Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо

2022/06/29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Шинэ Барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Доржпалам тэргүүтэй төлөөлөл оролцож, 23 дугаар хорооны иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулав.

Төсөл гүйцэтгэгч “Шинэ барилга” ХХК нь 2020 онд “Оргил” хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 2028 он гэхэд уг хорооллыг бүрэн барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 3654 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, спорт заал бүхий цогц хороолол барихаар төлөвлөөд буй юм.

Түүнчлэн оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхэд багачуудын бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын болон тоглоомын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг зураг төсөлдөө тусгажээ.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 2,519 нэгж талбарт газар чөлөөлж, нийт 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран, ажлаа эхлээд байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.129
    2022/06/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах