СУРВАЛЖИЛГА: Материалны үнийн өсөлтөөс үүдэн дээлний үнэ нэмэгджээ

2022/07/04

Монголчуудын хүсэн хүлээдэг баярын нэг бол яахын аргагүй “Үндэсний Их Баяр Наадам” билээ. Үндэсний хувцсаараа гангаран эрийн гурван наадмаа үзэх нь Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг үйл явдал.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардаад байсан үндэсний их баяр наадам энэ жил өргөн цар хүрээтэйгээр зохиогдох гэж байна. Тэр ч утгаараа иргэд чанар хийц сайтай, үнийн хувьд боломжын гоёлыг хаанаас авах вэ хэмээн тээнэгэлзэж байгаа болов уу. Үүнтэй холбогдуулан таны сонголтыг хялбаршуулах үүднээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Бид сурвалжлагынхаа эхэнд Iveel, Борголжин зэрэг үндэсний үйлдвэрлэлээрээ зочилсон юм. Алагласан олон гоёлууд өрөөстэй байх агаад загвар бүрээр нь ангилан өлгөжээ. Дээлний диваажин гэж хэлж болохуйц Iveel brand-ын нимгэн дээл 108 мянга, торгон дээл 155-300 мянган төгрөгний хооронд худалдаанд гарчээ. Өмнөх жилийнхтэй харьцуулахад  дээлний үнэ 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэлээ. Энэ жилийн онцлох дээл нь цацагтай, бүсний чимэглэлтэй загварууд гэнэ.

Бидний дараагийн зогсоол Борголжин бренд. Тус дэлгүүрийн дээлнүүд 95-280 мянган төгрөгний хооронд худалдаалагдаж байгаа бөгөөд зун цаг ирсэнтэй холбогдуулан нимгэн, цэцэгтэй загварууд эрэлттэй байгаа гэнэ. Мөн найз нөхөд, гэр бүлээрээ ижилсэж болохуйц олон сонголттойн дээр жилээс жилд загвараа шинэчилж гаргадаг учраас дахин давтагдашгүй гэдгийг онцолж байлаа.

Наадмын уур амьсгал орсонтой холбогдуулан Нарантуул худалдааны төв олны хөлд дарагджээ. Энэ тэндгүй дээл, малгай, толгойн гоёлууд төрөл бүрээрээ үзэгдэнэ. Тус захад эрэгтэй дээл 180-330 мянга, эмэгтэй дээл 80-280 мянга, хүүхдийн дээл 45-70 мянган төгрөгний хооронд худалдаалагдаж байгаа аж. Худалдаа эрхлэгч Б.Баттөмөр “ Хил гаалийн асуудлаас үүдэн торго болон бусад жижиг хэрэгслийн үнэ нэмэгдэж мөн оёдолчид маань хөлсөө нэмсэн. Түүнийгээ дагаад дээлний үнэ 10-20 мянгын хооронд өссөн. Цаанаасаа ийм байхад иргэд биднийг үнээ нэмлээ гэж бодоод байдаг. Сүүлийн хоёр жил коронавирусын улмаас эдийн засаг хямарч өмнөх жилүүдийхтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар сайнгүй байгаа. Удалгүй наадам дөхөхөөр сайжирна гэж найдаж байна” хэмээв.

Дээлний үнийн талаар иргэн Т.Нарантуяагаас тодруулахад “ Хоёр жил наадам болоогүй учраас энэ жил ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэнэ. Дээлний үнэ урьд жилүүдийг бодвол нэмэгдсэн хэдий ч боломжийн хэмжээнд нэмэгдсэн гэж харж байна. Хил гаалиас үүдэлтэй сонголт муу байх болов уу гэж бодтол санасныг бодоход загвар, сонголт өргөн байгаа нь таатай байна” гэлээ.

Мөн дээлний амин сүнс болох торгыг ч бид орхигдуулсангүй. Нарантуул захад торгоны үнэ метр нь 8000-125000 хооронд худалдаалагдаж байгаа бөгөөд цайвар, цулгуй өнгийн торгонууд илүү эрэлттэй байгаа аж.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.88
    2022/07/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах