Улаанбаатар хотын барилгын чанарт үер, газар хөдлөлтөөс гадна Хятадын цемент “заналхийлж” байна

Zuv.mn
2023/07/10

-Барилгын чанар сайжруулах нь гамшгийн бэлэн байдал сургуулилахаас илүү чухал-

Үргэлжлэн орсон усархаг бороо, үерийн гамшиг Улаанбаатар төлөвлөлтөөс гадна барилгын чанарт онцгой анхаарах цаг болсныг санууллаа. Тиймээс хууль бус үйлдэлтэй барилгын компаниудын асуудал нийгэмд хүчтэй нөлөөлж байгааг ашиглаад барилгын чанарт онцгой нөлөөтэй түүхий эд болох цементийн зах зээлд үүсээд буй тулгамдсан асуудлыг хөндөж байна.

Төрийн зуурсан "бантан" цементийн зах зээлийг хямраажээ

Төр ”Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагааг доголдуулсныхаа дараа БНХАУ-ын импортын цементэд ногдуулсан импортын татвараа тэглэж, уснаас хуурай гарч байсан. Тэгвэл “Дотоодын ААН-үүдийн үйлдвэрлэсэн цементийн үнэ өндөр байна, “Хятадаас цемент оруулж ирье” гэсэн суртал ухуулга явуулж байгаад дотоодын үйлдвэрлэгчдэд тавьсан хамгаалалтаа авч хаясан бололтой. Ойрноос зах зээл дээр хятад цемент эрс элбэгшжээ.

44 буюу Гурвалжингийн гүүрний доор байрлах цементийн худалдаагаар орж үнэ ханш сонирхоход хятад цемент орж ирж байгаа нь үнэн байна. Худалдаачид “Маргааш ирнэ”, “Нөгөөдөр бууна” гэлцэн ярилцах нь өдөр бүр вагон, вагоноороо орж байгааг илтгэх аж.

Цементийн худалдаа эрхэлдэг А-тай /нэрийг өөрчлөв/ уулзаж цементийн үнэ ханш, олдоц, чанарын баталгааны талаар ярилцав. Түүний хэлснээр, 44 дээр хятад цемент тогтмол бууж байгаа. Үнийн хувьд, вагоноос ачих, агуулахаас ачихаас шалтгаалаад 370-380 мянган төгрөгийн үнэтэй. Монголын “МАК цемент” ХХК-ийн цемент агуулахаасаа 414.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ.

Өнгөрсөн жил, Засгийн газар Хятад цементэд ногдуулдаг импортын татварыг хүчингүй болгосны дараа БНХАУ-аас орж ирсэн эхний ээлжийн цемент лабораторийн шинжилгээ, чанарын шалгалтад унаж байсан /зургаар харуулав/.


Тиймээс энэ удаад лабораторийн шинжилгээ, чанарын шалгалтыг хийхгүй байгаа бололтой. Чанарын шинжилгээний бичиг шаардахад “Хятад цемент үйлдвэрийнхээ хятад бичигтэй л ирж байгаа” гэсэн хариултыг өгч байв. Итгэхгүй, “Хилээр орж ирэхэд манайх чанарын шалгалт, шинжилгээ хийж байгаа биз дээ. Тэр бичиг нь байна уу” гэж дахин дахин лавлахад ч “Байхгүй ээ. Үйлдвэрийнх нь хятад хэл дээрх бичиг л байгаа. Харин манай дотоодын үйлдвэрийн цементүүд таны шаардсан чанар баталгаажуулсан бичигтэй” гэж хариулсан юм. “Ядаж ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн нь тодорхой юм байгаа биз дээ” гэж асуугаад “Тунхуй...” гэсэн хариу дуулав.  

ГЕГ хилээр орж ирж байгаа цементийг сайтар шалгах боломж хомс байдаг

Манай улс БНХАУ-аас цемент импортлохдоо зөвхөн гарал үүслийн бичгийг үндэслэдэг аж. Тодруулбал, БНХАУ-ын үйлдвэрүүдээс манай стандарттай ойр цемент үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийг сонгоод импортлох зөвшөөрөл өгдөг ажээ. Гаалийн ерөнхий газрын эх сурвалжаас энэ асуудлаар тодруулахад “Хилээр орж ирж байгаа цементийг сайтар шалгах боломж хомс байдаг. Тиймээс үйлдвэрээс нь олгосон чанарын баталгааны бичгийг үндэслээд хилээр нэвтрүүлдэг. Гаалийн байгууллага хууль, журам хэрэгжүүлж ажилладаг газар. Өөрсдөө шинэ, хууль журам гаргаад шалгаад байх боломжгүй” гэсэн хариулт өгөв.  

Тэгэхээр, стратегийн бүтээгдэхүүн болох цемент БНХАУ-аас үйлдвэрийн бичгээр л хил нэвтэрч байгаа аж. Үндсэндээ 2015 оноос өмнөх буюу манайх дотоодын үйлдвэрүүд баригдаагүй байх үеийн нөхцөл байдалдаа эргэж очжээ. Тэр үед авья гээд ч дотоодын цемент ховор байсан бол одоо сонголт байсан ч тонн тутамд 30 орчим мянган төгрөгөөр хямд гэдгээрээ хэрэглэгчдийг татаж байна.

Хятадаас цемент орж ирээд цементийн үнэ хямдарсангүй

Барилгын компаниуд руу утас цохилоо. Монголд барилгын цементийн ихэнхийг бетон зуурмагийн үйлдвэрүүд хэрэглэдэг юм байна. Барилгын компаниуд цемент худалдаж авахаа бараг больжээ. Компанийн эздийн ярих нь, бетон зуурмагийн үнэ буугаагүй гэнэ. Гурван ч бетон зуурмагийн үйлдвэртэй холбогдож асуухад монгол цементээ хэрэглэдэг, үнийн тухайд, марк, хэмжээ, байршлаас хамаараад хэлбэлзэл өндөр гардаг гэдэг хариултыг өгөв. Тодруулбал, 250 маркийн бетон 1м3 нь 280,000-300,000, 300 маркийнх нь 329,000-340,000, 450 маркийнх 570,000-600,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Хачирхалтай нь, холбогдсон бетон зуурмагийн үйлдвэрүүд дотор хятад цемент хэрэглэдэг үйлдвэр нэг ч байсангүй. Зарим нь “Манайх хятад цемент хэрэглэдэггүй ээ” гэх нэг нь байхад “Өө тэрийг ёстой мэдэхгүй. Манай стандартад тохирох үгүйг мэдэхгүй болохоор авч байгаагүй. Ер нь бетоны чанар цементнээсээ гадна тухайн үйлдвэрт ашиглагдаж байгаа элс, хайрга гэх мэт бусад түүхий эдтэйгээ хэр тохирч байна вэ гэдгээс шалтгаалдаг юм. Хайрганы тоосжилт, элсний ширхэглэг гээд хамаарах зүйл их байдаг” хэмээн тайлбарлаж өгөх нь ч байна.


Эндээс нэг талаараа бетон зуурмаг үйлдвэрлэгчид үндэсний үйлдвэрийн цементээ хэрэглэж дассан гэдэг нь харагдаж байгаа ч нөгөө талаар “тэгвэл хилээр орж ирсэн хятад цемент хаачдаг хэрэг вэ” гэсэн эргэлзээ төрүүлэх аж. Барилгын компани, гааль, бетон зуурмагийн үйлдвэр гээд салбарын байгууллагуудтай холбогдох явцад “Хятад цементийг хязгаарлахгүй л бол чанарын баталгаагүй хятад цемент хаана, хэрхэн хэрэглэгдэж байгааг хянах ямар ч боломжгүй юм байна” гэсэн бодол төрж байв. Шалтгаан нь шунал.

Өнгөрсөн жил тонн цементийн үнэ 600 000 төгрөгт хүрэхэд Засгийн газар импортын 20 хувийн татварыг тэглэсэн. Тэр үед орж ирсэн /лабораторийн шалгалтаар OPC 42.5 маркийн чанарын шаардлага хангахгүй болох нь батлагдаж, маш муу үнэлгээ авсан/ хятад цемент 570,000 буюу үндэсний үйлдвэрийн цементээс 30,000 төгрөгөөр хямд зарагдаж байсан.

Одоо ч “Эрээнд нэг тонн нь 147,000 төгрөг байна” гэж сурталдаад байсан хятад цементийн үнэ 380,000 төгрөг буюу үндэсний үйлдвэрийн цементээс 30 орчим мянган төгрөгөөр л хямд байна. Түүнчлэн, хятад цемент маш их хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа хэр нь барилгын хэрэгцээний ихэнхийг нийлүүлдэг бетон зуурмагийн компаниудаас хэрэглэгч олдохгүй байгаа нь хачирхалтай.  

Барилгын чанар, стандарт бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой амин чухал салбар, цемент бол түүний гол орж, стратегийн бүтээгдэхүүн. Бид элс, хайрга, арматур, цемент дөрвөөс цементийг дотооддоо үйлдвэрлэж байна. Тэгвэл ядаж дотоддоо үйлдвэрлэж байгаа, хараат бус байгаа бүтээгдэхүүн дээрээ үндсэрхэг үзлээ гаргах цаг ирсэн гэдгийг ойр, ойрхон нэрвэх гамшгууд бидэнд хангалттай ойлгуулж байна.  


Монголд өнөөдөр барилгын чанар хамгийн тулгамдсан асуудал болчихлоо. Нийслэл хот маань үерт өртөмхий, усанд автамхай /Үерийн үеэр гамшгийн хэмжээнд хүргэх хэмжээний хур тунадас унаагүй/, газар хөдлөлтөд өртөмхий болж байна. Одоогоос сарын өмнө Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ хамтран зохион байгуулсан “Барилга байгууламжийн чанарын зөвлөгөөн-2023” форумаар газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл өндөр байгаа тул барилгын чанарт онцгой анааръя гэж бүгд ярьж байсан ч бодит байдал дээр гарал үүслийн хятад бичгээс өөр барьцгүй хятад цемент вагон, вагоноор орж ирэн зарагдаж, хүмүүс худалдаж авсаар байна.

Тэгэхээр, төр засаг, хилийн лаборатори, хяналтын тогтолцоонд итгэхээсээ илүүтэй өөрсдөдөө итгэж, өнөөдрийн ашиг хонжоо биш эрсдэлээ тооцож ирээдүйг харсан ухаалаг шийдвэр гаргах шаардлага бидний өмнө зайлшгүй тулгарч байна. Бетон зуурмаг эрхлэгчид ч тэр, барилга барьж буй ААН, иргэд ч тэр, алсаа бодож, өнөө маргаашийн хэдхэн төгрөгийн ашиг хонжоо бодолгүй, алсаа харсан шийдвэр гаргах цаг иржээ.

Барилгын чанар сайжруулах нь гамшгийн бэлэн байдал сургуулилахаас илүү чухал, үр дүнтэй нь мэдээж шүү дээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.130
    2023/07/15

    Хятад цемент хаа сайгүй зарагдаж байгаа. Мак, Мон цементний уутанд уутлагдаад ч зарагдаж байж магадгүй. Манайхан аюултай шдээ. импортыг зогсоох хэрэгтэй

    Хариулах
  • 174.162.132.88
    2023/07/10

    Хятад бичгэн дээр нь Стандарт гэж юмнаас нь шаардлага хангасан,хангаагүй эсэх нь мэдэгдэхгүй бол аюултай ш дээ.Барилгын зориулалттай биш өөр зориулалтын цемент бол яах болж байна.Маш олон янзын цементийн марк байдаг гэсэн.Хөтөлийн цементээр доогуур чанартай бол огт хэрэггүй баймаар юм даа,зөвхөн явган хүн,дугуйтай хүний замд зориулсан цемент ч байж мэдэх.

    Хариулах
  • 202.126.89.44
    2023/07/10

    MonTsemenT

    Хариулах
  • 66.181.161.46
    2023/07/09

    Маш зөв сэдвийг хөнджээ

    Хариулах