Г.Занданшатар: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ

С.Гандэлгэр
2022/10/01

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2017 онд “Ахмад настны тухай хууль”-ийг шинэчлэн баталж, ахмад настнуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан ч Ковид цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал хэмээн Улсын Их Хурлын дарга онцлов. Тэрбээр, ахмад настнуудынхаа ажил амьдралынх нь арвин их туршлага, мэдлэгийг залуу үедээ хуваалцах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримталж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг төсвийн хуультай хамтатган энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг хуран цугласан ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгохтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

 

Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352,030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна. Дундаж наслалт 1992 онд 62,7 байсан бол 2021 онд 71,1 болсон гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос ирүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.98
    2022/10/02

    Demjine geheer halamj hej oilgodog ni olon daih ym.Tsagiin ajil, ajil hiih bolomj olgooch gej huseh bna.

    Хариулах
  • 213.87.155.179
    2022/10/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах