Т.Даваадалай: Явган хүний замын шинэчлэлтэд хэрэглэх чулууг дотоодын үйлдвэрлэгчдээс авч байгаа

Zuv.mn
3 цаг 28 минутын өмнө

Үндэсний чулуу үйлдвэрлэгчид, ТАСО компани, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нар явган замын ажилтай холбоотой мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.ДаваадалайСүүлийн үед Нийслэлд хийгдэж байгаа явган хүний замын шинэчлэлтийг харлуулж, “Зүгээр байгаа юмыг оролдлоо”, “Хятадуудыг дэмжиж байна” гэх зэргээр харлуулж, мушгиж байна. Энэ талаар мэдээлэл өгье. Нийслэл 2025 онд 59 км замыг 65.3 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр төлөвлөсөн. 13 төсөл дээр гүйцэтгэгч тодорч, 58.9 тэрбум төгрөгөөр 54.2 км замыг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 35 хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатарын үндсэн явган замуудыг чулуун болгосноор дахиж шинэчлэх шаардлагагүй болох юм. Гүйцэтгэгч компаниуд нь дотоодын компаниуд байгаа. Тэдний нэг нь ТАСО ХХК байгаа. Боржин чулууны ордтой компани.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ажлаа авснаасаа хойш дөнгөж дөрөв хоногийн дараа 2024.10.16-нд Үндэсний чулуу үйлдвэрлэгч ААН-үүдтэй уулзсан. Уулзаад, Нийслэлийн явган хүний замыг чулуугаар хийх ёстой. Энэ ажлыг хийхдээ үндэсний ААН-үүдтэйгээ хамтаръя, дэмжье гэж ярилцсан байдаг.

Ингээд хэрэгжүүлж байгаа ажил. Ажил авсан гүйцэтгэгч компаниуд чулуугаа өөр газраас авч байгаа нь бий. Зарим нь БНХАУ-аас авч байгаа байх. Тэдэнд дотоодын үйлдвэрлэгчдээсээ чулуу авахыг зөвлөж байгаа. Миний бие өөрөө ч энэ асуудлаар гүйцэтгэгч компаниудад хандаж байсан.

Явган хүний зам шинэчлэхэд хуучин хавтан, бродюрыг авч байгаа. Гэхдээ хаях гэж биш, ашиглах гэж авч байгаа.

Нийслэлд хэрэгжих 24 мега төслийн 10 гаруй нь эхлэх нь ойлгомжтой болоод байна” гэж ярилаа.

“ТАСО” ХХК-ийн төлөөлөл “Би Х.Нямбаатар даргыг өмнө нь таньдаггүй байсан. Өнгөрсөн жил ажлаа авсныхаа дараа намайг дуудаж, би холбоогоо төлөөлж уулзсан. Ингээд чулуун замын ач холбогдлыг ярилцаад салсан. Дараа нь намайг дуудаад бүх талаар дэмжихээ илэрхийлж, дотоодын үйлдвэрлэгчдийг чадавхийг нэмэгдүүлэх нь чухал гэж хэлсэн. Улмаар нийслэлээс манай холбооны гишүүн ААН-үүдэд хандаж, хөнгөлөлттэй зээл авч, техник технологио шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлэх санал тавьсан. Ингээд бид зээлээ хөөцөлдсөн, заримынх нь бүтсэн, заримынх нь бүтээгүй. Зээл нь бүтсэн компаниуд техник технолгио шинэчилж чадсан. Үүнээс хойш Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцоод явж байна.

Манай компани Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх ажлыг авсан. Амжилттай хийхийн тулд хувийн амьдралаа хойш нь тавьж зүтгэсэн. Иргэдийн 99 хувь нь дэмжиж байгаа ажлыг улстөржсөн хэдхэн хүн харлуулж байгаад иргэн хүний хувьд харамсаж байна” гэв.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна