхөө өртгөөс давсан зардал гарна.

 

-Тэгэхээр гол шийдэл нь мал болон малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгох болчихоод байна, тийм үү?

-Хамгийн үнэ цэнэгүй байгаа нь хонины нэхий, хонины ноос байна. Төхөөрч байж л үнэд хүрнэ гэдэг мал бол хонь. Мөн тэмээний ноос хямдхан, авахад хэцүү. Тэмээгээ хүн хөлслөөд ноослуулъя гэхээр ашгаасаа давсан зарлага гардаг. Тэмээгээ ноосолсны дараа бараг өрөнд орчихдог. Ямаа самнахыг бол хийж сурсан, зардлаа нөхчихдөг. Маллагаа, татвараа нөхчихдөг. Ерөнхийдөө малын гаралтай түүхий эд зогсонги байдалтай байна.

-Малын тоо толгойноос гадна бэлчээрт нөлөөлж байгаа ямар хүчин зүйлс байна вэ?

-Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уулаар явж байхад уул, хад чулуу ихтэй ганцхан замаар явдаг, өөр зам байхгүй. Манай энд бол Богдийн зам гэж миний мэдэхээр 13 том төв зам бий. Малах, Мэнэн, Дорнод Монгол, Цагаан-Овоогийн талд тийм байдаггүй юм билээ. Яагаад гэвэл өвсөн дундуур машин явж чаддаггүй, нэлээн явж байгаад шатна. Тэгэхээр замаараа л явахаас өөр аргагүй.

Би өөрөө хуруу хүрэхгүй жаахан өвсөө хамгаалаад машинаараа ч хонио эргүүлж чаддаггүй шдээ. Машинаараа малд яваад л байвал ихэнх өвсийг үйрүүлээд дуусгаж байна аа л гэсэн үг. Говийн өвс машинаар нэг яваад л дуусчихдаг. Мотоцикл хөнгөн учраас харьцангуй гайгүй.

-Та хэдэн жил мал маллаж байна?

-Би хүн болж хүзүү толгой зүүснээс хойш малын дэргэд байгаа хүн шүү дээ. (Инээв) Мал дагаад олон жил боллоо.

-Хэзээнээс бие даан мал маллаж эхэлсэн бэ?

-Тусдаа бие даан гараад 10 гаруй жил болчихлоо.

-Танд мал маллахаас өөр сонголт байсан уу?

-Надад өөр сонголтууд зөндөө байсан л даа. Би айлын ганц хүү, хоёр эгчтэй. Ер нь Монголын малчдын дунд жендерийн асуудал байна. Эрэгтэй нь хөдөө гарч, эмэгтэй нь суурин газар бараадах гэсэн зарчим үйлчилж байна. Тэр жишгээр би хотод байж байгаад аав ээж хоёр малаа дийлэхгүй болохоор нь туслахаар ирж байсан. Ирээд малаа маллаад байж байгаа нь энэ. Сонголтууд байсаан байсан. Солонгос гараад явсан ч болохоор байлаа.

-Та бие дааж мал маллаад 10 гаруй жил болсон ч "Аймгийн аварга малчин", "Алтан төлийн эзэн" болсон байна. Таны энэ амжилтад ямар зан чанар, арга ухаан нөлөөлсөн бэ?

-Шантрахгүй, уйгагүй хөдөлмөрлөж байж л ард нь гарна даа. Шантрахаар өдөр зөндөө л байна. Нэг өдөр шантраад маргааш нь эрч хүчгүй байх юм бол ирээдүйдээ бүрхэг гэсэн үг.

-Мал маллахын сайхан нь юундаа байдаг вэ?

-Зуны дэлгэр цагт малынхаа ашиг шимийг хүртчихээд цагт баригдахгүй, ардаа яарахгүй энд тэнд явж байх нь сайхан л байдаг юм. Мал сайн байхад сайхан байдаг.

-Залуу малчдыг бэлтгэх, залгамж халааг бий болгох талаар таны бодлыг сонсмоор байна?

-Бид энэ цаг үед чадах чинээгээрээ хичээгээд ажиллаж байна. Манай хүүхдүүд над шиг хичээж амьдарч чадахгүй учир үүнээс илүү амар ажил байдаг бол хийлгэх юмсан гэж боддог. Жилээс жилд маллахад хэцүү болоод байгаа юм чинь гэж бодох үе байдаг шүү. Гэхдээ л олон үе дамжиж ирсэн учир залгамж чанар, малчин удмаа тасалчихгүй юмсан гэж бодно. Ер нь хөдөө эмэгтэй хүн ховордсоноос болж залуу малчид байхгүй болчихоод байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.88
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах