Илүү хэрцгий залуу үе буюу "Спортын ирээдүйг таамаглахуй"

Х.Батсайхан
2023/06/02

Ирээдүйд юу болохыг бидний хэн нь ч мэдэхгүй. Гэхдээ мэдэхгүй юм хүний сонирхлыг татдаг бичигдээгүй хууль бий. Спортын талаарх хамгийн эртний эх сурвалж МЭӨ 3000 оны үед хамаардаг бөгөөд түүхч Геродот энэ талаар бичиж үлдээсэн байдаг. Энэ цагаас хойш харин спорт хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг байсныг олон эх сурвалжаас харж болно. Тухайлбал, морин уралдаан, бокс, гүйлт, харваа зэрэг нь Эртний Грект хамгийн түгээмэл спорт байсныг түүхийн төдийгүй уран зохиолын /“Илиада” “Одиссей”/ эх сурвалжид тэмдэглэсэн  нь бий. Тэр цагаас хойш олон жил өнгөрч, спортын төрөл зүйл ч тоо томшгүй олон болжээ. Цаг үеэ дагаад спорт хувьсан өөрчлөгдөж байна. тэрхүү өөрчлөлт хашаа чиглэж явна вэ гэдгийг таамаглахыг оролдъё.

ТӨГС ТӨГӨЛДӨР РҮҮ ТЭМҮҮЛЭХ ХҮЧ

Спортод ажиглагдаж байгаа хамгийн тод өөрчлөлт нь мэргэжлийн чиг хандлага юм. Эртний олимпод хүссэн хүн бүхэн оролцож болдог байв. Хөдөлмөрийн хуваарь одоогийнх шиг нарийсаагүй байсан тэр үед одоогийнхоор бол “бичгийн” хүмүүс олимпод орж өндөр амжилт гаргадаг байлаа. Математикч Пифагор тухайн үеийнхээ цуутай нударган тулаанч байсан бол эмч Гиппократ шаггүй бөх байв. Гүн ухаантан Платон, Сократ, жүжүгийн зохиолч СофоклЕврипид нар олимпод орж, амжилт гарган алдаршиж байв. 

Харин орчин үед хөдөлмөрийн хуваарь нарийсч спорт улам бүр мэргэжлийн болж хувирч байна. Олимпийн тухайд гэхэд,  улсдаа шилдэг нь л бол хүссэн хүн бүрт нээлттэй байв. ХХ зууныг дуустал ийм л байсан бөгөөд П.Де Кубертений “Олимпод түрүүлэх биш оролцох нь чухал” гэдэг үг спортын гол уриа болж байлаа. Тэгвэл XXI зуунд олимп зөвхөн шилдгийн шилдгүүд л өрсөлддөг талбар болж хувирсан билээ. Хөдөлмөрийн хуваарь нарийсч, эг чадварыг төгс төгөлдөр эзэмших нь бүх салбарын туйлын зорилго болж байгаа байдал спортод ч ажиглагдаж байна. 

МӨНГӨ БАЙВЧ ЗАВ ҮГҮЙ ШИНЭ ЗУУН

Шинэ зуунд спортын төрлүүдийн үргэлжлэх хугацаа богиносож байна. Цаг хугацааны үнэ цэн өсөхийн хэрээр хүмүүс богно хугацаанд үргэлжлээд дуусдаг, ялагч амархан тодордог төрлүүд рүү хошуурах хандлагатай болсон тул спорт холбоод дүрмээ энэ шаардлагад нь нийцүүлэн өөрчлөхөөс өөр замгүй болсон. Шатрыг өмнө нь бүхэл бүтэн долоон цаг тоглодог байсан гэвэл одоогийн хүүхдүүд итгэхгүй биз.


Мэргэжлийн бокс 15 үетэй байснаа 12 болж өөрчлөгдсөн, волейбол өрсөлдөгч багаа дараалан хоёр алдуулж байж /илүү, дутуу/ оноо авдаг байсныг алдаа болгоныг тоолдог болгосон, чөлөөт бөх есөн минут өрсөлддөг байснаа зургаа, жүдо бөх өрсөлдөгчдийн хэн нэг нь техникийн үнэлгээ автал үргэлжилдэг байснаа дөрвөн минут болсон. Ялагч нь хоромхон зуурт тодордог сүмо ахархан хугацаанд олон улсад хөгжиж, 3 минутаар гурван үе өрсөлддөг холимог тулаан 12 үе зодолддог боксоос илүүтэй олон нийтийн анхаарлыг татаж байна. Иймэрхүү жишээг спортын өөр олон төрөл дээр дурдаж болно.

ИЛҮҮ ХЭРЦГИЙ ЗАЛУУ ҮЕ

Спортын нэг гол ач холбогдол нь хүний хүч боломжийг шавхан харуулах явдал байдаг. Энэ чиг хандлага ирээдүйд ч үргэлжлэх төдийгүй илүү хэцүү сорилуудыг бодож олох гэнэ. Нэгэн үе марафоныг спортын хамгийн хүнд төрөл гэж үздэг байсан бол орчин үед хүний хүчин чадлын хязгаарыг дэнслэх тал дээр хамаагүй илүү төрлүүд бий болжээ. 


Марафон 42 км 195 метр гүйдэг бол триатлоны классик даалгавар нь 3.86 км сэлж, 180 дугуйгаар уралдсаны дараа залгуулаад 42 км 195 метр гүйдэг байх жишээтэй. Боксоос илүү хэрцгий холимог тулаан одоо хүмүүсийн сонирхлыг хамгийн их татаж байгаа бол оролцогчдоосоо “Үхсэн ч гомдолгүй” гэж гарын үсгийг нь аваад 90-110 градусын саунд хэр удаан суухыг нь үздэг гэх мэт харгис төрлүүд нэмэгдсээр л байна.   

22-ТОЙ АХМАД ТАМИРЧИН 

Спортын ирээдүйн талаарх таамаглалуудын зарим нь биелэхгүй байж болох ч ялалт, дээд амжилтуудыг 20-иос доош насныхан өмчилдөг болно гэдэгт футурологичид санал нэгтэй байна. Өөрөөр хэлбэл, спортын амжилтад туршлага харьцангуй бага нөлөөлдөг болох ажээ. Өнгөрсөн зуунд тамирчид 40 хүртлээ өндөр түвшинд өрсөлдөх боломжтой байсан бол одоо 30 гараад л зодог тайлдаг болсон. Яваандаа 22 настай тамирчныг харьж яваа гэж тооцдог болох гэнэ.

ХОЛИМОГ МООД

Спортын хөгжлийн ирээдүйн таамаглалд биелэх магадлалаараа дээгүүрт орж буй бас нэг таамаглал нь дан ганц нэг хүйсийнхэн өрсөлддөг спорт үгүй болох тухай юм. Өнгөрсөн зуунд спортын олон төрөл дан ганц эр хүйстний эрхшээлд байсан. Одоо бол бараг уран сайхны сэлэлтээс бусад нь хоёр хүйстний эрхшээлд орсон байна. Тэгвэл илүү сонирхолтой болгох дараагийн алхам нь юу байх вэ гэдэгт ирээдүйг зөгнөгчид “Хүйсийг холих” гэж хариулж байна. Холимог тэмцээн нь одоогоор биатлон зэрэг цөөхөн төрөлд хэрэгжиж байгаа бөгөөд цаашдаа улам олшрох гэнэ. Хөлбөмбөг, хоккейн ДАШТ эрэгтэй, эмэгтэй төрлөөр болдог байсан бол холимог багийн төрлөөр явдаг болно гэсэн үг юм байна.   

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН "БАЯРТАЙ"

Спортыг үзэгчдээс салгаж ойлгох аргагүй. Тиймээс л спортод өрсөлдөөн чухал боловч түүнийг хэрхэн үзүүлэх вэ гэдэг нь түүнээс ч дутахгүй чухал юм. Ирээдүйд энэ тал дээр өрсөлдөөн жинхэнэ утгаараа өрнөх бөгөөд үр дүнд нь үзэгчид өөрсдийгөө өрсөлдөөний идэвхтэй оролцогч мэт мэдрэх боломжийг олгох спортын төрлүүд гарч ирэх гэнэ.


Тэмцээнийг хажуугаас нь, тэр бүү хэл талбай дотроос үзэж байга мэт мэдрэмжийг төрүүлэх Google glass маягийн төхөөрөмжүүд гарч ирсний дараа тэмцээнийг заавал цэнгэлдэхэд үзэх албагүй болох аж. Эртний Грекийн үеэс хойш бий болсон спортын дэд бүтэц үндсээрээ өөрчлөгдөн цэнгэлдэх хүрээлэнгүүд ашиггүй болж үйлчилгээний ажилтнууд ч үгүй болно. Энэ үйл явц аль хэдийн эхэлсэн бөгөөд зогсоох ямар ч боломжгүй ажээ.  

ДУРТАЙ ГАЗРАА ХИЧЭЭЛЛЭ

Технологийн хөгжил хүмүүсийг хаа байгаа газраасаа тэмцээнд оролцох боломжийг олгож байна. Тамирчид, сонирхогчдыг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар нэгтгэж өрсөлдөх боломж улам нэмэгдсээр байгаа бөгөөд хүн төрөлхтний амьдралын нэг хэв маяг болох нь бараг л тодорхой болоод буй юм.


Гүйлтийн ухаалаг төхөөрөмжөөр “зэвсэглэсэн” тамирчин гэрээсээ дэлхийн аль ч зам дээр уралдах боломжтой. Тухайн замын байдал, ачааллыг гүйлтийн зам дээр тохируулсан тул яг бодит байдалд хэчнээн хүч гарах ёстой тэрийг гаргаж байж л туулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Ингээд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн нэг зам дээр нэгэн зэрэг уралдах бөгөөд тэд урдах замаа төдийгүй бусад өрсөлдөгчөө ч харж хянах боломжтой юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.220
    2023/06/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах