Хоёрдугаар фронт буюу МЭДЭЭЛЛИЙН ДАЙН

Zuv.mn
2023/07/04

Жил гаруйн өмнө... ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлээд сар гаруй болж байх үед Украинчууд сөрөг довтолгоо эхлүүлж, Бурча хотыг буцааж авсан юм. Украинчууд ОХУ-ын цэргүүдэд эзлэгдсэн хот сууринг буцааж авсан анхны тохиолдол нь энэ байсан бөгөөд тэндээс мэдээллийн дайн нь орчин үеийн дайны салшгүй нэг хэсэг болохыг олон нийт ойлгож авцгаасан юм. 

ОХУ-ын цэргүүд Украины Бурча хотыг орхиж гарахдаа энгийн номхон иргэдийг олноор нь харгислаж хөнөөсөн тухай мэдээлэл барууны хэвлэлүүдээр нэгэн зэрэг цацагдаж, уг мэдээлэл худал болохыг харуулсан нотогоонууд ОХУ-ын цахим хуудсаар гарч... 

Үр дүнд нь Бурчад яг юу болсон нь тодорхойгүй үлдэв. Аллага үйлдсэн гэмтнүүд гэж мэдээлэгдсэн оросууд өөрсдөө энэ асуудлаар шуурхай хуралдаан зарлахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандсан нь олон нийтийг бүр ч төөрөгдүүлсэн. Гэхдээ одоо ихэнх нь "Энэ бол мэдээллийн дайны нэг хэсэг" гэдгийг мэддэг болжээ. Харамсалтай нь, олон нийт энэ дайны гол өртөгч нь бөгөөд эцэстээ аль, аль талд нь итгэхгүй болдог. Харамсалтай нь, мэдээллийн аль нэг талд нь итгэх, аль эсвэл хоёуланд нь итгэхгүй байсан ч сөргөлдөгч талуудад аль, алинд нь дураараа авирлах боломж өгч байдаг.   

Өмнө нь төдий ашиглагдах бололцоо хомс байсан энэ “зэвсэг” техник технологийн боломжийг дагаж хөгжсөөр ОХУ-Украины дайнд жинхэнэ дайнаас дутахгүй чухал болоод байна. Бид энэ удаа “Хоёрдугаар фронт” гэгдсэн мэдээллийн дайны сэдвийг онцолж байна.  

Мэдээллийн дайн үнэн бодит байдлыг мэдэх боломж өгдөггүй

Өмнөтгөлд өгүүлсэн Бурчагийн хэрэг явдлаас жишээлье л дээ. Тэнд чухам юу болсныг хэн ч мэдэхгүй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаад ч мэдэж чадахгүй тул ажлын хэсэг, шинжээчдийн баг байгуулж шалгуулах дээр санал нэгдэх магадлал өндөр. Гэхдээ ингэлээ ч ажлын хэсгийн дүгнэлтэд итгэх эсэхээ мэдэхгүй нөхцөл үүснэ гэдгийг урьдчилаад мэдрэх жишээтэй. Товчхондоо мэдээллийн дайн гэдэг бол дайны үйл явц, оролцогч талуудын байдлын талаар өөрт ашигтай байдал үүсгэхийг оролдох, тодорхой мэдээллийг идэвхтэй түгээх замаар өрсөлдөгч улсын цэрэг, энгийн иргэдэд нөлөөлөх оролдлого юм. АНУ-д энэ ажиллагааг "Мэдээлэл-сэтгэл зүйн дайн" гэж нэрлэдэг байна.


Мэдээллийн дайныг ашигласан анхны (баримтжуулсан) тохиолдол нь Синопын тулалдаанд (1853-1856 оны Крымын дайны үеэр) Оросын цэргүүд шархадсан турк цэргүүдийг далай руу хөөж оруулаад буудсан тухай мэдээлсэн Английн сонинууд байсан гэж үздэг юм.

Мэдээллийн дайн хийх аргууд

Мэдээллийн дайны ердийн арга бол ташаа мэдээлэл тараах, таагүй мэдээллийг таатай байдлаар хүргэх явдал юм. ОХУ-ын эсрэг явуулж буй барууны орнуудын арга барилаас жишээлэхэд В.Путины олон тансаг орд харшийн тухай мэдээллийг онцолж болно. Үнэн хэрэгтээ бол бүх л улс төрийн тэргүүнээ муугүй нөхцөл байдалд амьдруулдаг, илүү тансаг нь ч бий. Гэтэл В.Путиныг ингэж онцолсны цаана ард иргэдэд нь салангид, хаягдсан мэдрэмж төрүүлж, дотоодод төрийн эргэлт хийхэд бэлтгэх санаархал явж байдаг. Суртал ухуулга хангалттай хэмжээнд хийсний дараа өөрийн хүнээр бослого хөдөлгөөнд уриална.   

1946-1991 оны хүйтэн дайныг мэдээллийн дайны сонгодог жишээ гэж үздэг. ЗХУ задран унасан нь улс төр, эдийн засгийн шалтгаанаас гадна барууны орнууд сэтгэл зүйн зэвсгийг үр дүнтэй ашигласантай холбоотой гэж зарим судлаачид үздэг.

Мэдээллийн дайн явуулсан түүх

Дэлхийн нэгдүгээр дайнд дайсны хүн ам, цэргүүдэд нөлөөлөх хэвлэмэл хэрэгслийг анх удаа өргөнөөр ашиглажээ. Ялангуяа Их Британи бүр илүү ашигласан гэдэг. Тэд Германы цэргүүдийн байрлалд суртал ухуулгын хуудас тарааж, тэр нь нэлээд үр дүнтэй байсан тул Лондон ухуулах материалын агуулгыг боловсруулах чиг үүрэгтэй тусгай байгууллага хүртэл байгуулжээ. 


Дайны үр дүн Англид ашигтай гарахад энэ байгууллага багагүй нөлөөлсөн гэдэг. Энэ байгууллагад тухайн үедээ улсынхаа шилдэг сэтгүүлч, зураач, зохиолчид ажилладаг байв.

Гаднын хэвлэл унших, радио сонсох нь эх орноосоо урвасантай ижил шийтгэлтэй

Нацист Германы удирдагчид ч суртал ухуулгад гол ач холбогдол өгч байсан бөгөөд А.Хитлер нэгэнтээ “...Арми байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө дайсныг суртал ухуулгын аргаар сэтгэл зүйн хувьд зэвсэггүй болгох ёстой. Энэ нь байрлалын дайнд явган цэргийн довтолгооны өмнөх их бууны бэлтгэлтэй адил юм. Дайсагнасан ард түмнийг эхлээд сэтгэлзүйгээр мохоож, бууж өгөх босгон дээр авчирхыг эрмэлзэнэ. Үүний дараа л зэвсэгт тэмцэл эхлүүлбэл зохино” гэж хэлж байв. Нацистууд Европын жижиг орнуудыг яг энэ аргаараа ямар ч эсэргүүцэлгүй шахам эзэлсээр ЗХУ-ын хилд тулж ирснийг бид мэднэ.

Суртал ухуулга нь зөвхөн дайсандаа биш, дотоодод ч маш чухал байсныг Германы жишээнээс харж болно. Геббельсийн удирдсан хэлтэс цэргүүдийнхээ урам зоригийг худал хуурмаг мэдээллээр л тогтоон барихад хүрсэн бөгөөд фронт дээр болж буй үйл явдлын талаарх үнэн бодит мэдээллийг нуудаг байв. Дотоодын радиогоор хуурамч мэдээлэл цацаж, гаднын улсын радио сонсохыг эх орноосоо урвасантьай адил ялт хэрэг гэж тооцож байсан нь мэдээллийн дайн ямар чухал байсныг харуулах нэг баталгаа биз ээ. 


Мэдээллийн дайнд ЗХУ ч идэвхтэй оролцсон. Зөвлөлтийн мэргэжилтнүүд Германд ашигладаг давтамж дээр синхрон нэвтрүүлгийг боловсруулсан бөгөөд шууд нэвтрүүлгийн үеэр нацистын радио нэвтрүүлгийг шууд дарж,  нэвтрэн орох боломжтой болгосон ба улс нь дайнд ялагдаж, их хохирол амсаж байгаа мэдээг Геббельстэй маш ижил дуу хоолойтой хүнээр уншуулан цацдаг байв. Үр дүнгээ ч хангалттай өгсөн гэдэг.

В.Путин Украин руу цэрэг оруулахаасаа өмнө барууны хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТББ-уудтай дайн зарлаж, ихэнхийг нь урьдчилаад хааж авсан нь ийм учиртай юм. 

Вьетнамын дайнд мэдээллийн хээгсэл ашигласан нь

Мэдээллийн дайн, суртал ухуулгын тал дээр хамгийн их амжилт олсон улс бол АНУ юм.  Жинхэнэ дайны талбар дээр ихэвчлэн бүтэлгүйтэж, хүн хүчний алдагдал хүлээж байсан ч мэдээллийн дайны тал дээр амжилт олж, өөртөө ашигтай байдал үүсгэж чадаж байсан юм.  нэлээд их байсан. АНУ 1956 онд Солонгосын дайны үеэр Зэвсэгт хүчний сэтгэл зүйн дайны тэнхимийг Дайны тусгай аргын хэлтэс болгож өөрчилсөн бөгөөд мэдээллийн дайны ажиллагааг тус хэлтэст хариуцуулжээ. Энэ хэлтэс ач холбогдлоо Вьетнамын дайны үед хангалттай нотлон харуулсан юм.

Америкчууд Вьетнамд хэрэгжүүлсэн ажиллагааг боловсруулахдаа вьетнамын партизаны сэтгэлгээг харгалзан үзсэн бөгөөд ширэнгэн ойд нуугдаж буй вьетнам партизаныг ёс суртахууны хувьд ядрахын тулд нисдэг тэрэгнээс суртал ухуулгын тасралтгүй нэвтрүүлэг зохион байгуулсан гэдэг. Үүний зэрэгцээ аймшгийн хашгираан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн уйлах, буддын шашны оршуулгын хөгжим болон бусад дуу чимээг гаргаж, сэтгэлзүйг нь мөхөөх арга хэрэглэж байв. Вьетнамд АНУ хэдий ялагдсан 250 мянга орчим вьетнамчууд сайн дураараа зэвсгээ хаян бууж өгсөн нь мэдээллийн дайны шууд нөлөө байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.165.180.125
    2023/07/05

    udakhguu Ukran duusan aa, Mungund EX,USA tseg tavj ekhelsen europiin ornuud 60-70% eserguutsej,boslogo, tsuglaan khiij buun yum bolj bn

    Хариулах