СУРВАЛЖИЛГА: Цементийн нийлүүлэлт тасарч, тонн цементийн үнэ 500 мянган төгрөг болтлоо нэмэгджээ

Өчигдөр 10 цаг 37 минут

Зун болж, бүтээн байгуулалтын улирал эхэлсэн энэ цаг үед барилгын материалын үнэ өсч, эргээд хомсдол үүсч эхэлжээ. Тэр тусмаа цементийн үнэ өдөр ирэх тусам өссөөр байна.

Анх цар тахал, хил гаалийн асуудлын улмаас цементийн хэрэгцээгээ дотоодын аж ахуй нэгжүүд хангахаас аргагүйд хүрсэн. Иймд цементийн үнэ 2020 оноос хойш 30 хувиар өссөн бөгөөд импорт 33 хувиар буурсан.

2020 оны арванхоёрдугаар сард тонн цемент 190 мянган төгрөг байсан бол 2022 оны зургаадугаар сарын байдлаар 258 мянган төгрөг болон нэмэгдээд буй.

Иймд барилга, бүтээн байгуулалтын гол түүхий эд болох цементийн хомсдол үүсэж, үнэ огцом өсөж, иргэдийн дунд Монголын цементийн үйлдвэрүүд зохиомлоор хомсдол үүсгэж байна, дундын ченжүүдээс болж үнэ хөөрөгдөж, хомсдол үүслээ гэсэн асуудлууд яригдаад нэлээд хугацаа өнгөрөөд байна. Жишээ нь, “Гурвалжингийн гүүр” барилгын материалын захад цементийн үнэ долоо хоногийн дотор 380-500 мянган төгрөг болж даруй нэмэгдсэн нь худалдан авагч нар болоод гэрээт борлуулагч нарт маш их хүндрэл учруулж байгаа талаар хэлж байв.

Энэ талаар “Гурвалжин” барилгын материалын захын худалдаа эрхлэгч нараас тодрууллаа:

Худалдаа эрхлэгч Б. Гандиймаа: “Цементийн үнийн хувьд нэг тонн нь 500,000 төг, нэг уут нь 25,000 төг болсон. “Гурвалжин” барилгын захад нийлүүлэгддэг дотоодын цементийн үйлдвэрүүд нь: МАК евро цемент, Хөтөл, Монцемент. Худалдан авалт их тааруу байна.”

Худалдаа эрхлэгч У. Бямбахүү: “Одоо бол цемент тасарсан байгаа. Хэрэв үйлдвэр хаалаа гэж бодоход ченжүүд үнэ нэмчихдэг. Эндхийн цемент “44”-ээс орж ирдэг.” 

 Худалдаа эрхлэгч Х. Бадрах: “Цементийн олдоц маш бага байна. Ганц нэг галт тэргээр л буулгаж байгаа. Гэхдээ 460,000 гээд үнэтэй бууж байна. Би өмнө нь 4-5 тонныг авч, зардаг байсан бол одоо 2-3 тонныг л зарж байна. Цаанаасаа үнэтэй ирж байгаа учраас олдоц маш бага байна. Гэрээт борлуулагчаас тонноор нь буулгаж авч ирээд зардаг. Яг үйлдвэрээсээ хэдээр гарч байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Үйлдвэрээсээ нэмэгдсэн л гэх юм, заримдаа шуудай нь байхгүй гэх юм. “Хөтөл”-ийн цемент тасраад бараг сар болж байна. “Хөтөл”-ийн цемент нь арай хямд буудаг. Одоо бол “МАК”, “Монполимет” гээд хоёр үйлдвэрийн цемент л байна. Үйлдвэрээсээ бараг 370-380 мянга, 400 мянга гээд тэгээд унаа тэрэгтэйгээ наашаа орж ирдэг. Өшөө цаашаа үнэд хүрэх сурагтай байна. Ид хэрэгцээний цагаар ард түмэнд хүндрэлтэй л байна” гэв.

Цементийн гэрээт борлуулагч:

“Цемент тасарсан байгаа. Үйлдвэрийн үнэ нь 275,000 төг. Бүр “44” барилгын захад 380 мянга хүрсэн сураг дуулдлаа. Ерөөсөө цемент олдохгүй, тасарсан байгаа” гэв.

Барилгын компанийн ачилтын жолооч, худалдан авагч В. Алтангэрэл:

“Цемент яг хэрэгцээтэй үедээ тасраад олдохгүй хэцүү байна. Манайх өөрсдөө үйлдвэрлэж байгаа биз дээ. Арай дэндүү өсч байна.”

“Гурвалжин” барилгын материалын захын ачилт тээврийг хариуцсан салбарын эрхлэгч н. Мөнхнасан: “Бид төмөр замын ачилт, тээврийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Харин цаад үйлдвэр нь цементээ өгөхгүй байна. Тийм болохоор цементийн асуудал үүсч байна. Одоо “МАК” цемент бол уут нь байхгүй гэсэн. Харин “Монполимет” бол ямар нэгэн шалтгаантай болоод ингээд байгааг мэдэхгүй байна” гэв.

Л. Наранбаатар: МАК, Монцемент нь нөөцөө хадгалж байгаад яг сезоны улиралд үнээ нэмдэг

Харин энэ талаар Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр: “Өчигдөр МАК, Монцемент цементийн үнээ нэмжээ. Монголын нийт цементийн 70-80% хувийг хангадаг тус хоёр үйлдвэр нь нөөцөө хадгалж байгаад яг сезоны улиралд үнээ нэмдэг аж. Үйлдвэрүүдэд байдаг л тактик. Задгай цемент Хөтөлд 202,000, МАК 265,000, Монцемент 260,000 төгрөг байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр үнээ нэмээгүй, хоногт 1.500-2000 тн цемент борлуулж байна” гэв.

Барилгын материалын үнийн өсөлтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар:

“Цементийн асуудал бол үнэн. Би хоёр жил үнийг өсгөхгүй байх тал дээр ажилласан. Цементийн үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйлсүүд нөлөөлсөн.

Том үйлдвэр явахын тулд асар том тоног төхөөрөмжүүд, элэгдэл хорогдлын асуудлууд яригддаг. Тухайлбал, хоёр том цементийн үйлдвэр эдгээр асуудлыг тавьж байгаа. “МАК” бутлуурын үйлдвэртэй холбоотой олон тоног төхөөрөмжийг оруулж чадахгүй байна. Том том төхөөрөмжүүд ч чингэлэгээр гарахгүй байна. Бид Гашуунсухайтаас тээвэрлэж, Ховдын Булганд авчирлаа. Гаальтай холбоотой энэ мэт олон асуудлуудыг ярьж болно.

Бас нэг том нөлөөлж буй хүчин зүйл нь цементийн үйлдвэрүүдийн 20 гаруй хувийг хангадаг байсан “Улаан”-ы цементийн үйлдвэр гэж Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан улсын компанийн мэдлийн үйлдвэр байсан. Яг үнэндээ энэ компаниас бид сүүлийн 3 жил гуйсан. УБ хотын жижиглэнгийн бизнесийг хангадаг байсан тэр компани “Бид ашиггүй боллоо” гээд зогсож байгаа. Дөрвөн том үйлдвэрийн нэг нь зогссон.

БХБ-ын сайд Б. Мөнхбаатарын хэлснээр зогссон гэж буй "Улаан"-ы цементийн үйлдвэр

“Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийнхэнтэй бид ярьсан. “Бутлуурын үйлдвэр дээрээ засвар хийж байгаа. Энэ сарын 20-нд гэхэд ашиглалтанд оруулна” гэж гүйцэтгэх захирал надад хэлсэн. Тийм учраас хоёрдугаарт цементийн үйлдвэртэй бид нар уулзаж, үнийг барих асуудлыг бид нар тавьсан. 260-270 мянгаар гарч байгаа боловч дахиад дараагийн асуудал нь тээвэрлэлтийн асуудлууд үүссэн. Бид аль болох үйлдвэрлэгч нартайгаа хамтарч асуудлыг шийдэхийг хичээж байна” гэв.

Харин “МАК евроцемент ХКК”-ын зүгээс: “МАК ХХК-ны задгай цементийн үйлдвэрийн үнэ 258,500 байгаа. Цемент хэвийн үйлдвэрээсээ гарч байгаа. Харин уут шуудайны нөөцгүй болсон учраас гэрээт байгууллагууд руугаа задгайгаар нийлүүлж байна ” гэв.

Хэрэв цементийн үнэ цаашид өссөөр байвал, үүнийгээ дагаад байрны үнэ өсч ард иргэдэд хүндрэл дагуулна. Иймд цементтэй холбоотой үүсч буй дээрх асуудлын хүрээнд холбогдох яам болон мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж ажиллахаар болсон байна.

Б. Оргил



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    14 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах