Зүүн Хойд Азийн тайван хөгжил ба Солонгосын нэгдлийн талаарх "Mongolia forum" зохион байгуулагдав


Энэ 9 сарын 21-22-нд Улаанбаатар хотноо Зүүнхойд Азийн тайван хөгжил ба Солонгосын нэгдлийн асуудлаарх Монголын форумыг Дэлхийн энх тайвны сан, Цэнхэр Сүлд ТББ болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Жил бүр хийдэг болсон уг форумаар Монгол, АНУ, ОХУ, Хятад, Япон болон Өмнөд Солонгосын бүс нутгийн ТББ-ууд ЗХА-ийн бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдлыг бухжүүлэх асуудлаар санаа бодлоо чөлөөтэй солилцож хамтран ажилладаг. Олон улсын харилцааны нөхцөл байдал ээдрээтэй болж, бараг цаг тутам хувиран өөрчлөгдөж байгаа энэ үед дэлхийд энх тайван, аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаагийн зэрэгцээ ЗХА-д шийдвэрлэхэд тулнамдсан асуудлууд нэлээд гарч байгаа үед энэхүү форум болж өнгөрлөө. 

Форумын нээлтээр олон улсын харилцаанд тулгарч буй сорилтыг нүүр нүүрээ харан ярилцах нь улам чухал болж байгаа; дэлхийн өнцөг булан бүрт зэвсэгт мөргөлдөөн гарч буй нь хэвийн үзэгдэл болох вий гэсэн болгоомжлол төрж байгаа; өмнө нь бараг ноцтой асуудал мэт хүлээн авч байсан цөмийн зэвсэг хэрэглэх сэдэл бүхий яриа, мэдэгдэл түгээмэл болж байгаад түгшихээс өөр аргагүй болж байгаа талаар оролцогчид хөндөж ярьцгаасан байна. 

Форумын үеэр ковидын дараах дэлхий ертөнцид энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудалд ямар сорилт, боломжууд байж болох, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцжээ.

Ковидын зэрэгцээ дэлхийд гарч буй зэвсэгт мөргөлдөөн, дайн дажин олон улсын аюулгүй байдалд хэрхэн буй талаар ярилцсан байна. Ялангуяа Орос, Хятадын байр суурь энэ тал дээр ямар байгаа талаар оролцогчид чөлөөтэй ярилцсан нь чухал ач холбогдолтой болсон.

Хоёр Солонгосын нэгдлийн байж болох хувилбарууд, тэдгээрт их гүрнүүдийн байр суурь ямар байгааг тооцож үзэх, хоёр Солонгос нэгдэх нь хэнд ашигтай байх, яаж нэгдэж болох талаар төлөөлөгчид санаа бодлоо солилцжээ.

Мэдээж хэрэг Украйны хямрал, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт, нэн ялангуяа Тайванийг тойрсон маргаан АНУ, Хятадын өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн зэрэг нь олон улсын харилцаанд үүсээд буй нөхцөл байдал одоогоор хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг тусгайлан  хөндөхөөргүй болгож байгаа ч хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг улс төр, эдийн засгийн арга замыг хамтатган ярих хэрэгтэй гэж үзэж байв. 


Монгол Улсын шилжилтийн эхэн үедээ хийсэн эдийн засгийн гүн гүнзгий өөрчилөлт шинэчлэл, гарсан үр дүн, авсан сургамжийн талаар ярилцсан байна. Монгол улс шилжилтийн эдийн засгийг даван туулсан социалист байсан Азийн анхны орон төдийгүй улс төр, эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийснээрээ онцлогтойг хуралд оролцогсод цохон тэмдэглэж байв.

Форумын өөр нэг сэдэв нь ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломж, чиг хандлага байв. Хуралд оролцогчид Монгол Улс дангаараа цөмийн зэвсэггүй бүс болохоо 1992 онд зарласны ач холбогдлыг тэмдэглэж, санаачилга гаргасны 30 жилийн ойд баяр хүргэв. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францаар Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусынхаа талаар хамтарсан тунхаглал гаргуулсан нь нэлээд холч харсан, цаг үеэ мэдэрсэн үйл явдал байсныг өнөөгийн олон улсын  байдал харуулж байна гэж хуралд оролцогчид үзэж байв.  Цэнхэр Сүлд ТББ цөмийн зэвсэггүй бүсийн үзэл санааг бэхжүүлэхэд дөхөм үзүүлэх үүднээс нэг улс дангаараа цөмийн зэвсэггүй бүс байгуулах үзэл баримтлал, парктик ажиллагааны талаар хийж буй ажлаасаа танилцуулсан байна.


Форумын үеэр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар ахмад болон залуу үе тусгайлан уулзаж, ирээдүй, хойч үе бүс нутгийн нөхцөл байдалтай сайтар танилцаж, тодорхой мэдээлэлтэй байхын ач холбогдлын талаар ярьсны дээр ахмад үеийнхэн өөрсдийн дурсамж, туршлагаа залуучуудтай хуваалцсан байна.

 

                                                                          



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.188
    2022/09/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах