Францын Ерөнхийлөгч Э.Макрон огцрох уу

Zuv.mn
2023/07/02

Франц улсад эмх замбараагүй байдал дэгдэж, үймээн самуун газар авч байна. Цагдаа нар Парисын бослогыг дарж чадсан ч Марсельд одоо ч иргэд, цагдаагийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна гэх түгшүүртэй мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл улс нь ингэж хямарч байхад Ерөнхийлөгч Э.Макрон огт тоохгүй байна гэсэн мэдээлэл францчуудыг бухимдуулаад байна. 

Франц даяараа уйлаан майлаан, нус нулимсандаа холилдож, шатаж байхад тэрбээр Элтон Жоны концерт үзэж байсан гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэдийг бухимдуулжээ. 

Бид уншигч та бүхэндээ  "Macroeconomic Research" судалгааны төвийн тэргүүн Кристофер Дембикийн өнгөрсөн оны сүлээр бичсэн "2023 оны таамаг"-т багтаасан нэгэн таамналыг нь хүргэж байна. Тэрбээр энэ жил Э.Макроныг огцорно гэж таамагласан юм.  

Э.Макрон “Европын үнэтэй мөрий” тавих ч хожих эсэх нь баталгаагүй байх болно

“Брексит”-ийн дараа Европын холбооны лидерийн үүрэг Германаас Францад шилжсэн билээ. А.Меркелийн явуулж байсан, алдаа оноотой бодлого хоёрдугаар эгнээнд байсан Францын хувьд зөв санааг дэвшүүлэх боломжийг олгож, байр суурийг нь бэхжүүлсээр тэргүүлэгчийн байр сууринд гаргаж ирсэн гэж ч дүгнэж болно.

Гэтэл төрөлх Францаа Европын холбоотой хамт  илбэн тохинуулах учиртай Ерөнхийлөгч Макроны улсдаа тогтоосон нөлөө А.Меркелийн Германд тогтоож байсантай зүйрлэшгүй сул буй нь асуудал үүсгэж байна.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон ч дараа сард нь болсон Парламентын сонгуульд эвсэл нь олонх болж чадаагүй. Үр дүнд нь зүүний үзэл баримтлалтай NUPES эвсэл, Марин Ле Пен тэргүүтэй хэт барууныхны эрх мэдэл батжиж, 2023 оны төсөв болон амин чухал олон хуульд нөлөөллөө. Түүний хийе гэж зорьсон, үнэндээ ч маш чухал Тэтгэврийн шинэчлэл одоогийн энэ байдлаар бол явахгүй гэдэг нь тодорхой болсон.

Улс төрийн өрсөлдөгчидтэйгээ зөвшилцөөд яваад байх нь түр хугацаанд гал намжаасан хэрэг болохоос урт хугацааны шийдэл биш. Тиймээс Э.Макрон одоо Парламентаа тарааж, эрх мэдлээ батжуулж авах боломжийн талаар нухацтай бодож байна. Франц хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс тул ийм боломж бий. Гэтэл нам нь дахиад ялагдвал яах вэ. Шинээр зарлах сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрыг Марин Ле Пен тэргүүлэх бүр илүү муу хувилбар ч бий. Марин Ле Пен бол Европын холбооны эсрэг үзэлтэн гэдгээ хэнээс ч нуудагггүй нэгэн. Энд Европын холбооны цаашид оршин байх эсэх асуудал сөхөгдөж, Зүүн Европын улсуудыг ОХУ руу тавиад туучих ч эрсдэл үүснэ. Дэлхийн дэг журмын асуудалд тулж очно. Гэсэн ч дэг журмыг өөрчилж болохгүй гэдгийг иргэд нь сэтгэлийн гүндээ ойлгож байгаа гэж найдаад аз туршихаас аргагүй.

Тиймээс Э.Макрон ардчилсан Франц улсыг үндэслэгч Шарль де Голлийн жишээг дагаж, 2023 оны эхээр гэнэт огцрохоо зарлана гэж К.Дембик таамаглажээ. “Франц улс шинэ Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байх зуурт Э.Макрон гарааны бизнестэй болох олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр сууна. Гэхдээ Засгийн эрхийг авах санаагаа орхихгүй. Франц улс улс төрийн хямралд орох үеэр ард олны итгэл дахин өөр рүү нь эргэж, улмаар илүү хүчтэй эргэж ирнэ гэж найдах болно” гэж К.Дембик бичжээ.

Э.Макроны зохиол ёсоор бол, түүнийг явсны дараа Марин Ле Пен Елисейн ордныг эзэгнэж болох ч Европын холбоонд тогтворгүй байдал үүсгэж, еврогийн ханшийг савлуулна. Улмаар ард түмний санаа бодол  популистуудын эсрэг эргэж, Э.Макроныг санагалзаж эхлэх ёстой аж.

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна