Гар утсаа бусдад ашиглуулах болон алга болгоход бидний нууц “НУУЦ” биш болох боломжтой

2022/07/08

Өнөөдрийн бидний амьдарч буй техник технологийн эрин үед олон дэвшилтэт технологиуд гарч түүнийг ашигласнаар бидний өдөр тутмын амьдралыг илүү хөнгөвчилж буй. Гар утсаараа мөнгөө шилжүүлж, хадгаламж нээж, төлбөр төлөхөөс эхлүүлээд аль нэг банканд олон цагийн дараалалгүй үйлчилгээгээ авдаг зэрэг давуу талуудтай болсон.

Бид гар утсандаа бүхий л нууцлалтай мэдээллүүдээ мартахгүйн тулд нэвтрэх нэр, нууц үгээ сануулж орхисон байдаг. Миний утас учир зөвхөн би ашиглах юм чинь нууц минь задрахгүй гэж бат итгэлтэй явдаг.

Тэгвэл хэн нэгэнд утсаа түр ашиглуулах болон, гар утсаа алга болгоход бидний энэ бүх нууц “НУУЦ” биш болох боломжтой аж.

Иргэд гар утсаа бусдад ашиглуулснаар хувийн мэдээллээ алдаж, санхүүгийн эрсдэлд орон залилуулах хэрэг олширч байгаа талаар цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудаас анхааруулах болсон.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын тохиолдлыг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Тохиолдол 1:

29 настай /эрэгтэй/ Н: Түрүү сард найзуудтайгаа жоохон ууж сууж байгаад таксинд сууж харихдаа  утсаа орхиж буусан байна лээ. Маргааш нь АТМ орж данснаасаа мөнгө авах гэтэл данс  хоосорсон байсан. Банк ороод шалгуултал” интернэт банкаар шилжүүлсэн байна. Хувь хүний мэдээлэл учир дансны дугаараар мэдээлэл өгөх боломжгүй, цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэсэн.

Утсаа кодолдоггүй байсан  болохоор интернэт банк кодтой ч гэсэн мэйлээр код аваад дансанд байсан 200 000 гаруй төгрөг байхгүй болчихсон байсан. Их хэмжээний мөнгө биш болохоор цагдаа сэргийлэхээр явалгүй бүх мэйл, facebook, банкныхаа кодыг л сольсон. 

Тохиолдол 2:

Хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгчээс нэг залуу утсаараа яриулахыг гуйж, аваад нэлээд удаж байгаад өгч. Утсаар нь ярихгүй, үзээд зогсоод байсныг нь хальт анзаарсан гэнэ. Утсыг нь өгчхөөд явсны дараахан харин мөнөөх эгчийн банкны данс хоосорсон байсныг мэдээд хууль хяналтын байгууллагад ханджээ.

Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль ер нь хаа нэгтээ явж байхад тань хэн нэгэн тусламж хүсэн утсаараа яриулаач гэх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл хэнд ч өгч болохгүй хувийн нууцлалтай бүх  мэдээллийг тань агуулсан гар утсаа хэн нэгэн танихгүй этгээдэд түр хэрэглүүлэхээр өгнө гэдэг чононд хонь хадгалуулсантай ялгаагүй.

Гар утсан дээр таны хувийн мэдээлэл байдаг тул бусдад ашиглуулах, дамжуулахаас зайлсхийгээрэй. Иймд иргэд та бүхнийг гар утсаа бусдад ашиглуулахдаа хянуур хандаж, хувийн мэдээллээ нууцлахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  • Гар утас, таблет болон компьютер зэрэг хувийн төхөөрөмжиндөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх;
  •  Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй /үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi-Fi сүлжээгээр дамжуулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална./
  • Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх;
  • Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй холбоос дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  •  Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх. Хэрэв хандсан бол заавал  Log out/Sign out үйлдлийг хийн гарах;
  • Өөрийн төхөөрөмжинд нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж зэрэг нууцлалын аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх;
  • Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх;
  • Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утас болон и-мэйл дотроо хадгалахгүй байх;
  • “Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай”, “Койн өсгөх арга зааж өгье” гэх хялбар аргаар мөнгө олох агуулгатай мэдээлэлд бүү итгээрэй, тэр тусмаа хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай.










Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.116
    2022/07/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах