"Амьд үлдэхийн төлөөх тэмцэл" буюу НЕДЕРЛАНД, БЕЛЬГИЙН ЛИГ НЭГДЭХ СУРАГ

Х.Батсайхан
2023/05/31

Хөлбөмбөгийн ертөнцөд өрсөлдөөн ширүүсч, тэсч үлдэх, эсэх үлдэхийн төлөөх тэмцлийн хэмжээнд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор хоёр улс нэгдэж лигийн тэмцээнээ зохион байгуулах гэх мэт шинэ санаанууд эрчээ авч байна. Тухайлбал, Недерланд болон Бельгийн Хөлбөмбөгийн холбоо нэгдмэл лигтэй болох боломжийг судалж байгаа аж. Зөвлөх үйлчилгээний “Deloitte” компани эхний ээлжинд зах зээлийн судалгаа явуулж дүгнэлтээ гаргасан, одоо илүү нарийн төвшинд судалгаа хийхээр бэлтгэж байгаа гэнэ.       

ХӨЛБӨМБӨГ ДЭХ ДАЯАРШЛЫН НӨЛӨӨ

Хөлбөмбөгт мөнгө, дэд бүтэц тааруу хоёр улс том тэмцээнийг хамтарч зохион байгуулдаг жишиг тогтоод хоёр аравныг элээжээ. Бие дааж зохион байгуулах боломжтой баян улсууд санхүүгийн хүндрэл үүрэхээс зайлхийх болсонтой холбоотойгоор ийм шийдэл гарсан байдаг. Тэгвэл хоёр улс лигийн тэмцээнээ нэгтгэх санаачилга мөн тэр үед буюу 15 жилийн өмнө гарсан ч одоо л ажил хэрэгчээр судлагдаж байгаа нь энэ юм.

Недерланд, Бельги бол хөлбөмбөгийн уламжлалтай, шилдэг тоглогчид, хүчирхэг шигшээ багтай улсууд. Недерланд 1970-аад онд “Түгээмэл хөлбөмбөг”-ийг үндэслэж ДАШТ-д гурвантаа үзүүрлэсэн бол Бельги ДАШТ-ий шөвгийн дөрөвт шалгарч, түрүүлэх багуудын тоонд орж явсан. Яг одоо гэхэд л шигшээ багийн чансаагаар Бельги нэгдүгээрт бичигдэж, Недерланд 12-т жагсаж буй.  

ДАШТ, ЕАШТ зэрэг томхон тэмцээний үеэр багийн тоглогчдынх нь үнэ ханшийн нийлбэрийг гаргадаг. Ингэхэд Бельгийн шигшээ баг “Евро 2016”-д бүх багуудыг тэргүүлж, “ОХУ 2018”-д зургадугаарт жагсаж байв.

Гэтэл хөлбөмбөгийн хүчирхэг уламжлалтай гүрний улсын аварга шалгаруулах тэмцээний чансаа /ЕХХ-ны коэффициент / жил ирэх тусам уруудсаар Европтоо найм, есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь Бельги, Недерландын нэгдмэл лиг буюу сэтгүүлчийд “БеНелиг” гэж нэрлээд байгаа шинэ тэмцээний талаар бодоход хүргэсэн байна.    

Бельгийн хувьд, лигийн чансаа нь 1979-80 оны улиралд Европт гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан үе бий. Гэтэл хувь заяаны шоглоомоор ч гэх үү, өдгөө Европтоо эхний 10-аас хасагдах дээрээ тулаад байна.

“БОСМАНЫ ДҮРЭМ”-ИЙН ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧИД  

Хөлбөмбөг сонирхогчид Жан Марк Босман гэдэг нэрийг бараг гадарлах болов уу. Бельгийн хөлбөмбөгч тэрээр Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн улсын лигийн нэг багт гадаадын гурван л тоглогч байхыг зөвшөөрдөг дүрмийг шүүхэдсээр байгаад өөрчлүүлж байсан түүхтэй. Гэтэл хөлбөмбөгийн спортод өгөөжөө өгсөн энэ өөрчлөлтийн хамгийн том хохирогч төрөлх Бельги нь болчихоод байна.

Жан Марк Босман.

Мөнгөтэй, баян таван улс хамаг л шилдэг тоглогчдыг татаж, дунджууд хол хаягдах нөхцөл үүсчээ. 2005 оны хоёрдугаар сарын 14-нийг хөлбөмбөг сонирхогчид тэр бүр санахгүй байж магадгүй. Хөлбөмбөг дэх даяаршлын нөлөө хамгийн тод илэрсэн өдөр. Английн Премьер лигийн “Арсенал” баг “Кристал Палас”-тай тоглоход бүрэлдэхүүнд нь нэг ч англи тоглогч байсангүй. Зургаан франц, гурван испани, хоёр недерланд, Камерун, Герман, Зааны ясан эрэг улсын тус бүр нэг хөлбөмбөгч талбайд гарч тогложээ. 

Ядаж байхад, Английн шигшээ багийн дасгалжуулагч швед мэргэжилтэн Свен Горан Эрикссон энэ тоглолтыг үзэж таарсан. Багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн А.Венгер тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Надад энэ талаар хэлэх хүртэл талбайд нэг ч англи тоглогч гараагүй гэдгийг мэдээгүй. Би тоглогчдын тоглолтыг хардаг болохоос пасспортыг нь үздэггүй шүү дээ. С.Г.Эрикссон тэгээд тоглолтыг үзээ юу. Хэнийг харах гэж ирсэн юм бол доо. Тэр өөр улсын шигшээг дасгалжуулдаг болсон юм болов уу” хэмээн хэлж байж. Инээдтэй ч сургамжтай л түүх. Үүнээс хойш талбайд гарах гадаад тоглогчдод тооны хязгаар тогтоох санаачилга топ гэгдэх бүх л лигид гарч байсан ч багийн эздийн дэмжлэгийг авалгүй өдийг хүрсэн юм. Мөнгө ийм хүчтэй ажээ.   

МӨНГӨ, ҮЗЭГЧ, ӨРСӨЛДӨӨНИЙ ТӨЛӨӨ...

Лигийн тэмцээн чанаргүй болж багууд сулрахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь мөнгө юм. Энэ хоёр улс шилдэг авьяастай тоглогчдоор дутаж байсан түүх үгүй. Улсуудын АШТ-д легионер тоглуулхыг хориглодог байсан бол магадгүй, хамгийн хүчирхэг таван лигийн тоонд хоёул орсон байх байлаа. Гэвч “Босман дүрэм” гэгчийн “гай”-гаар хамаг шилдэг тоглогчоо Англи, Испани, Италийн мөнгөтэй багуудад алдсаар үндэсний тэмцээн нь үзэгчгүй болоход дөхжээ. Нэгдмэл лиг байгуулах асуудлыг сөхсөн нь ийм учиртай.


Ер нь бол энэ санааг 15 жилийн өмнө Голландын алдарт хөлбөмбөгч, тухайн үед үндэсний шигшээ багаа дасгалжуулж байсан Марко ван Бастен, Голландын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаэл ван Праг нар анх сэдсэн түүхтэй. Дараа нь, Голландын шигшээ багийн тоглолт эрс муудаж чансаа уруудсан үед хэвлэлийн хуудаснаа гарч ирдэг уламжлалтай болчихоод байж. Гэхдээ байдал дээрдэнгүүт мартсаар өнөөг хүрчээ. Нөгөөтэйгүүр, мөнгөтэй том багууд нь дэмждэггүй байсантай ч холбоотой. Үнэндээ ч нэгдсэн лиг байгуулах санаа хоёр улсын топ биш дундаж багуудад илүү ашигтай. Гэхдээ энэ удаа том багууд ч дэмжиж байгаа нь нэгдмэл лиг байгуулагдах итгэлийг нэмж байгаа юм. Сулхан баг байсан ч гадны багтай тоглоход нь ямар ч хөгжөөн дэмжигч ирж дэмжихийг хичээнэ шүү дээ.

Недерландын дээд лигийн ПСВ, “Аякс”, “Фейноорд” зэрэг томчуудаас гадна “АЗ”, “Утрехт”, “Витесс”,  Бельгиэс “Стандард”, “Брюгге”, “Андерлехт”, “Гент”, “Генк” багийн төлөөлөгчид хоёр улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Эйндховен хотын “Филипс” цэнгэлдэхэд уулзаж, шинэ санаачилгын талаар ярилцсан байна. Энэ уулзалтад оролцоогүй ч дэмжиж байгаа өөр олон багууд байгаа нь ч тодорхой болжээ.  

Нэгдмэл лиг байгуулахыг дэмжсэн шалтгаанаа Бельгийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Барт Ферхаге “Бельги бол хөлбөмбөгийн зах зээл санхүүгийн багтаамж багатай жижиг улс. Гэсэн ч бид Европтоо зургадугаарт орохыг хүсч байгаа. Ингэхийн тулд боломжуудыг ашиглаж, ажиллах шаардлагатай. Нэгдмэл лиг байгуулбал бид үзэгчдийн тоогоо 28 саяар нэмж чадна” гэж тайлбарласан бол багуудын төлөөлөл “Генк”-ийн босс Петер Кронен “Эхний таван баг, бидний хоорондын онооны зөрүү 2012 оноос хойш жил бүр нэмэгдэж байгаа” гэжээ.

ТОМЧУУДААС ХОЦРОХГҮЙ, ДУНДЧУУДЫГ ГҮЙЦЭХ ДАРУУХАН ЗОРИЛТ

“BeNeLiga” буюу Бельги, Недерландын нэгдсэн лигийг санаачлагчид зорилгоо спортын, санхүүгийн гэж хуваагаад доорх байдлаар тодорхойлжээ.

Спортын:  “Топ 5” /Англи, Испани, Итали, Герман, Франц/ лигээс хол хоцрохгүй байх, эхний зургаад багтахын тулд Португал, ОХУ –тай бодит өрсөлдөөн үзүүлэх. Санхүүгийн: Зах зээлээ тэлэх, шинэ ивээн тэтгэгч олох, орлогоо нэмэгдүүлэх.

Форматын хувьд одоо тодорхойгүй байгаа. Дээр “Одоо эхэлж байгаа” гэж дурдсан дараагийн шатны судалгаагаар ямар байхыг нь шийднэ. Ямартай ч нэгдсэн лигд хоёр улсын лигийн бүх багууд орохгүй нь тодорхой. Бас Европын хөлбөмбөгийн холбооны хандлага маш чухал. Учир нь өмнө нь ийм санаачилга гарахад Европын холбоо таашаахгүй гэдгээ илэрхийлж байсан аж. Шинэ лигийн багуудад Евроцомын тэмцээний эрхийг ямар журмаар олгох нь бас тодорхойгүй. Хоёр улсаас хэд, хэдэн баг орох, хаалттай байх уу, ротаци хийх үү зэрэг нь одоогоор бас л асуулт.

ЭСЭРГҮҮЦЭГЧИД

“БеНеЛиг”-ийн ашигтай тал бол мэдээж ойлгомжтой. Гэсэн ч дэмжигчдээс эсэргүүцэгчид бас бий. Зарим багийн эздийг үүнд дурдаж болно. Бельгид ч, Недерландад ч ийм нөхдүүд байна. “Хееренвен”ы захирал Кес Роземонд тэдний нэг юм.

Спорт сонирхогчдын анхаарлыг татсан ийм нэг асуудал хөлбөмбөгийн ертөнцөд өрнөж байна. Асуудал нааштай байвал гурван жилийн дотор эхлүүлнэ гэж санаачлагчид найдаж байгаа юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах