ХАРДЛАГА: Е.Пригожиний үхлийн талаар одоогоор тодорхой байгаа баримтууд

Zuv.mn
2023/08/24

“Вагнер” хөлсний армийг /Албан ёсны нэр нь “Вагнер” хувийн цэргийн компани-Частная военная компания “Вагнер”/ үүсгэн байгуулагч, удирдагч Евгений Пригожин Тверь мужид онгоцны ослоор амиа алдсан болох нь албан ёсоор батлагдав. Түүний үхлийн талаар анх “Бид Оростой хамт” хөдөлгөөний тэргүүн Владимир Рогов анх “Вагнер”-ын дотоод эх сурвалжаас авсан хэмээн олон нийтэд анхлан цацсан ч албан ёсны мэдээлэл гараагүй байсан юм. Тэгвэл гурван цаг гаруйн өмнө Холбооны улсын Агаарын тээврийн агентлаг ослоор амиа алдагсдын нэрсийг зарлахад түүний нэр орсон байна.

Бизнес ангиллын Embraer-135 онгоцонд түүнтэй хамт “Вагнер”-ын бас нэгэн гол удирдагч Дмитрий Уткин сууж явсан аж. Түүнээс гадна Николай Матусеев, Валерий Чекалов, Александр Тотмин, Евгений Макарян, Сергей Пропустин, хөлгийн багийн гишүүд болох хөлгийн дарга Алексей Левшин, хоёр дахь нисгэгч Рустам Каримов, бортпроводник Кристина Распопова нар амиа алджээ.

АМИА АЛДАГСДЫН ЦОГЦОС БҮГД ОЛДСОН

Онгоцны үлдэгдэл дотор сууж явсан хүмүүсээс дутуу цогцос байсан гэсэн мэдээлэл цацагдаад байсан нь албан ёсны эх сурвалжаар үгүйсгэгдлээ. Газар дээр хийсэн ажиллагаагаар 10 цогцсыг бүгдийг нь олжээ. Гэхдээ үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Цогцоснууд маш их шатаж гэмтсэн тул танихад ДНК шинжилгээ хийх шаардлагатай гэнэ.


Осолдсон Embraer-135 онгоцыг “МНТ-Аэро” гэх компани эзэмшдэг бөгөөд энэ компани бизнес ангиллын нислэгүүд зохион байгуулдаг аж.  

ОСЛЫН ШАЛТГААНЫ ТААМАГЛАЛ

Мэргэжлийн байгууллагууд ослын шалтгааныг хэд, хэдэн янзаар таамаглаж байна. Оросын мөрдөн шалгах хороо /Следственный комитет России СК РФ/ нисэгчийн буруутай үйлдэл, онгоцны техникийн бүрэн бус байдалтай холбоотой гэж үзэн, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн бол Оросын агаарын тээврийн албан ёсны комисс мөн хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэдний шалгалтаар бол Embraer-135 нь үзлэг оношилгоо, засварт цаг тухайдаа ордог, тэдний зүгээс тавьдаг шаардлагуудыг хангасан онгоц байсан аж.

Embraer-135 хөлөг Москвагаас Санкт Петербург рүү нисэж байжээ. Гэрчүүдийн ярьснаар, онгоц унахаас өмнө хоёр удаа тэсрэлт болж байгаа мэт дуу сонсогдсон гэнэ. Үүний дараа онгоц удирдлагаа алдаж, Кужекино хэмээх орхигдсон фермийн орчимд модны цаагуур далд орсон гэнэ. Дараа нь энэ бичлэг мөн интернэтэд тавигджээ.  

ХАРДЛАГА

Евгений Пригожин гэмт хэрэгтнээс хоолны салбарын бизнесмэн, улс төрчдийн тогооч, В.Путины анд нөхөр, хөлсний армийн удирдагч болтлоо “томорсон” нэгэн. Улмаар улсдаа тэрсэлсэн үйлдэл гаргаж, олон улсын анхаарлыг татаж байв. Түүний үхлийн талаар мэдээлэл цацагдахад ч, албан ёсны эх сурвалж батлахад ч “Үхсэн”, “Үхээгүй”, “Алсан”, ”Алаагүй” гэсэн таамаглал хөвөрч байгаад гайхах зүйлгүй. Энэ таамаглалд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүртэл оролцож, “В.Путины оролцоогүй юм гэж ОХУ-д ховор” хэмээн байр сууриа илэрхийлээд амжжээ.

Түүнчлэн, хэзээ нэгэн цагт алуулах магадлалтай тул хуурамч үхэл зохион байгуулсан байж мэднэ гэсэн таамаг ч байна. 

Ямартай ч, бослого дэгдэх үед түүнийг В.Путины заавраар албаар зохион байгуулсан гэсэн таамаглал бага ч болов байсан. Учир нь, тэрбээр Украинаас ухарсны дараа "Вагнер"-ын хөлсний дайчид ашигтай байрлал буюу Беларусьт шилжиж, болзошгүй "дараагийн бай" болох Польшийн хилийн ойролцоо байрласан юм.  Е.Пригожин үхсэн нь үнэн бол энэ таамаг үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын армид асуудал байсан нь нотлогдож байгаа юм. 

       



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна